Азийн аваргаас хоёр алтан медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2013.05.05-нд нийтлэгдсэн

Азийн аваргаас хоёр алтан медаль хүртлээ

2013 оны 100 буудалт даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Узбекстаны нийслэл Ташкент хотноо дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 5-ны өдрүүдэд болж байна. Тэмцээнд Монгол, БНХАУ, Япон, Энэтхэг, Казакстан зэрэг 12 улсын шилдэг даамчид өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн блиц, 100 буудалт даам зэрэг төрлүүдэд өрсөлдсөн байна. Манай улсаас 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг Ташкентыг зорьсон бөгөөд гол төрөл болох 100 буудалт даамын насанд хүрэгчдийн тэмцээнээс хоёр алт, нэг мөнгөн медаль хүртлээ.

Тэмцээний сүүлийн өдрүүдэд 100 буудалт даамын насанд хүрэгчдийн тэмцээн явагдаж эрэгтэй 28, эмэгтэй 16 даамчин Азийн аваргын төлөө өрсөлдлөө. Эмэгтэйчүүдийн гурав дахь удаагийн тэмцээнд 16 даамчин өрсөлдсөнөөс дэлхийн даамын холбооны мастер Э.Мандахнаран тэргүүлж, их мастерийн болзлыг биелүүллээ. Э.Мандахнарангийн хувьд өнгөрсөн жил хүрэл медаль хүртэж байсан. Энэ төрөлд Хятадын тамирчид мөнгө, хүрэл медалийг хүртсэн байна. Спортын мастер М.Хишигбаяр, спортын мастер Г.Энхтуяа нар VI, VII, У.Цэрэндолгор XI байрыг тус тус эзэлжээ.

Эрэгтэйчүүдийн зургаа дахь удаагийн тэмцээнд 28 тамирчин оролцсоноос дэлхийн даамын холбооны мастер Д.Баттулга тэргүүлж, олон улсын их мастер цолыг хүртлээ. Харин тивийн дөрвөн удаагийн аварга, ОУ-ын их мастер Д.Эрдэнэбилэг мөнгөн медаль хүртсэн бол БНХАУ-ын тамирчин хүрэл медалийг хүртжээ. Манай бусад тамирчдын хувьд, дэлхийн даамын холбооны мастер Г.Гэрэлболд, спортын мастер Э.Энх-Эрдэнэ нар V, VI байр, спортын мастер Р.Манлай, олон улсын мастер О.Түвшинболд нар XIV, XVI байруудад шалгарлаа. Эрэгтэйчүүдийн азийн аваргын зургаан түрүүг дараалан хүртэж байгаагаараа монголчууд энэ төрөлдөө босоо байгаагаа харууллаа. Эхний дөрвөн тэмцээнд ОУ-ын их мастер Д.Эрдэнэбилэг тэргүүлсэн бол өнгөрсөн жил их мастер Г.Ганжаргал, энэ жил их мастерийн болзол хангаад буй Д.Баттулга нар түрүүлээд байна.

Манай даамчид насанд хүрэгчдийн гол хоёр төрөлдөө аваргын цомыг хүртсэн бол бусад насны ангилалд ч өндөр амжилтыг үзүүллээ.

Тэмцээний эхний өдрүүдэд болсон Бразил даамын төрөлд манай улсаас спортын мастер Э.Энх-Эрдэнэ, спортын мастер Г.Энхтуяа нар оролцож шагналт байранд орсон бол энэ төрлийн блицын тэмцээнд өсвөрийн даамчид гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ. Ази тивийн өсвөр үеийн хошой аварга, “Ажнай” компаний тамирчин, спортын мастер Ц.Отгонбилэг, Шавь сургуулийн тамирчин спортын дэд мастер Г.Хэрлэнмөрөн нар мөнгөн медаль хүртсэн бол энэ жил анх удаагаа зохиогдож байгаа 5-7 насны ангилалд манай бяцхан тамирчид болох Төв аймгийн Жаргалант сумын тамирчин Б.Баярманлай мөнгөн медаль, Орхон аймгийн Хангарьд клубын тамирчин Б.Сүхбат хүрэл медаль хүртсэн байна.

Тэмцээнд манай улсаас 52 тамирчин оролцсоноос 39 сурагч, 4 оюутан оролцсон байна. Баг тамирчдын бүрэлдэхүүнд Дорноговь аймгийн дасгалжуулагч М.Ганбаатар 9 тамирчинтай, Завхан аймгийн дасгалжуулагч П.Энхсаруул 4 тамирчинтай, Увс аймгийн дасгалжуулагч С.Балдорж 2 тамирчинтай, Хөвсгөл аймгийн дасгалжуулагч Ч.Цагаанчулуун 1 тамирчинтай, Баянхонгор аймгийн дасгалжуулагч Г.Сүхбат 3 тамирчинтай, Хэнтий аймгийн дасгалжуулагч Г.Бүрэнболд 2 тамирчинтай, Орхон аймгийн дасгалжуулагч Б.Лхагвадорж 3 тамирчинтай, Баянзүрх дүүргийн Шавь цогцолбор сургуулийн дасгалжуулагч Р.Нармандах 6 тамирчинтай оролцсон байна. 

Азийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр 14 улсын 205 даамчид оролцсон Даамын фестивал болж байна. Мөн өнөөдөр блиц төрлийн аваргууд тодрох юм. Тэмцээний талаарх мэдээллийг Asian Draughts Championship 2013 сайтнаас хүлээн авна уу.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Ч.БОЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж