-Та сайхан хаваржиж байна уу. Эртээд таны тухай Б.Лхагвасүрэн гуайн нэвтрүүлгийг үзлээ. Тун сайхан санагдсан шүү… Улс төр үзсээр байгаад хүмүүс үнэндээ залхаж байна.
-Өнөө жил тун сайхан хавар болж байна. Нэвтрүүлэг гэснээс улс төргүй хавар гэж байдаггүй байх аа? Ялангуяа энэ жил Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх хавар гэдэг утгаараа их онцгой байна. Улс төрийг ажиглаж байхад МАН буюу хуучны МАХН сүүлийн хорь гаруй жилд хэн болж хувирсан, ямар төлөвшил тэнд өрнөж байгааг их тодорхой харж болохоор байна. Бид үүнийг харах ч ёстой юм. Яагаад гэвэл МАН-ын улс төрийн чиг баримжаа, төлөвшлөөс улс орны хөгжил ихээхэн хамаарч ирсэн. Тэгэхээр тус намын алхам, үйл ажиллагааг зөвхөн тэдний хэрэг гээд хаях аргагүй. Ялангуяа одоо болох Ерөнхийлөгчийн сонгуульд ямар хүнийг нэр дэвшүүлэх гэж байгааг онцгой анхаарах хэрэгтэй юм. Маргааш тус намын Бага хурлаар энэ асуудлыг хэлэлцэх гэж байгаа учраас дуугүй өнгөрч болохгүй байх.
-Таны харж байгаагаар МАН сүүлийн хорь гаруй жил хэр хөгжсөн бэ?
-МАН буюу МАХН өнгөрсөн зуунд өрсөлдөгчгүйгээр улс орныг удирдаж ирсэн инерциэрээ аливаа асуудалд ханддаг нь яг хэвээрээ. Социализм задран унахтай зэрэгцээд энэ үзэл суртлын дээвэр дор багтаж байсан бүх улс орон коммунист намаа татан буулгаж, гишүүдийг нь төрийн өндөр албанд томилохыг хориглосон хууль хүртэл баталсан шүү дээ. Харин Монгол Улс МАН-д ийм тулгалт хийгээгүй, шинэ нийгмийн хөгжилд нийцсэн бодлого явуулах, өөрөө шинэчлэгдэн хөгжих боломжийг нь нээлттэй үлдээсэн юм. Энэ хорь гаруй жилийн хугацаанд Монголын улс төрд хоёр удаагаа түүхэн боломж тохиосон нь 1996 ба 2012 оны сонгуулийн үр дүнгээр Ардчилсан нам төрийн эрх барих болсон явдал. Гэхдээ энэ тохиолдол бүрт МАН улс төрийн шахалт үзүүлж, нийгэмд зайлшгүй шаардлагатай байгаа ардчиллын үйл явцыг ухраахыг оролдож ирлээ. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд МАН өөрчлөгдөн хөгжсөнгүй гэж би харж байна.
-Засгийн газрыг огцруулах шаардлага, шалтгаан нь 1996-2000 оны парламент дотор болж байсан “танил” алхмууд гэж та хэлж байна уу?
-1996-2000 оны парламентад Ардчилсан холбоо эвсэл олонх болж, Засгийн газраа байгуулсан. Гэвч тэр үеийн МАХН Засгийн газрыг нь гурван удаа огцруулж, энэ хэрээр тэдний шинэчлэлийн бодлогыг хүчгүйдүүлж байлаа. Үүнээс болоод ардчилал, эдийн засгийн хөгжлийн үйл явц 2012 оныг хүртэл ухарч, Монголын нийгэм хохирсон гэж би боддог. Одоо яг үүнийгээ давтаж эхэллээ гэдгийг би сая Н.Алтанхуягийг огцруулах үндэслэлээс нь олж харлаа. МАН өнгөрсөн жилүүдэд эдийн засаг, хөгжлийг буруу бодлогоор жолоодож ирснийхээ үр дагаврыг одоогийн эрх баригчдад тохож, хариуцлага тооцох гэж байгаа нь увайгүй зүйл юм. Түүнээс гадна авлигын гэмт хэргийн хэд хэдэн сэжмийг илрүүлэн шалгаж эхэлснээс болоод эрх баригчдыг Засгийн газраар нь барьцаалж эхэлж байна. Сөрөг хүчний үүрэг, хяналтыг үүнээс арай өөрөөр хэрэгжүүлэх боломжууд уг нь тэдэнд бий. Тэгэхээр Засгийн газрыг огцруулах замаар ардчиллын үйл явцыг удаашруулах нөхцөл рүү түлхэж байгаа нь МАН шиг намын хувьд хэтэрхий хариуцлага зүйл болж байна.
-МАН өнөө, маргаашгүй Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчөө тодруулах гэж байна. Тодорхой нэрс яригдаж байгаа. Чухам хэн нь байх бол?
-МАН-ын нэр дэвшигч хэн байх нь улс орны ирээдүйд тун нөлөөтэй. Өнөөдөр МАН-аас нэр дэвшихээр яригдаж байгаа хүмүүс чухам хэн байна вэ гээд харахаар нэг зүйлд би тун эмзэглэж байгаа. МАН-ын дарга Ө.Энхтүвшин, Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан, М.ЭНхболд, Д.Оюунхорол нараас хэн нэгэн нь нэр дэвших бололтой. Тэд бүгдээрээ сая Засгийн газрыг огцруулахаар улайрч, тэмцэж байсан шүү дээ. Тэгэхээр хэн нь ч байлаа гэсэн хэрэв Ерөнхийлөгч болоод гараад ирвэл Ардчилсан намын Засгийн газрыг цаашид тогтвортой ажиллуулах сонирхолгүй, энэ асуудлаар улс төр хийх юм байна гэж ойлгогдлоо. Парламентын олонхийг бодлогоо хэрэгжүүлэхэд нь тээг тушаа тавих Ерөнхийлөгч гараад ирвэл энэ улс орныг хөгжлийн асуудал бүр хойш тавигдах юм байна гэдэгт л их эмзэглэж байна. Дахиад 1996-2000 оны үйл явц өрнөнө. Тэр үед Ардчилсан холбоо эвслийг бүрдүүлж байсан намуудыг дотор нь хагаралдуулж, хуваах замаар Засгийн газрыг нь удаа дараа огцруулж байсан шүү дээ. Үүний үр дагаварт эдийн засаг, ардчиллын хөгжил Монголд удааширч, саарсан. Дараа, дараагийн парламентын сонгуульд МАХН буюу одоогийн МАН олонх болж эрх авсан ч эдийн засгийн хөгжлийг удирдаж огт чадаагүй. Нэг жишээ гэвэл 2006 онд Монголын гадаад худалдааны тэнцэл, экспорт, импортын харьцаа анх удаа тэнвэртэй гарсан ч үүнийг М.Энхболдын Засгийн газар хадгалж чадаагүй. Нийт мөнгөнийхөө гуравны нэгийг барилгын салбарт хөрөнгө оруулчихсан нь гацаанд орж, эдийн засгийн хямрал дагуулсан шүү дээ. Энэ бодлого хотын төвийн газрын наймааг эргэлтэд оруулснаас биш эдийн засгийг царцаасан. Дараа нь хэрэгжүүлсэн халамжийн бодлого бүр замаа алдаж, бүх ашигтай салбарыг өрийн барьцаанд тавихад хүргэсэн. Оюутолгойн орд л гэхэд Фрийдландаас зээлсэн мөнгөний барьцаанд орж, гэрээг нь түүний амаар хийхэд хүрсэн. Тавантолгойн ордыг хар, бас л өрийн барьцаанд байна. “Эрдэнэт” үйлдвэр л гэхэд 170 гаруй сая ам.долларын зээл аваад өнөөх халамжинд нь өгсөн бололтой байна. Одоо энэ бүхнийхээ үр дагавар дээр өнөөгийн Засгийн газрыг яллах нь өөрөө утгагүй юм.
-Тэгвэл та одоо МАН-аас эмээж, Ардчилсан намд итгэл үзүүлж буй юм байна?
-МАН шинэчлэгдэх, үзэл баримтлал, үйл ажиллагаагаа өөр чиглэлд оруулах боломж байсан. Харин үүнийг ашигласангүй. Ардчилсан намын хувьд ажиллаад байгаа ч зарим зүйлийг дутуудуулж буй тал байна. Сайдууд нь санаачлагатай, шинэчлэл хийх зорилго, зоригтой ажиллаж байна. Тэр бүрийг цогцоор нь харах, хөгжлийн бодлогод оруулах талаар жаахан удаан ажиллаж байна уу даа гэж харж байна.
-Таныхаар бодлоор яавал эдийн засгийн хөгжлөө зөв удирдах бол?
-Үйлдвэрлэл. Боловсруулах үйлдвэрүүдээ хурдан байгуулах хэрэгтэй. Бид хоёр том хөршийн дунд байгаагаас болоод олон асуудлаар геополитикийн нөлөө, саад тотгорт орж байна гэж шалтаг заадгаа болих хэрэгтэй. Харин ч өндөгний шар шиг хамгийн шимтэй байрлалд бид байна. Далайд гарцгүй л гэнэ. Далайгаар гарахын хэрэг юу байна аа? Хоёр талд дэлхийн хамгийн том хоёр зах зээл байна. Тэдэнд л нийлүүлээд байхад хангалттай. 2009 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-д айлчлах үеэрээ нэг айхтар үг хэлсэн дээ. Бид жилд танайхаас тэрбум гаруй ам.долларын нефть бүтээгдэхүүн авч байхад танайх манайхаас 80 гаруй сая долларын импорт авч байна гэж. Дорнодын талд нефть олоод хэчнээн жил өнгөрөв өө. Тэрийгээ боловсруулдаг болчихвол тэрбум гаруй ам.доллар дотооддоо үлдэнэ ээ дээ. Экспортод гаргах шинэ брэнд хайхын хэрэг байхгүй. Боловсруулах үйлдвэрүүдээ л байгуулцгаах цаг болсон.