
Энэ жилийн хувьд зургаан аймгийн төвийг Улаанбаатар хоттой холбох автозамыг барьж байгуулна. Санхүүжилтийг “Чингис бонд”-ын мөнгөнөөс өгөхөөр болсон гэдгийг хүмүүс сайн мэднэ. Хөвсгөл аймгийн Мөрөн хотыг Улаанбаатартай холбохын тулд нийт 300 гаруй км автозамыг шинээр барьж байгуулах шаардлагатай юм. Ерөнхий сайд Мөрөнгийн замын эхлэл болох Уньт-Тариалангийн чиглэлийн 88 км автозамын ажлын эхлэлтэй танилцсан юм. Эл замыг Чингис бондын мөнгөнөөс гадна Арабын эдийн засгийн хөгжлийн сангийн зээлээр санхүүжих эл замын ажлыг Молонгосын “Бэк сок” констракшн барьж байгуулах юм. Солонгостоо хурдны зам болоод тунелийн зам барилгаар гаршсан эл компанийн ажилчдын дийлэнх хувь нь гадаадын иргэд байх ажээ. Одоогийн байдлаар 96 хүн ажиллаж байгаагийн 17 нь солонгос инженерүүд бол үлдсэн нь монголд ажиллагсад юм. Гэрээ ёсоор бол 2014 он гаргаж байж ашиглалтад өгөх замын ажлыг энэ ондоо багтаан дуусгах үүргийг Ерөнхий сайд өгсөн. Учир нь Уньт-Тариалангийн замаас үргэлжлүүлэн барих замын ажил ч мөн энэ ондоо дуусах аж.
Ийн хаврын бүтээн байгуулалтын болон уламжлалт ажилтай танилцахын сацуу Н.Алтанхуяг сайд Булган, Орхон аймгийн иргэдтэй уулзалт зохион байгуулсан. Тэрбээр Шинэчлэлийн Засгийн газрын өнгөрсөн найман сард хийсэн ажил, цаашид хийж хэрэгжүүлэх ажил, зорилт, зорилгоо иргэдэд танилцуулж байлаа. Түүний таницлуулга дарга нарын индрээс өгүүлдэг илтгэл шиг хүйтэн хөндий бус эгэл иргэдийн өвөр зуураа ярилцдаг, хэлэлцдэг энгүүн яриа хэлбэрээр өрнөсөн юм. Энэ нь ч олонхын сэтгэлд нийцдэг болох нь уулзалтуудаас харагдаж байлаа. Орон нутгийн иргэдийн хэлж буй “эзэнтэй шүүмжлэл”-ийг тэр дор нь Засаг дарга, ИТХ-ын дарга нараас тодруулж, өөрийг нь дагалдан явсан ҮХАА-н Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал, Зам тээврийн яамны Автозамын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын газрын дарга Р.Онон нараас хариулт авах зэргээр шийдэж байсан юм. Ерөнхий сайдыг Орхон аймгийн төвд очих үед бизнес эрхлэгчдийн “Эдийн засгийн форум” болж байлаа. Форумд Эрдэнэтийн бизнес эрхлэгчдээс гадна Улаанбаатар хотын зочид, хэвлэл мэдээллийн сэтгүүлч, уран бүтээлчид оролцож байв. Ерөнхий сайд бизнес эрхлэгчдэд амжилт хүсч мэндчилгээ дэвшүүлсний дээр Эрдэнэт хивс үйлдвэртэй танилцсан.
Хотын доор хот бий гэдэг. Нүдэнд харагдаж буй барилга байшин байгуулахаас илүүтэй газрын доорх инженерийн байгууламж бий болгох нь хамгийн их хөрөнгө оруулалт шаардсан ажил байдгийг бид мэднэ. Тиймээс ч хөгжингүй орнууд газар доорх хотоо эхлэн босгодог. Үүний эхлэлийг эрдэнэтчүүд тавьж байна. “Эко хороолол” нэртэй орон сууцны хорооллын инженерийн байгууламж байгуулах ажлын гүйцэтгэлийг “Атмор” ХХк хийж гүйцэтгэх юм. Баруун-Урт хотод гэр хорооллыг шугам сүлжээнд холбох ажлыг хийсэн “Атмор”-ынхан энэ удаа эрүүл сэргэг дэнжид инженерийн байгууламж бий болгохоор ажлаа эхлэв. Уг “Эко хороолол”-ны нээлтийн туузыг Ерөнхий сайд мөн хайчилсан. Ийн гүйцэтгэх засаглалын тэргүүн хаврын их бүтээн байгуулалтын ажлын эхлэл ямар байгааг төвийн бүсийн хоёр аймгаас тольдож, үүрэг даалгавар өгөхийн зэрэгцээ шийдэх асуудлыг нь сонслоо.