Европын холбооны улсуудад энэ үзүүлэлт гурван хувиас хэтрэх ёсгүй гэдгийг сануулахад илүүдэхгүй биз. Өөрөөр хэлбэл, Грекийн өрийн хэмжээ нь Европын холбооны улсуудын хувьд байж болшгүй “сүйрэл” байсан юм.
Грекийн хямрал хэрхэн яаж бий болоод, Евро бүс, цаашлаад дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлснийг хэвлэлүүд хангалттай бичсэн. Тиймээс энэ удаад Грек олон улсын байгууллагын шаардлагыг хэрхэн биелүүлж, эдийн засгаа хэрхэн сэргээж буй жишээ болгохыг зорьсон юм.
Грекийн Ерөнхий сайд өнгөрсөн дөрөвдүгээр сард хийсэн мэдэгдэлдээ “Грек улсын эдийн засаг аажмаар сэргэж байна. Гурван жилийн турш авсан арга хэмжээний үр дүнд эдийн засгийн чиг хандлага өөрчлөгдөж байна” гэжээ. Гэхдээ тус улсын ажилгүйдэл 26 хувьтай буюу евро бүсийн орнууд дотроо хамгийн өндөрт тооцогдсоор байна. Энэ оны эцэс гэхэд ОУВС болон Евро бүсийн орнуудын тодорхой шаардлагыг биелүүлбэл, Грек улс дахин есөн тэрбум еврогийн тусламж авах юм. Тус улс 2015 оныг хүртэл Евро бүсээс нийт 110 тэрбум еврогийн тусламж авна. Хожим нь дахин 130 тэрбум еврогийн тусламж олгохыг баталсан билээ. Нийтдээ 240 тэрбум еврогоор грекчүүд эдийн засгаа сэргээх ёстой.
Гэвч олонхи аналистууд энэ мөнгө Грекийн эдийн засгийг сэргээхэд хангалтгүй гэж үзэж байгаа.
Грекийн Төсвийн алдагдал ДНБ-ийх нь 15.2 хувьд хүрч байсныг дээр дурьдсан. Түүнчлэн гадаад дотоод өрийн хэмжээ ДНБ-ий 125 хувьтай байсан. ОУВС, Евро бүсийн орнуудаас өгч буй тусламжаар тус улс төсвийн алдагдлаа үе шаттайгаар бууруулах үүрэг хүлээсэн. 2015 оныг хүртэл үе шаттайгаар арга хэмжээ авсны үр дүнд төсвийн алдагдал Евро бүсийн орнуудын стандарт буюу гурван хувьд хүрэх учиртай. Өнгөрсөн оны эцэст тус улсын төсвийн алдагдал 6.6 хувьд хүрснийг Сангийн сайд нь мэдэгдэж байв. 2009 оноос хойших гурван жилийн хугацаанд гэж тооцвол бас ч гэж чамлахааргүй л үзүүлэлт. Энэ жилийн эцэст Грекийн Засгийн газар төсвийн алдагдлаа 5.2 хувьд хүргэж бууруулахаар тооцоолж байгаа. Гэхдээ ОУВС болон Евро бүсийн орнууд үүнийг 4.5 хувьд барих ёстой гэж шаардаж байгаа юм. ОУВС болон Евро бүсийн орнуудын Төв банкны шаардлагын үр дүнд грекчүүд ийнхүү замбараагүй, үрэлгэн төсвөө цэгцэлж байна. Мэдээж асар их эсэргүүцэлтэй тулгарч байгаа. Нөгөөтэйгүүр олон улсын байгууллагуудаас авах зээл, тусламжийн хэмжээ ихсэхийн хэрээр тус улсын өрийн хэмжээ ч нэмэгдэж байна. Одоогоор бараг ДНБ-ний 190 хувьд хүрээд байгаа. Гэхдээ 2020 он гэхэд өрийн хэмжээ үе шаттайгаар буурч 120 хувьд хүрнэ гэж шинжээчид үзэж буй аж.
Хамгийн сүүлд Грекийн парламент 15 мянган төрийн албан хаагчийг халах хуулийн төслийг дэмжлээ. Ингэснээр тус улс евро бүсийн орнуудаас нэмэлтээр авах хоёр тэрбум еврогийн тусламжийг авах боломжтой болсон байна. Үүнээс өмнө 2012 онд Грекийн парламент 30 мянган төрийн албан хаагчийг бүтэн жилийн турш хагас цалинтайгаар ажиллуулахаар болоод байсан. Грекчүүд бараг ажил хийдэггүй хэр нь асар их цалин авдаг, цалин тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ ямар ч замбараагүй байсныг ийнхүү шинэ хуулиар цэгцэллээ. Мэдээж эдийн засгаа сэргээхийн тухайд энэ нь зөв арга хэмжээ. Гэхдээ үүнийг дагаад ажилгүйдлийн хэмжээ ихэссээр байгаа. Энэ оны эхний хагасын байдлаар тус улсын ажилгүйдэл евро бүсийн орнуудын дунд рекорд амжилт тогтоосон хэвээр байна. Ажилгүйдлийг дагаад хүн амын худалдан авах чадвар багасч, ДНБ-ний өсөлт саарч буй. Хэрэглээний үнийн улсын индекс нь ч бас буурч эхэлжээ. Уг үзүүлэлт энэ оны гуравдугаар сард тус улсын инфляци сүүлийн 44 жилийн хугацаанд анх удаа буурсан юм.
Хэдийгээр тус улсын Засгийн газар төсөв, мөнгөний хатуу бодлого баримталж, иргэдийг бухимдуулсан ч энэ нь эдийн засгийн хэтийн төлөвдөө сайнаар нөлөөлөх болов уу. Тус улсын Ерөнхий сайд Жеоржас Самарас эдийн засгийн байдал сайжирч эхэлснийг мэдэгдсэн талаар дээр дурьдсан. Тэгвэл үүнийг батлах мэт зарим шинжээчид 2014 оноос Грекийн эдийн засаг эргээд бага багаар сэргэх боломжтой гэж мэдэгджээ. Өнгөрсөн хугацаанд тус улсын ДНБ бараг 20 гаруй хувиар буураад байгаа юм. Түүнчлэн энэ оны эцэст дахин 4.6 хувиар буурах магадлалтай гэж үзэж буй аж. Эдийн засаг эргээд сэргэдэггүй юм гэхэд ДНБ-ний уналтын хурд саарах нь дамжиггүй биз ээ. Гүн хямралд орсон грекчүүдийн хувьд чамлахааргүй л амжилт байх. Гэхдээ эхний хагасын байдлаар хувийн хэвшлийн зарим салбарт бага боловч өсөлт ажиглагдах болсон гэх мэдээлэл ч байна. Энэ нь эрх баригчдын итгэлийг нэмэгдүүлж байгаа гэнэ. Нөгөөтэйгүүр хэрээ мэдэхгүй хэт их зарлага, үрэлгэн төсөв юунд хүргэдгийг грекчүүд сайн ойлгосон байх. Ганц Грек ч гэлтгүй төсөв, мөнгөний үрэлгэн бодлого хэрэгжүүлж байсан монголчууд ч бас чамгүй сургамж авсан биз ээ. Грекийн эдийн засаг өнгөрсөн 15 жилийн турш тасралтгүй өсөж ирсэн гэдгийг сануулахад илүүдэхгүй байх. Гэхдээ энэ нь үнэхээр эдийн засгийн өсөлт байна уу, эсвэл “хөөс” байна уу гэдгийг ч ялгах хэрэгтэй. Магадгүй эдийн засгийн өсөлт “хөөс” байсан нь 2009 онд илэрсэн биз ээ. Тус улсын эдийн засаг 2020 оноос нааш бүрэн сэргэх боломжгүй гэж шинжээчид үзэж байгаа. Ямартай ч грекчүүд хямралаас олон зүйлийг ойлгож авсан болов уу.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин