“Эв нэгдлийн элчийг ард нийтээрээ тодруулъя” хэлэлцүүлгийн үр дүнг Бага хурлын долдугаар хуралдаанаараа хэлэлцүүлэн Монгол Улсын хөдөлмөрийн баатар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлэхээр тогтсон аж. Бага хурлын явцад МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар өрсөлдсөн бөгөөд анхны санал хураалтаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан 17 хүний буюу долоон хувийн санал, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол 28 хүний буюу 12.5 хувийн санал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ болон Монгол Ардын Намын дарга бөгөөд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нар тус бүр 41 хувийн буюу 91 хүний саналаар тэнцсэн байна. Ийнхүү эхний санал хураалтаар хэн нь ч 50 хувьд хүрээгүй ч хамгийн их санал авсан хоёр нэр дэвшигчийг саналын хуудаст үлдээн хоёр дахь саналыг авчээ. Хоёр дахь санал хураалтаар Бага хурлын нийт 227 гишүүн санал өгснөөс УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Монгол Ардын намын дарга бөгөөд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нар тус бүр 113 хүний санал авчээ. Харин гурав дахь удаагаа санал хураалт зохион байгуулахад нийт 226 төлөөлөгч оролцож Бага хурлын 117 гишүүн УИХ-ын гишүүн буюу есөн төлөөлөгч УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэд илүү санал өгсөнөөр МАН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны ээлжит сонгуульд нэр дэвшигч тодорсон байна.
Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ “Ардчилалын үнэт зүйл, шударга ёсны илэрхийлэл бол сонгууль байдаг. МАН-аас хамгийн түрүүнд Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулж байна. Тиймээс бусад нэр дэвшигчиддээ болон сонгуулийн штабд хандан хэлэхэд шударга, маргаангүй сонгууль зохион байгуулах зарчмыг барьж ажиллана. Мөн ард түмнийхээ шударга ёс, эв нэгдлийн илэрхийлэгч байж ажиллана гэж бодож байна” гэлээ.