Солонгын өнгөт сарнай

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Солонгын өнгөт сарнай

Улаан сарнай хайр дурлал, хуял тачаалыг илтгэдэг бол шар сарнай нөхөрлөл, найзын харилцааг, харин ягаан сарнай талархсан сэтгэлийн илэрхийлэл болдог. Харин та чухам алийг нь сонгохоо мэдэхгүй сэтгэл зүрх, оюун ухаан тань эргэлзэж байвал зураг дээрх гайхалтай өнгөт сарнайг сонгож болох юм. Солонгын сарнай /аз жаргалын сарнай ч гэдэг/ хэмээн нэрлэсэн энэхүү олон өнгөт үзэсгэлэнт цэцэг уламжлал болон тогтсон бэлэгний хэв маягийг өөрчилж чадахуйц содон сарнай ажээ.

Солонгын сарнай нь дөнгөж соёолохдоо энгийн л цагаан сарнай мэт харагдах боловч усаар дүүргэсэн цэцгийн саванд хийхэд цэцгийн дэлбээ бүр нь өнгө өнгөөр хувирч, солонгын өнгөтэй болон хувирах гэнэ. Ийнхүү өнгө хувирах процесс 12-24 цаг үргэлжлэх бөгөөд чухам ямар учраас дэлбээ бүр нь өөр өнгөтэй болон хувирч байгаа нь нууцлагдмал байгаа юм.

Өмнө нь тод хурц өнгөтэй удвал цэцэг гарган авч, нэрд гарч байсан Голландын цэцэгчин Петер ван де Веркен энэхүү өвөрмөц сарнайн сортыг гарган авчээ. Тэрбээр энгийн л цагаан сарнай худалдан авч, өнгийг нь хувиргаад дэлхий даяар түгээж эхэлсэн аж. Хэдийгээр өнгө нь хувирсан ч үнэр тансаг хэвээрээ, дээр нь амьдрах хугацааны хувьд ч энгийн сарнайтай яг адил байсан гэнэ. Гэхдээ дэлбээ нь арай хурдан гандах тохиолдол гарчээ.

Гэхдээ солонгын сарнай харьцангуй өндөр үнэтэй. Ердөө ганцхан ширхэг сарнай 25 фунт стерлинг гэхээр бараг л 50 мянган төгрөг болж байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж