Америк генерал уул уурхайнханд зөвлөгөө өглөө

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Америк генерал уул уурхайнханд зөвлөгөө өглөө

“Родмэн энд Рэншоу” гэх АНУ-ын хөрөнгө оруулагч банкыг өнөөдрөөс эхлэн
Монголын уул уурхайнхан мэддэг боллоо. Энэхүү банк нь үнэт цаас,
маркетинг, уул уурхайн чиглэлийн олон арван компаниудтай хамтран ажиллаж
ирсэн бөгөөд ганц өөрийн улсдаа төдийгүй гадаадын компаниудад ч хөрөнгө
босгоход нь тусалдаг ажээ. Дунджаар нэг компанид 20 орчим сая ам.долларын хөрөнгө босгох боломжтой ч өнгөрсөн онд л гэхэд ОХУ-ын төрийн мэдлийн нэгэн компанид хоёр тэрбум ам.долларын хөрөнгө босгож өгчээ. Мөн Аляскийн нэгэн компанид өөрийн банкнаас 20 сая ам.долларын хөрөнгө оруулаад зогсохгүй нийт 100 сая ам.долларйн хөрөнгө босгосноо тус банкныхан танилцуулж байлаа. Родмэн энд Рэншоу хөрөнгө оруулалтын банкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Жадамбын Жамул гэх монгол залуу ажилладаг бөгөөд энэ удаагийн “Уул уурхайн төслийг санхүүжүүлэх үндсэн зарчим” сэдэвт уулзалтыг ч түүний санаачлагаар Ашигт малтмалын газар, Эрдэс баялаг эрчим хүчний яамтай хамтран зохион байгуулж байгаа юм. Ж.Жамулын хамгийн ихээр эмзэглэж явдаг зүйл нь Монголын талаарх буруу ташаа ойлголт гэнэ. Гадаадынхан хөрөнгө оруулахад хамгийн түрүүн хардаг зүйл нь эрхзүйн орчны тогтвортой байдал аж. Гэтэл Монгол Улс эрдэс баялгийн салбарынхаа эрхзүйн орчинг ойр ойрхон шинэчилж, өөрчилж байдаг гэсэн ойлголт түгээмэл байдаг юм байна. Тиймээс гадаад орны хөрөнгө оруулагчдад эерэг ойлголт өгөх, дотоодын уул уурхайн компаниудаа хөрөнгө оруулагч нартай холбох зорилгоор энэхүү уулзалтыг хийж байгаа юм. Уулзалтад Тус банкны ерөнхийлөгч Веслей Кларк хүрэлцэн ирсэн байлаа. Тэрбээр АНУ-ын армийн генерал хүн бөгөөд НАТО-гийн командлагчаар  ажиллаж байжээ. Тэрбээр Монгол орон эрдэс баялгийн арвин баялаг нөөцөө ашиглан хүн амынхаа амьдралын чанарыг дээшлүүлэх өргөн боломж байгааг онцлоод баялгаар хөгжин дэгжихэд төрийн бодлого онцгой нөлөөтэйг дурдсан. Монголчууд балчир наснаасаа морь унаж тэнцвэрээ олж сурдаг шигээ глобальчлагдсан нийгэмд тэнцвэрт байдлыг барьж ажиллахгүй бол баялгаа хөгжил болгож чадаагүй олон орны гашуун түүхийг давтах магадлалтайг ч сануулав. Зөвхөн нүүрсний салбарт л гэхэд дан түүхийгээр нь гаргах бус эрчим хүч, газ, цэвэр нүүрстөрөгч, газрын тос үйлдвэрлэн экспортолж болох ажээ. Энэ бүгдийг нэг зэрэг өргөн дэлгэр хэмжээнд хийж чадахгүй байлаа ч туршиж, аль нь ашигтай, улсын бодлогод нийцэхийг нь тогтоох ажлыг хийж  байхыг ноён Веслей Кларк зөвлөсөн юм.

Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж