Шүдний эмч мангаа биш

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Шүдний эмч мангаа биш

1. Шүдээ өдөрт хоёр удаа угааж бай. Шүдний сойзыг 3-4 сар болоод сольж байх ёстой. Үс нь муудсан сойз шүдний зөөлөн эдийг улам гэмтээдэг.

2. Шүдээ өдөр бүр флосдох нь маш чухал. Буйлны доорх болон шүдний хоорондох завсрын хоолны үлдэгдлийг шүдний сойзоор нь авах боломжгүй тул флосыг хэрэглэх нь маш чухал байдаг. Флос гэдэг нь шүднийхээ завсар оруулж цэвэрлэдэг утас бөгөөд тэр нь тостой, гаатай, флоридтай гээд олон янз байна. Флосоор шүдээ өдөрт дор хаяж нэг удаа цэвэрлэх нь зүйтэй.

3. Тогтмол хооллох дэглэмийг баримталж  хоолны хооронд хэрэглэдэг хуурай идэх юм, зуушийг аль болох цөөрүүлэх хэрэгтэй.

4. Шүдний эмчид зургаан сар тутамд тогтмол үзүүлж шүдээ цэвэрлүүлж хэвших хэрэгтэй. Ихэнх хүмүүс шүдний эмчид үзүүлэхээс зүрхшээдэг. Гэвч шүдээ хорхойтуулснаас  бага дээр нь эмчлүүлсэн нь хавьгүй  дээр гэдгийг олон хүн батална. Шүдний эмч мангаа биш шүү дээ.  

Шүдний өнгөр гэж юу бэ?

Бидний идэж байгаа хоол нь амны хөндийд байгаа бактерийн хүчлийг ялгаруулдаг. Ялангуяа чихэр, жигнэмэг, талх, бялуу зэрэг чихэрлэг зүйлс хүчил үүсгэх гол шалтгаан болдог. Хэрэв та ойр ойрхон бага иддэг бол хүчлийн дайралтанд ороод байна гэж бод. Энэ нь улмаар шүдийг хэврэг болгож бидний хэлж заншсанаар хорхой идэх гэдэг болно. Иймд юм идсэний дараа шүдээ угаах, эсвэл усаар амаа зайлж тэр чихэрлэг амт болон хүчил үүсгэх зүйлсийг нь гаргах хэрэгтэй.

Өнгөр нь буйлыг цочроох организмын шингэнийг ялгаруулдаг тул яваандаа буйл улайх, мэдрэмтгий болох, амархан цус гарамтгай болдог. Хэсэг хугацааны дараа буйл шүднээсээ салж уутанцар үүсгэдэг. Уутанцар нь гүн болох тусам бактер улам их үүрлэж, цаашид эрүүний ясыг устгаж шүдийг барих ясгүй болгодог.Үүнээс үүдэн шүд хөдөлгөөнд орж сулран, дараагийн шатанд тэр шүдийг авахаас өөр эмчилгээний арга үлдэхгүй болно.

Доорхи зааврын дагуу шүдээ угааж флос хийвэл зүйтэй.

Шүдээ хэрхэн угаах бэ?

Юуны өмнө маш зөөлөн үстэй сойз сонгох хэрэгтэй. АШЭХ нь шүдийг хоёр минут угаана гэж зөвлөдөг ба зарим автомат сойз гурван минут угаахаар тохируулагдсан байдаг. Сойзыг үзэг барилтаар барьж сойзны үсийг буйлнаас шүдний дээд үзүүр лүү гэсэн хөдөлгөөнөөр угаана. Зарим гадаргуу дээр эргэлдэх хөдөлгөөнөөр угаана.

Олонхи хүн сойзоо атгаж угаадаг нь маш буруу. Атгаж угаах нь хуруугаар барьснаас илүү хүч, даралт үзүүлдэг. Үүнийг би ингэж тайлбарлах дуртай. Та өөрийгөө шив шинэ Би Эм Даблью (BMW) машинтай гээд бод. Хайртай, үнэтэй машинаа та өнгөлөхдөө хамгийн зөөлөн алчуураар маш болгоомжтой өнгөлнө. Тийм үү? Хэрэв ширүүн өнгөлбөл зурагдана, будаг нь халцарна. Тэгвэл таны шүд яг л үүнтэй адил ширүүн угаавал яваандаа паалан нь нимгэрч цаашид өвчлөх боломж ихтэй болно. Таны шүдээ шинэхэн Би Эм Даблью гээд л бодчих.

Шүдээ хэрхэн флосдох (шүдээ утсаар цэвэрлэх) вэ?

“Шүдээ угаагаад л байдаг. Гэтэл хорхой идээд байх юм” гэж гомдоллох хүн цөөнгүй. Энэ нь хүмүүс шүдээ угаадаг ч шүдний завсар наалдсан зүйлийг хайхардаггүй. Та урьд нь өдөр бүр флос хэрэглэж байгаагүй бол эхэндээ буйлнаас тань цус гарна. Битгий айгаарай! Энэ нь ердийн үзэгдэл. Гурван долоо хоногийн дараа цус гарах нь зогсоно. Учир нь дээр тайлбарласнаар хоолны үлдэгдэл болох өнгөр нь буйлыг цочроож үрэвсүүлсний үр дүн юм. Хэрэв та байнга флосдож шүдээ цэвэрхэн байлгавал буйл үрэвсэх шалтгаан үгүй болно. Флос их хэрэглэвэл буйл чинь баярлах болно гэж хэлмээр байна.

Флосийн бас нэг чухал ач холбогдол нь сойзны хийж чадахгүй үүргийг гүйцэтгэдэгт оршино. Мэргэжлийн хэллэгээр флос нь шүдний контакт хэсгийг онгойлгож өгдөг. Хэрэв контактийг онгойлгож өгөхгүй бол хоолны үлдэгдэл тэнд нь гацаад улмаар бактер нь хүчил ялгаруулж шүдний пааланг хэврэг болгон цооролт үүсгэдэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж