Эрүүл мэндийн яамнаас энэ төрлийн судалгааг хийсэн байна. Судалгаагаар
сүүлийн 20 жилийн хугацаанд нийслэл дэх эрүүл мэндийн байгууллагын
барилга, газрыг улсын болон хувийн байгууллагуудад шахагдсанаар салбарын
үйл ажиллагаанд ноцтойгоор нөлөөлж байгааг тогтоожээ.
Тэд нийслэлийн 37 эмнэлэгт хийсэн судалгаагаар давхардсан тоогоор байраа
хэсэгчлэн алдсан 35, бүтнээр нь алдсан 20, мөн тооны эмнэлэг газраа
алджээ.
Түүнчлэн хувийн хэвшлийнхний гарт 34, улсын байгууллагад есөн эмнэлэг
оржээ. Түүнээс хувьд шилжсэн эмнэлгүүдээс ишлэвэл, Шүдний эмнэлэг, Ясны
сүрьеэ, Хүүхдийн сүрьеэгийн эмнэлэг, Гандангийн хүүхдийн эмнэлэг, 100
айл дахь сүрьеэгийн эмнэлэг, Нэгдүгээр төрөхийн эмэгтэйчүүдийн тасаг,
Нэгдүгээр төв эмнэлгийн дэргэдэх мэргэжлийн хяналтын лаборатори,
Зайсангийн эмнэлэг, Дамбадаржаагийн ахмадын эмнэлгийн барилга 100 хувь
бусдын мэдэлд оржээ.
Төрийн зүгээс эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд нь орон
байр, газраа алдсанаар эмнэлгийн байгууллагын талбайн стандарт
зөрчигдөж, дотоод халдвар гарах, дэг журам алдагдах ноцтой байдал
үүссэнийг салбарын удирдлагууд онцолж байна.
Мөн эмнэлгийн орчимд машины зогсоолгүй, өргөтгөл хийх боломжгүй, түгжрэл
үүсдэг, ногоон орчингүй, түргэн тусламжийн машин орж гарах боломж
хязгаарлагдсан зэрэг хүндрэлүүд үүсэх болжээ.
Тодруулбал, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Халдвар судлалын
үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, В.Н.Шастины нэрэмжит Улсын
гуравдугаар төв эмнэлэг орчимд машин тавих зогсоолгүй болтлоо газраа
алдсан байна. Тиймээс салбарын удирдлагууд уг асуудлыг нэн тэргүүнд
шийдвэрлүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд хандаад байна.
Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин