МАН-ын бага хурал маргааш хуралдахаар тов гаргасан. Харин Удирдах зөвлөл нь өнөөдөр хуралдаж эхэллээ. Тус хурлаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулах юм. Сануулахад, тус намынхан нэр дэвшигчээ Улаанбаатар хот болон 21 аймагт ард түмнээр хэлэлцүүлж эрэмбэлсэн. Улаанбаатар хотын есөн дүүргээс зургаад нь МАН-ын дарга Ө.Энхтүвшинд итгэл үзүүлснээр нэгд жагсах болсон бол УИХ-ын гишүүн М.Энхболд, дархан аварга Б.Бат-Эрдэнэ нар удаалаад буй аж. Харин орон нутгийн хувьд 21 аймгийн 11-т нь МАН-ын дарга Ө.Энхтүвшин, долоон аймагт нь УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ олонхийн санал авсан нь бусад нэр дэвшигчээсээ хол тасарсан хэрэг болсон. Энэхүү хэлэлцүүлгийн үр дүнд дээрх хоёр нэр дэвшигчээс гадна М.Энхболд, Д.Лүндээжанцан, Н.Багабанди, Н.Оюунхорол гэсэн дарааллаар санал цугласан юм. Тэгэхээр МАН Бага хурлаараа дээрх хэлэлцүүлгийн үр дүнг харгалзан нэр дэвшигчээтодруулах аж. Парламент дахь цөөнхийг төлөөлж, Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших вэ гэсэн асуултын хариу удахгүй эцэслэгдэх юм.
З.ОРГИЛ