&#34Ном&#34 хөтөлбөрийн тайланг танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2013.05.03-нд нийтлэгдсэн

&#34Ном&#34 хөтөлбөрийн тайланг танилцууллаа

Хайлаастын 72-р дунд сургууль  Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилтын хүрээнд хийгдэж буй "Авьяас", "Ном" хөтөлбөрийнхөө тайланг  эцэг, эх хамт олондоо тайлагналаа. Тус сургуульд  1800 орчим хүүхэд суралцдагаас 60 хувь нь ямар нэгэн дугуйлан секц, клубт хамрагдаж авьяас, чадвараа нээж чадсан байна.

 Тус сургууль  хүүхдийн авьяас, чадварыг  хөгжүүлэх чиглэлээр 2010 оноос  "Зөв идээдүй, зөв  хүүхдийг хөгжүүлэхийн төлөө" гэсэн  уриатай ажиллаж эхэлжээ.  Өдгөө спорт, урлаг,  уран зураг, хайчилбар, шүрэн урлал, эсгий урлал, хэл зүй, уран уншлага, үсчин, гоо сайхны нийт 29 төрлийн дугуйлан үйл ажиллагаа явуулж байна. Дугуйлан секц, "Хүүхэд хөгжлийн клуб"-ууд, өөрөө удирдах байгууллагыг    хүүхдүүд өөрсдөө удирдан хөтлөдөг  аж.  Найз нөхдийнхөө дунд болон  эцэг эхдээ ч  өөрийгөө илэрхийлж  чаддаггүй, өөртөө итгэлгүй болчихсон бүрэг ичимхий хүүхдүүд  клубын үйл ажиллагаанд хамрагдснаар  эрс өөрчлөгдөж, өөрийгөө илэрхийлэх бүрэн чадвар эзэмшихийн хэрээр хичээл сурлагадаа сайжирч, хамт олондоо хүндлэгдэж эхэлдэг тухай хүүхдүүд ярьж байлаа. Ер нь аливаа дугуйлан, клубтэй  чаддаггүй хүүхдүүдээ дэмжиж  хамруулдаг юм  байна.  Спортын бүх төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулдаг бөгөөд  ялангуяа хөл бөмбөгт нийтээрээ хорхойсон хичээллэдэг байна. Хөл бөмбөгийн  улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай охид, хөвгүүдийн шигшээ баг бүрдүүлж чадсан нь тус сургуулийн нэг бахархал. Мөн  үндэсний бөхийн дэвжээтэй бөгөөд тус сургуулийн 11-р ангийн сурагч өнгөрсөн зун сумын заан цол хүртэж байсан гэнэ. 

Сургуулийн захирал Ц.Өлзийжаргал  Эко клубын  хүүхдүүдтэй хамтраад  сургуулийн гадна  орчноо тохижуулж  мод зүлэг тарьжээ. Тэдний тарьсан мод, зүлэг нь зун, намрын улиралд  бяцхан "Баян бүрд"-ийг санагдуулам сайхан орчныг гэр хороололд бүрдүүлж чаддаг нь сурагчид төдийгүй эцэг эхчүүдийн талархлыг хүлээдэг байна. Ц.Өлзийжаргал  захирал шаардлага өндөртэй ажил хэрэгч эмэгтэй. Тэрбээр "Би үггүй хүмүүжлийн тухай багш ажилчид, сурагчдадаа их ярьдаг хүн. Багш нараа зоосны нүхээр битгий хараарай эцсийн эцэст таны хийсэн хөдөлмөр улсад үнэлэгдэж, өөрт чинь  хүндлэл ирдэг гэдгийг хэлдэг. Мөн  хүүхдүүдийнхээ санасан сэдсэн ажил бүхнийг дэмжиж ажил хэрэг болгохыг хичээдэг. Ер нь бол гэр  хорооллын хүүхдүүд тэсвэр хатуужилтай, тэднийг авьяасыг нь нээх замаар хөгжүүлж,  хүмүүжүүлэх бүрэн боломжтой. Сахилгагүй, хичээлдээ жаахан тааруу хүүхдийг нүдэн дээр нь өөрчлөгдөхийг харсан эцэг, эх ч давхар хүмүүждэг. Сургуулиас зохион байгуулсан үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог болсон. Шинэчлэлийн засгийн газраас Хүүхэд бүрийг хөгжүүлэх "Авьяас",  "Ном", "Багшийн хөгжил" хөтөлбөрүүд бол яг багш бидний хүсэн хүлээж байсан зүйл. Төр засгийн бодлого яг л зөв юм руугаа орлоо гэж миний хувьд  боддог. Хойч  ирээдүй болсон хүүхдүүдээ зөв хүмүүжилтэй, зөв үг хэллэгтэй хүн болгочих  юм бол  улс орон  аяндаа л хөгжинө. Өөрөөр хэлбэл,  ямар ч нийгэмд өөрийгөө аваад  явчихдаг, тухайн нийгэмдээ  зохицоод амьдрах чадвартай тийм л хүн байх юм бол хөгжил аяндаа ирнэ.  Манай эцэг, эхчүүд хүүхдэдээ хандах хандлага нэлээд өөрчлөгдсөн. Сурлага, хүмүүжил хоёр чинь еэвэнгийн хоёр тал гэдгийг манай эцэг эх ойлгож эхэлж байгаад баяртай байна" гэсэн юм. Ц.Өлзийжаргал захирал хүүхдээ хоцрогдолгүй сургах, сургуулиа тохь тухтай,  ногоон орчин болгох талаар олон ажил хийж  энэ нь ч үр дүнгээ өгчээ. Үүнээс гадна  эцэг, эхчүүдэд "Сургууль бол эрхэм газар. Энд орж ирэхдээ архи үнэртүүлэхгүй,  хамгийн гоё хувцасаа өмсч ир" гэсэн хатуу шаардлага тавьдаг бөгөөд өдгөө энэ шаардлагыг эцэг, эх  ч яг таг мөрддөг болсон байна. Гэр хороололд баянбүрд цогцлоосон, эмх, журамтай, эрдэм боловсролтой монгол хүүхдүүдийг бэлдэж  буй энэ сургуулиас олон сургууль үлгэр жишээ авах биз ээ.

Б.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж