Төмөр замын бодлогын шинэтгэлд юу хэрэгтэй вэ?

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Төмөр замын бодлогын шинэтгэлд юу хэрэгтэй вэ?

УИХ-ын бүтцийн байгууллагуудаар Монголын төмөр замыг шинэчлэх, Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын төслийг хэлэлцэж байна. УИХ-аар хэлэлцэж эхлээд удаагүй байгаа Төмөр замыг шинэчлэх, Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын төслийн талаар гишүүд ямар байр суурьтай байгааг цувралаар хүргэж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүд төмөр замын сүлжээ буюу хойшоо, урагшаа чиглэл болон өргөн, нарийн царигийн аль нь Монголд ашигтай вэ гэсэн асуултад хариулт өгөх юм.

Уншигч танд сануулахад, манай сайт Төмөр замын бодлого, шинэчлэлийн асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг явуулж байгаа бөгөөд үүнд хүн бүхэн нээлттэй оролцож, www.ardiin_mongolnet.mn болон info@news.mn гэсэн цахим хаягаар санал бодлоо ирүүлэх боломжтой юм.

УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн:

-Одоо манай нутаг дэвсгэр дээгүүр явж байгаа төмөр замын цариг бол өргөн. Хойд хөрш ОХУ өргөн царигтай замтай. Урд хөрш БНХАУ нарийн царигтай замтай. Манай бүтээгдэхүүн аль аль хөршөөрөө дамжиж гадагш гарна. Монгол Улсын далайд гарах гарц бол хоёр хөрш.Түүнийг бодолцож төмөр замын царигийг өргөн, нарийн хосолсноор төлөвлөх ёстой. Хамгийн түрүүнд эдийн засгийн утгаар нь асуудлыг авч үзэх хэрэгтэй. Улс орны эдийн засгийг цааш авч явах хоёр гол орд бол Оюутолгой, Тавантолгой болж байна. Тэндээс гарах бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах арга замтай төмөр замын бодлогоо уялдуулах ёстой. Юуны  өмнө эхлээд Оюутолгойн ордыг түшиглүүлсэн уул уурхай-металлургийн цогцолбор, Тавантолгойг түшиглүүлсэн уул уурхай-эрчим хүчний цогцолборыг барьж байгуулах ёстой. Эдгээрийг барьж байгуулахын тулд техник, тоног төхөөрөмж, том оврын тоноглолуудыг гаднаас оруулж ирнэ. Энэ бүхнийг бодолцож төмөр замын бодлогоо гаргах ёстой.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж