Өнөөдөр болж буй МАН-ын Бага хурал хаалттай үргэлжилж байна. Бага хурлаар яг одоо Бага хурлын гишүүнээс буусан гишүүдийн оронд шинээр гишүүн томилох асуудлаар санал хурааж буй юм байна. МАН-ын Бага хурал нь нийт 310 гишүүнтэй, үүнээс өнгөрсөн хугацаанд 50 орчим гишүүнийг Бага хурлын гишүүнээс чөлөөлсөн тул шинээр мөн тооны гишүүдийг томилох шаардлага үүссэн хэмээн эх сурвалж тайлбарлалаа.
Тодруулбал, 11.00 цаг өнгөрч байхад Бага хурал эхэлсний дараа орон, гарсан гишүүдийн оронд шинээр гишүүдээ томилох ёстой гэх санал гарсан учраас үдээс өмнөдөө Удирдах зөвлөл хуралдаж, Бага хурлын гишүүнээр томилох хүмүүсийн нэрсийг хэлэлцэж, тэрхүү жагсаалтаа Бага хурал руу оруулж санал хураалгаж буй юм байна. Бага хурлын гишүүдийг шинээр томилсны дараа Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулах аж. МАН-ын Бага хурал 16.00 цагийн үед дуусч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулна хэмээж байсан ч хурлын үеэр маргаантай асуудлууд нилээд гарсан тул сунжирч байгаа бололтой.
Г.ДАРЬ