Монгол Япон харилцан шүтэлцээтэй

Хуучирсан мэдээ: 2013.05.03-нд нийтлэгдсэн

Монгол Япон харилцан шүтэлцээтэй

Д.Ганхуяг: Монголын эрдэс баялагийн түүхий эд, Японы дэвшилтэт техник-технологи нь цоож түлхүүр адил шүтэлцээтэй

Монгол, Японы Засгийн газар болон хувийн хэвшлийн хамтарсан худалдаа, хөрөнгө оруулалтын зургаадугаар зөвлөлдөх уулзалтад Уул уурхайн сайд Д.Ганхуягийн хэлсэн үг.

Хоёр улсын хувийн хэвшлийн херөнгө оруулалтанд суурилсан эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, эдийн засгийн хөгжлийн боломж, чадавхийн талаар мэдээлэл, санал солилцох механизм болж төлөвшиж буй энэхүү уулзалт эдүгээ 6 дахь удаагаа зохион байгуулагдаж байна.
Монгол Улсын Засгийн газар өөрийн орны байгалийн баялагын нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулж, улс орныхоо эрчимтэй хөгжлийг хангах зорилттой ажиллаж байна.Эдийн засгийн бүх салбарт ялангуяа Геологи Уул Уурхайн салбарт Монгол орны үнэ цэнэтэй эрдэс баялагийн түүхий эд, Японы санхүү- эдийн засгийн чадавхи, байгальд ээлтэй техник-технологийн дэвшил нь цоож түлхүүр лугаа адил шүтэлцээтэй болохын хувьд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, зах зээлд гаргах боломжийг бүрдүүлнэ хэмээн итгэж байдгийг тэмдэглэхийг хүсч байна.

Энэ үүднээс эдийн засгийн харилцааны хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, харилцан ашигтай, бие биеэ нөхсөн эдийн засаг, хөрөнгө оруулалтын харилцааг өргөжүүлж идэвхжүүлэх зорилго бүхий Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA)-ийг Япон Улсын Засгийн газартай ойрын үед байгуулахаар ажиллаж байна.

2012 оны 5 дугаар сард баталсан “Стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай” хуульд гадаадын хөрөнгө оруулагчид сэтгэл дундуур буйгаа нэг бус удаа илэрхийлсээр ирсэн. Шинэчлэлийн Засгийн газар саяхан уг хуульд өөрчлөлт оруулж баталлаа.

Энэ хуульд орсон еерчлөлтийн гол агуулга нь стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж буй зөвхөн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоо нь 49 хувиас дээш гадны аж ахуйн нэгжид хамаарахаар болсон явдал юм. Мөн хөрөнгө оруулалтын хэмжээний 100 тэрбум төгрөгийн босгыг арилгасан болно.

Цаашид манай Засгийн газар худалдаа, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлээр шат дараалсан арга хэмжээ авч ажиллана. Худалдааны бодлогыг боловсронгуй болгох, экспортыг төрөлжүүлэх, түүхий эдийн экспортоос, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн зонхилох экспортод шилжих, худалдаан дахь тарифын бус саад тотгорыг арилгах талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Ингэснээр эдийн засгийн тогтвортой еселтийг хангах юм.

Монгол Улсын Засгийн газар сүүлийн жилүүдэд гадаадын харилцан ашигтай хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, даяаршиж буй ертөнцөд эдийн засаг, үйлдвэрлэл, бүтээгдэхүүний өрсөлдөх чадавхиа дээшлүүлэх нээлттэй бодлогыг баримталж ирсний дүнд эдийн засгийн зарим нэг тодорхой үр дүнд хүрлээ.

2012 онд манай улсын эдийн засгийн өсөлт 12.2 хувь гарав. 2013 онд урьдчилсан байдлаар 15.5 хувь хүрэх төлөвтэй байна.

Монгол Улс дэлхийн 140 гаруй улстай худалдаа хийдэг бөгөөд 2012 онд худалдааны эргэлт 10.3 тэрбум гаруй ам.долларт хүрсэн байна.

Япон Улсын хувьд 1990 оноос 2012 онд нийт японы 530 гаруй компанийн 184 сая ам.долларын хөрөнгө оруулалт манайд бүртгэгдсэн байна. Энэ нь манай улсад бүртгэгдсэн гадаадын нийт хөрөнгө оруулалтын 1.6 хувийг эзэлж байгаа бөгөөд Япон улс хөрөнгө оруулагчдын жагсаалтын 11-т бичигдэж байна.

Японы хөрөнгө оруулалтын дийлэнх хувь буюу 48% нь худалдаа, нийтийн хоол, 18% нь хөнгөн үйлдвэр, 6% мэдээлэл, холбооны технологи, 7.3% нь банк санхүүгийн салбарт ногдож байна. Харин геологи, уул уурхайн эрэл хайгуул, олборлолтын салбарт 2.7%, мал аж ахуйн гаралтай түүхий эдийн боловсруулалтын салбарт 1.1% ногдож байна.

Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ Монгол Улсад айлчлах үеэрээ хоёр орны эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх, Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг дэмжих “Эрч” санаачлага дэвшүүлснийг манай тал талархан хүлээн авсан бөгөөд уг санаачлага нь хоёр орны эдийн засгийн харилцааны хөгжилд чухал хувь нэмэр оруулна гэдэгт бат итгэж байна. Санаачлагыг бодит ажил хэрэг болгоход та бүхэнтэй нягт хамтран ажиллах болно.

Монгол улсын Засгийн газар Хөдөө аж ахуйн ,уул уурхай, үйлчилгээний болон тээвэр ложистикийн салбарыг тэргүүлэх зэрэглэлийн салбараар заралсан. Энэ 3 салбарын 2 нь экспортын салбар билээ.

Өнөөдөр Монгол Улс байгалийн баялгийн нэр төрөл, нөөцөөрөө дэлхийн анхаарлыг татаж байна. Та бүхний сайн мэдэх Оюу толгойн зэс, алтны орд, Таван толгойн нүүрсний ордоос гадна бусад ордуудын баялгийг ашиглахад оролцох гадаадын уул уурхайн компаниудын сонирхол өндөр хэвээр байна.

Гэхдээ зөвхөн уул уурхайн салбарыг шүтэж,бусад салбарыг орхигдуулах нь өрөөсгөл тул түүхий эдийг боловсруулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортын нэр төрлийг олшруулах, олон худалдан авагчтай зах зээлтэй болох, олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлэх бодлогыг манай засгийн газар баримталж байна.

Манай улсын эдийн засгийн тулгуур салбарын нэг болох хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын хөгжлийг эрчимжүүлэх, үр ашгийг нь дээшлүүлэхэд бид онцгой анхаарч байна. Мал аж ахуйн гаралтай түүхий эдээр хийсэн бараа, бүтээгдэхүүний экспорт манай улсын нийт экспортод ердөө 10 гаруй хувийг эзэлж буйг цаашид нэмэгдүүлэх зорилт, шаардлага бидний өмнө тулгарч байгаа юм.

Уул уурхай, хөдөө аж ахуй, салбараас гадна байгаль орчин, аялал жуулчлал болон мэдээлэл, харилцаа холбооны салбарт дэвшилтэт, өндөр технологи бүхий улс орнуудын техник технологийг нэвтрүүлэх, нутагшуулах, хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр хамтарч ажиллах зорилт тавьж байгаа бөгөөд энэ чиглэлд Японтой хамтарч ажиллах, техникийн болон санхүүгийн дэмжлэг туслалцаа авах сонирхолтой байна.

Зөвлөлдөх уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Эх сурвалж: www.mm.gov.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж