Д.Оюунхоролыг би хүндэтгэж явдаг

Хуучирсан мэдээ: 2013.05.03-нд нийтлэгдсэн

Д.Оюунхоролыг би хүндэтгэж явдаг

Д.Мөнхөө: Улстөрийн зоригтой шийдвэр гаргаж чаддаг  улстөрч учраас Д.Оюунхоролыг би хүндэтгэж явдаг

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нэр дэвших тухай асуудал яригдаж, судалгаа, санал асуулгаар ч дээгүүр байранд яваа билээ.

Тиймээс эмэгтэйчүүдийн улстөрийн оролцоо болон Ерөнхийлөгчийн сонгуульд түүхэндээ анх удаа эмэгтэй хүн нэр дэвшихээр яригдаж байгаатай холбогдуулан “Гал голомт” хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө гуайтай товч ярилцлаа.

– УИХ-ын гишүүн Д.Оюунхорол МАН-аас нэр дэвшихээр яригдаж байгаа  энэ үед эмэгтэйчүүдийн улстөрийн оролцооны талаар яг өнөөдөр Таны байр суурийг сонсох нь зүйтэй болов уу?

-Юуны өмнө УИХ-ын гишүүн Д.Оюунхорол маань Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр яригдаж байгаа нь эмэгтэйчүүдийг улстөрийн нэлээд өндөр төвшинд оролцуулах нийгмийн үзэл, хандлага гайгүй сайн  болсны илэрхийлэл гэж үзэж байна. XXI  зуунд хүн төрөлхтний шийдэх ёстой найман асуудал байдгийн нэг нь жендэрийн тэгш байдлыг хангах асуудал юм. Энэ бол хэн нэгэн санаанаасаа зохиочихсон зүйл биш. Өнгөрсөн 20 зууны турш   материаллаг үнэт зүйл буюу хэрэглээг хөөсөн үйлдвэрлэл хүн төрөлхтний асуудлыг шийдэх юм байна гэж итгэж ирсэн байна. Гэтэл XX  зуун хүртэл соёл иргэншил хөгжихөд дэлхийн 200-гаад орны арав гаруйхан нь өндөр хөгжиж чаджээ. Хүн төрөлхтөн саранд очиж, био, нано технологи гаргасан ч ядуурлын гачлант байдлаас ангижирч чадахгүй байна. Үүний учир холбогдлыг авч үзээд ерөөсөө хүн төрөлхтнийг бүрэлдүүлж байгаа эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш байдлыг хангаж чадаагүй,  тэднийг хөгжилд адил оролцуулаагүйтэй холбоотой гэсэн дүгнэлтэд хүрсэн.  Тийм учраас жендэрийн тэгш байдлыг хангах асуудал XX зууны эцэст шинжлэх ухааны судлагдахуун болж, шинэ зуунд хүн төрөлхтний шийдэх ёстой нэг асуудал болон дэвшүүлэн тавигдсан. Сүүлийн 30 жилийн турш энэ асуудал хүчтэй яригдаж,  байгаль эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг хэрхэн ялгаатай бүтээсэн тухай судалсан. Эрэгтэйчүүд бол зарчим, хуулийг дээдэлсэн, сөргөлдөж маргалдахыг илүүд үзсэн, алс хэтийн зорилго тавьж, түүнийхээ төлөө юуг ч золиослоход бэлэн шинж чанартай юм байна. Гэтэл эмэгтэйчүүд болохоор харилцаа, тэгш зохистой байхыг эрхэмлэсэн, хамт олныг бүрдүүлэхэд илүү чармайсан, шийдвэр гаргахдаа илүү прагматик байдлаар хандаж, өнөөдрийн нөхцөл байдалдаа илүү анхаарал тавьдаг хүмүүс. Эрэгтэй, эмэгтэйчүүдийн ийм ялгаатай, давуу болон сул талыг харилцан шүтэлцүүлэхгүйгээр хөгжилд хүрэхгүй юм байна гэдгийг хүн төрөлхтөн ойлгосон. Монгол Улсад ч сүүлийн 20, 30 жил энэ асуудал яригдсан. Тодорхой зарим үр дүнд ч хүрсэн. Эмэгтэй хүний эсрэг шашны мянга мянган жилийн уламжлалтай Арабын улсуудад хүртэл улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж байна. Гэтэл манай улсын хувьд эмэгтэй хүнийг ялгаварлан гадуурхах тийм хүнд  өв түүхээсээ үлдээгүй.  Сүүлийн үед  эмэгтэйчүүдийг эрх мэдэл хэрэгжүүлэх, эд баялаг хуваарилах үйл явцад   оролцуулах ёстой гэсэн нийгмийн хандлага эерэг сайхнаар өөрчлөгдөж байгаа.  Үүний маш том илэрхийлэл бол өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд эмэгтэй хүн нэр дэвших ёстой гэсэн асуудал яригдаж, иргэд болон улстөрийн намын гишүүд, дэмжигчдийн санал асуулгаар Д.Оюунхоролын нэр дээгүүр гарч ирж байгаа явдал юм.   Энэ бол асар том  дэвшил, нийгмийн с этгэхүйн бодит хандлага гэж үзэж байна.
 
-Өмнөх үеийн эмэгтэйчүүдийн төлөөлөл том улстөрчийн хувьд Та Д.Оюунхорол гишүүнийг хэрхэн үнэлж явдаг вэ?

-Д.Оюунхорол гишүүнийг би улстөрийн зоригтой  улстөрч гэж хүндэтгэж явдаг. Улстөрд орж буй эмэгтэйчүүдийн талаарх олон  судалгаа бий. Эмэгтэйчүүд улстөрийн хатуу ширүүн тэмцэл дунд ороход хоёр бэрхшээл байдаг. Нэгдүгээрт, санхүүгийн бэрхшээлтэй тулгардаг. Яагаад гэвэл дэлхийн ажлын цагийн 66 хувийг хийдэг мөртлөө түүнд бий болсон баялгийн дөнгөж 10 хувийг хянаж байдаг, дэлхийн үндсэн хөрөнгийн нэг л хувийг эзэмшдэг юм байна, эмэгтэйчүүд. Хоёрдугаарт, эрчүүдийн улстөрийн тэмцлийн хатуу ширүүнээс няцаж, цуцах тохиолдол гардаг.  Харин  УИХ-ын гишүүн Д.Оюунхорол маань улстөрийн зоригтой шийдвэр гаргаж чаддаг  улстөрч учраас цаашдаа ч төрийн өндөр дээд төвшинд ажиллах бүрэн боломжтой   гэж харж явдаг шүү.

А.АМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж