МАН-ын бага хурал хэлэлцэх асуудлаасаа хальжээ

Хуучирсан мэдээ: 2013.05.04-нд нийтлэгдсэн

МАН-ын бага хурал хэлэлцэх асуудлаасаа хальжээ

Өглөө эхэлсэн МАН-ын бага хурал ширүүхэн уур амьсгал дунд өрнөж байгаа ажээ. Яг одоогийн байдлаар түр завсарлаад байгаа МАН-ын бага хурлын гишүүд Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулж амжаагүй байгаа төдийгүй хуралдах сэдвээсээ хальж, хэд хэдэн ноцтой гэж болох асуудлыг хөндсөнөөр маргаан болон хувирсан байна.

МАН-ын бага хурал 310 гишүүнтэй ч өнгөрсөн хугацаанд 50 гишүүнийг Бага хурлын гишүүнээс чөлөөлсөн тул шинээр сонгох тухай асуудал хөндөгджээ. Тиймээс тэдний оронд 50 хүнийг нөхөж оруулах санал гарсан нь Бага хурлын гишүүдийн дунд маргаан дагуулжээ. Түүнчлэн бага хурлын гишүүдийн зарим нь  намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатарыг  ажлаа өгөхийг шаардсан бол нөгөө хэсэг нь хурал даргалагч Д.Дэмбэрэлийг "Хурал удирдаж чадахгүй байна" хэмээн шүүмжлэхэд хүрчээ. Энэ бүх шүүмжлэл маргаан нь бага хурлын гишүүдийн анхаарлыг хэлэлцэх ёстой асуудлаас нь хөндийрүүлж орхисон төдийгүй сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөр товлосон 16.00 цагийн наана амжиж нэр дэвшигчээ тодруулж чадахгүйд хүргээд байна.

Өчигдөр хуралдсан Удирдах зөвлөлийн гишүүд МАН-ын дарга Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Д.Лүндээжанцан, Б.Бат-Эрдэнэ нарын нэгийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх саналыг МАН-ын бага хуралд  хүргүүлсэн байна. Харамсалтай нь ,бага хурлын гишүүд хэлэлцэх асуудлаасаа хальж, хурлыг ширүүн уур амьсгалд үргэлжлүүлэхэд хүргэжээ.

Ямартай ч энэ удаагийн МАН-ын Бага хурал сценари нь бараг тодорхой, алга ташилт тасардаггүй байсан урьд өмнөх хурлуудаас уур амьсгалын хувьд тэс өөр болж байгаа сурагтай. МАН-ын Бага хуртал “халуухан” үргэлжилж байна.

Д.ЦЭЦЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж