Тус комиссоос мэдээлснээр, гадаад улс орнуудад амьдарч байгаа монгол иргэдийн саналыг тухайн оронд суугаа Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан зургадугаар сарын 14, 15, 16-ны өдрүүдэд авахаар болжээ. Энэ хүрээнд, гадаадад ажиллаж амьдарч байгаа, сонгуулийн эрх бүхий иргэдийг Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулах, тэдний саналыг авах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий салбар комисс Монгол Улсаас гадаад улсад суугаа нийт 39 Дипломат төлөөлөгчийн газарт байгуулах юм байна.
Сонгуульд саналаа өгөх хүмүүс иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байх ёстой бөгөөд Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан гадаадад байгаа иргэдийн шинэчилсэн бүртгэлийг үргэлжлүүлэн хийж байна. Сонгуульд саналаа өгөх иргэд тавдугаар сарын 5-29-ний хооронд Дипломат төлөөлөгчийн газартаа биечлэн буюу факс, цахим шуудан, утсаар бүртгүүлж, санал өгөх эрхээ баталгаажуулахыг Гадаад харилцааны яамнаас сануулав.