Тарьц, суулгацын үзэсгэлэн нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2013.05.03-нд нийтлэгдсэн

Тарьц, суулгацын үзэсгэлэн нээгдлээ

“Ногоон хэрэм” байгуулах төслийн Тарьц суулгацын үзэсгэлэн худалдааны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд боллоо. Тус үзэсгэлэн 2007 оноос эхлэн жил бүр зохиогдсоор ирсэн бөгөөд энэ жил нийт 80 орчим аж ахуй нэгж өөрсдйийн тарьсан суулгац,  тасалгааны цэцэг, эмийн ургамал, цэцгийн үр, үрсэлгээ зэргийг иргэдэд танилцуулж байна. Үзэсгэлэн өнөөдөр, маргааш /05.03-05.04/ хоёр өдөр үргэлжлэх бөгөөд залгуулаад дүүрэг бүрт үргэлжлэн гарах ажээ.

“Ногоон хэрэм” байгуулах төсөл нь шар шороон шуурга болон цөлжилтөөс сэргийлэхийн төлөө шар шороон шуурга эхэлдэг говь, цөл, хээрийн бүсэд мод, сөөг тарьж ойжуулах төсөл юм. БНСУ-ын ойн байгууллага, БОНХЯ-наас хамтран 2007 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд 2016 он гэхэд гурван мянган га газар ойжуулах, ногооруулах зорилготой ажиллаж байгаа аж. Одоогоор 1000 га газрыг моджуулсан байгааг төслийн багийн мэргэжилтэн онцоллоо.

“Ногоон хэрэм” байгуулах төслийн Тарьц суулгацын үзэсгэлэн худалдаа үзэсгэлэнгийн хаалтын үйл ажиллагаа тавдугаар сарын 11-нд Сүхбаатарын талбайд болох юм байна. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар дөрвөн зүг, найман зовхист гарах зам дагуу мод тарих үйл ажиллагааны эхлэл болж байгааг БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд нээлтийн үеэр хэллээ. Мөн тэрээр өнөөдрийн үзэсгэлэнгээр мод тарьдаг иргэн аж ахуй нэгжид үзэсгэлэн гаргах талбайг нь үнэ төлбөргүй гаргаж өгч байгаа нь мод таригчдыг дэмжиж буй нэг хэлбэр гэдгийг онцолсон юм.

М.НАРАН








NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж