Монгол улсын прокурорын байгууллага нь олон жилийн туршид Эрүүгийн хэрэг, материалын болон бусад олон тооны бүртгэлийг гараар бичиж ирсэн. Байгууллагын улирал, жил, хагас жилийн мэдээг гаргахын тулд цаасан бүртгэлээс гараар тоолох ажиллагаа явуулж, энэ нь ажлын ачаалал үүсгэж, өнөөгийн нийгмийн хөгжлийн цаг үед нийцэхгүй байсан. Прокурорын байгууллагаас зарим мэдээ, мэдээллийг бүртгэлээс шүүж олдог үе саяхан хүртэл байсан нь нууц биш. Энэ байдлыг өөрчилж, хууль хэрэгжүүлэх үйл ажиллагааг боловсронгүй болгох, олон улсын түвшинд хөл нийлүүлэх, орчин үеийн техник технологийн дэвшлийг байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлсэн чухал алхам боллоо.
Баянзүрх дүүрэг нь хүн амын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээгээрээ нийслэл хотын томоохон дүүргийн нэгд тооцогддог. Тиймээс ч тус дүүргийн прокурорын газар нь энэ төслийн хүрээнд түшиц газраар сонгогдон ажиллаж эхэлсэн бөгөөд бүх прокурор, ажилтнуудыг мониторингийн системийн орчинд ажиллах дадлага, туршлага олгох ажил эрчимтэй явагдаж, амжилттай хэрэгжиж ирсэн билээ.
Прокурорын байгууллагын үйл ажиллагааны мониторингийн систем хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан прокурор, захиргааны ажилтны ажлын зохион байгуулалт, хуваарилалтыг оновчтой болгох, ажлын үр нөлөөг дээшлүүлж, мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналт хариуцсан прокурорууд эрүүгийн хэрэг, материалыг түргэн шуурхай, хууль зүйн үндэстэй хянан шийдвэрлэхэд гол анхаарлаа хандуулж аливаа бүртгэл хөтлөх зэрэг техник ажлыг хөнгөвчилж Улсын ерөнхий прокурорын 2013 оны гуравдугаар сарын 07-ны өдрийн А/22 тоот тушаал гаргасан байна.
Энэ тушаалын дагуу Мэдээлэл дүн шинжилгээ, бодлого төлөвлөлт хариуцсан туслах болон хяналтын прокуроруудын ажлын чиг үүрэг, хийх ажлын чиглэлийг шинэчлэн баталж өглөө. Мэдээлэл, дүн шинжилгээ, бодлого төлөвлөлт хариуцсан прокурорууд нь тус байгууллагын удирдлага зохион байгуулалт, дотоод ажил, сургалт, дүн шинжилгээ, шалгалт, судалгаа, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажил хариуцан ажиллаж байна. Баянзүрх дүүргийн прокурорын газарт Мэдээлэл, дүн шинжилгээ, бодлого төлөвлөлт хариуцсан нэг прокурортой байсныг дөрөв болгон өөрчилж, тус дүүргийн прокурорын газрын үйл ажиллагааг ил тод, нээлттэй, ажлын үр дүнг нэмэгдүүлэх боломж бололцоог өргөтгөжээ.
Мэдээлэл дүн шинжилгээ, бодлого төлөвлөлт хариуцсан прокурорууд байгууллагын цахим бүртгэл, дотоод ажил хариуцсан болон прокурорын хяналтын ажилд туслах чиг үүрэг бүхий ажилтнуудыг мэргэжлийн удирдлагаар өдөр тутам хангаж, шинээр томилогдсон боловсон хүчнийг богино хугацаанд дадлагажуулах, нийт ажиллагсдын мэдлэг, боловсролыг дээшлүүлэхэд ажлаа чиглүүлэн ард, иргэдэд шуурхай үйлчлэх зорилтоо хэрэгжүүлж ажиллаж байна.