Цам-шашны багт бүжиг. Цамыг цамнахдаа биеийн ганхуулах
сэгсрэх хөдөлгөөний эрч хүч аяс намбаар инээх, хилэгнэх, аврах, тонилгох, зэрэг
сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлдэг. Цам харайж байх үед линга эвдэх, сор балин
хаях, жахар залах зэрэг нууц тарнийн зан үйлдэн уншлага урилга явагдан бясалгал
үйлддэг байна.
Тиймээс цам нь нэг талаас шашны зан үйл, нөгөө талаас
бүжиг болно. Цамын тухайн дүр бүр урин дуудах, адислах, аврах, инээх, хилэгнэх,
хөөн тонилгох зэрэг тухайн дүрийн онцлог, сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлэх
үйлдлүүдийг яв цав тохирсон хөгжмийн аялгуу дор хийдэг.
Цамчид их бага алхалтаар дайсны орон сууринг чичрүүлэн
доргиох, нураах эвдлэх санааг харуулдаг бол харайлт эргэлтээр дайсныг хууран
мэхлэх, хөөн гүйцээд хороон устгах утга гарна. Баруун хөлөөр гишгэхэд эр
чөтгөр, зүүн хөлөөр эм шулмас дарагдан хөөгдөнө гэх тул сүртэй дэвсэлж
бүжиглэдэг.
Цамын хөдөлгөөн бүр тодорхой утга санааг агуулсан байдаг.
Тухайлбал, талийгчийн цогцсыг авахаар ирсэн Дүртэд Дагва буюу Үхээрийн эзний
дүрийн хөдөлгөөний “хоёр гарын сажлага” буюу цагчин хэмээх хөдөлгөөн цогцсыг
авах санааг, “сүвээвч” хэмээх сүвээндээ гараа авсан хөдөлгөөнөөр бардамнах
байдлыг, “тохойвч” хөдөлгөөнөөр хилэгнэн чичих зэргээр Үхээрийн эзэн цогцос
салгаж авах санааг илтгэнэ. Гүрэмч ламын ном, тарнийн хүчинд Үхээрийн эзний
гэдэс дотор эвгүйрхэн “өрөвч аравч” гэх ар, өврөө барьж сандарсан хөдөлгөөн
хийнэ. Номын хүчээр талийгчийн нэр бичээстэй шийдмээ “шүүрэвч” хөдөлгөөнөөр
аваад зугтах жишээтэй.
Цамын тоглолтод шарын шашны найрал хөгжим болох их бүрээ,
бишгүүр, хэнгэрэг, цан, ганлин, дун бүрээ, дамар нь их үүрэг гүйцэтгэнэ. Дүр
бүр, тухайн хэсэгчилсэн тоглолт бүр тодорхой аялгуу дор явагдаж, сүсэгтэн үзэгч
олны сэтгэл санаанд хүчтэй нөлөөлдөг.
Жил нь таарсан, нохой ба мэсийн сорвигүй, эрүүл чийрэг
биетэй, сахил хүртсэн, эрэгтэй хүн цамчин байх ёстой аж. Дүр бүрийн онцлогоос шалтгаалж
цоглог хурц шаламгай эсвэл ихэмсэг алгуур хөдөлгөөнтэй хүнийг цамд тоглуулахаар
сонгоно. Ер нь цамд залуу чийрэг лам нарыг тоглуулдаг байсан нь, хүнд баг
хувцас өмсөн олон цагаар бүжиглэхэд хэр баргийн хүн дийлдэггүй амархан
цуцдагтай холбоотой. Дүр бүрт орлон тоглогч байдаг ба тоглогч ядарахад ээлжлэн
гарч ирж бүжиглэдэг байна.
Цамын дотоод утга агуулгыг янз бүрээр тайлбарладаг.
Тухайлбал, Оросын эрдэмтэн Н.Шастина “нэгдүгээрт, Эрлэгийн эзний дүрд
тулгуурласан цамын хамгийн түгээмэл хувилбар нь хойд насанд бурхад энгийн
сүсэгтэн олонд ямар дүрээр залран үзэгдэхийг, хоёрдугаарт цамд буруу номтонг
хөнөөж, бурхны сургаал энэ дэлхийд ялж төгссөнийг илэрхийлж бурхад хүмүүний
ертөнцөд заларч буйг, гуравдугаарт бурхны шашныг устгахыг завдан байсан Ландарм
хааны үхэл зэрэг түүхэн үйл явдлыг харуулдаг гэж тайлбарлажээ.
Цамын агуулгыг энэ тайллаар хязгаарлаж ойлгож болохгүй.
Учир нь Монголд дээрхээс гадна олон сэдвээр цамууд гардаг байсан бөгөөд зөвхөн
бурхны шашны бурхад түүний сургаал ялан төгссөн тухай өгүүлдэг байсангүй,
иргэний шинж бүхий хүмүүний сайн сайхан амьдрах хүсэл мөрөөдөл, муу муухайг
жигшин устгах санааг энэхүү шашны бүжигт тусгагдаг байв.
Цамын сэдэв, гарч байгаа нутаг орон зэргээс хамааран
оролцдог дүрүүд өөр өөр байдаг. Харин цам болгонд шахам гардаг түгээмэл дүр бол
“Дүртэд Дагва” буюу Үхээрийн эзэн юм. Цам голдуу Дүртэд Дагвын дүрээр эхэлдэг
нь төрөл арилжихад бурхад хүний хувь заяаг дэнсэлдэг гэсэн цамын нэг гол санаа.
Мөн буддын шашны ойлголтоор, хүн нас эцэслэсний дараа
удаах төрөлд төрөх хооронд хүний сүнс үзэх зураглалыг уг цамд дүрслэн
харуулдаг. Хүмүүний нас барсны эхний долоо хоногт “амирлангуй дүрт” бурхад
заларч, түүний сүнсийг авахыг оролддог, дараагийн долоо хоногт догшин дүрт
бурхад сүр хүчийг үзүүлэн бууж ирэх ба хамгийн эцсийн мөчид “Эрлэг номун хаан”
өөрийн биеэр заларч талийгчийг аль оронд ямар төрөлд төрөхийг шийддэг тухай
үхлийн тухай дээрх ойлголтыг цам театрчилсан хэлбэрээр үзүүлдэг гэж болно.
Цамын төрөл
Цамыг ерөнхийд нь яриан ба багт цам гэж хоёр ангилна.
Яриан цамд “Мял богдын цам” орно. Багт цамаас “Гэсэрийн цам”, “Эрлэг Номун
хааны цам“-ыг дурдаж болох юм. Үүнээс гадна “Бухын цам”, “Тахилын цам”, “Их
цам”, “Саран хөхөөний цам” зэрэг олон дүр сэдэв, агуулгатай цам бий.
Яриан цамаас монголчууд “Мял богд” хэмээдэг “Миларайпын
цам” алдартай. Уг цамд гөрөөчинд мөшгөгдөн хөөгдсөн гөрөөс баригдахын даваан
дээр даянч Миларайпын өмнө ирэн үхэтхийн унана. Даянч лам гөрөөсийг өрөвдөн авч
нууна. Үүний араас гэзэг даран хөөсөн анчин Гомбодорж ирэн даянчаас гөрөөсийг
сураглана. Анчин гөрөөсийг даянч ламаас нэхэж, эс өгсөнд ихэд хилэгнэн, мэс
далайн даянчыг хөнөөх гэнэ. Гэвч хүн амьтанг өсөрхөн хөнөөх нь ямар их нүгэл
болох тухай ламын уншсан яруу найрагт анчин уяран, ухаарлыг олно. Анчин амьтан,
аливаа амьд бүхнийг хэзээ ч алж, хөнөөхгүй гэсэн ёс төгөлдөр тангараг өргөнө.
Харилцан яриа нь заримдаа гүр дуулал маягтай болгож тоглодог.
Лам анчин хоёр сайн муу үйлийн тухай харилцаа дуу буюу
асуулт хариултад тулгуурласан яриа хэлбэрээр юу нүгэлд тооцогдох, юунд хүргэж
болдгийг хүнд ойлгогдох энгийн атлаа уран яруу үгээр үзэгч олонд хүргэдэг.
Анчин тэрний хийсэн үйл ямар вэ? Хэн гуай ингэж буй нь зөв үү? гэх мэтээр
тухайн орон нутгийн нэр цуутай баян худалдаачин, ноён, түшмэл улмаар дээд лам
нарын үйл ажлаас нэрийг нь дурдан асуулт тавина. Миларайп ямар үйлийг нүгэл гэх
тухай, нүгэл үйлдсэн хүмүүс үйлийнхээ үрийг хэрхэн эдлэх тухай сургана.
Шүүмжлэлийн бай бологчид нийгэмд эзлэх байр сууринаасаа хамааран хүндэт зочдын
асарт, эсвэл энгийн ардын дунд цам үзээд сууж байх нь элбэг тохиолдоно. Цуутай
хүмүүсийн, зартай муу үйлийг, шогтой тодоор ингэж улаан нүүрэн дээр нь ил
гарган тавьдаг байсан тул ийм цам сонирхолтой бас ч хөгжилтэй болдог байсан нь
ойлгомжтой. Минчийж улайн, хараа буруулан суух “дүрийн эх загвар” жүжигчин
хоёрыг үзэгчид ээлжлэн харж баясдаг байв.
Яриан цам болох “Миларайпын цам” нь харьцангүй цөөхөн
дүртэй, яриандаа дээдсийн амьдарлыг хөнддөг улс төр, нийгмийн утгатай байсан
зэргээс болж харьцангүй бага тархсан бололтой.
Багт цамаас Эрлэг номун хааны буюу Жахар цам илүүтэй
тархсан ба эдүгээ бидний үе хүртэл дэг, жаяг, хувцас баг сэлт нь харьцангүй
бүрэн уламжлагдан иржээ. Жахар цамын Эрлэг тэргүүтэй догшид чойжингууд газар
газар бие даасан хэлбэрээр задран салж, орон нутгийн онцлогтой лус савдаг
домгоор баяжин олон бие даасан цамыг үүсгэжээ. Эдгээр цамууд сор, жахар хаях,
линга эвдэх, хурал хурах зэрэг үйлээрээ төстэй, гардаг дүрүүд бага зэрэг
ялгаатай.
Олон орны цамыг харьцуулан судалсан Аяако “Монголын Хүрээ
цам (Жахар), бурхны шашинт бусад газрын цамыг бодвол хэмжээ хамгийн том, баг
өмсгөл чимэг зүүлтийн ур хийц илүү сайн, гүйцэтгэх зан үйл, агуулга илүү
гүнзгий өргөн бөгөөд дэлхийн бурхны шашинт бүх орны цамын дотор хамгийн нандин
нь” гэж дүгнэжээ.
Монголд хамгийн их түгсэн Жахар буюу Эрлэг номун хааны
цамыг 1811 онд Их Хүрээнд анх дэглэн гаргажээ. Жахар цам Их Хүрээнд анх
тавигдсанаас хойш 1937 он хүртэл 127 удаа гарсан байна. 1937 оноос хойш цам
гарахаа больсоор, 1999 онд Хүрээ цам хуучин дэг жаягаар дахин сэргээгдэн
Улаанбаатар хотын Гандантэгчилэн хийдэд гарчээ.
Монголд гардаг цамд гэлэгвагийн урсгалын гол шүтээн
Жигжид ядамыг голлон шүтдэг. Жигжид ядамын зарлигийг биелүүлэгч нь “Чойжоо”
хэмээн алдаршсан Эрлэг номун хаан ажээ.
Их Хүрээнд Жахар цам жил бүрийн долоо, найман сард гардаг
байв. Жахар цамын гарах дэг жаягийг товчлон дурдвал,
– Зуны дунд сарын 15-нд цамд гарах лам нарын нэрсийг Их
Хүрээний хамба, цогчин гэсгүйгээр уламжлан Богд хаанаар батлуулдаг. Нэрсийг
зарламагц, хийд болгонд байсан цамын тусгай дацанд бэлтгэл сургуулийг өдөрт
хоёр удаа хийж эхэлдэг. Жинхэнэ цам гарахаас хоёр хоногийн өмнө хувцас өмссөн,
баггүй тоглох “гоё дэг” гэх эцсийн их сорилго болдог байжээ.
– Цамыг бурхны шашны их хурал номын нэгэн хэсэг болгон
цамнадаг бөгөөд цам гарахын өмнө хэд хоног хурал хурж сор, жахар зална.
– Хорвоо ертөнцөд зургаан зүйлийн хамаг амьтан үхэж,
төрөн хорвоогийн тоос болон замхарсаар олон давхарга хөрс үүсгэдэг гэнэ. Мөнх
бусыг үзүүлсэн өчнөөн амьтны хэлхээтэй араг яс өндөр уул болон өндийж, улмаар
уулс сүндэрлэдэг гэнэ. Ийм шаталбар болсон сүмбэр уулын оройд бурхад, догшид
сахиус залардаг гэнэ. Үүний загварыг дүрслэн бүтээснийг мандал гэдэг. Цамд
бурхны нэгэн орныг мандлаар дүрслэн бүтээнэ.
Цамд мандал цогцлуулан бурхан, сахиусыг бясалгал тарнийн
хүчээр урин залж, сүсэгтэн олонд толилуулан, тэр жилийн барцадыг линга, сор
зэрэгт шингээн муу муухай, нүгэлтэй зүйлээсээ ангижруулж буй хэрэг юм. Зарим
улсын цамд элсээр мандал цогцлуулан цам харайдаг бол Монголд Эрлэг номун хааны
ордон болох Жахарыг бүтээдэг билээ.
Сүм хийдийн өмнө цам гарах талбайг шүүрдэн цэвэрлэж, хүж
арц зэрэг угтлагаар ариутгана. Ясны гурил, цагаан шохойгоор дөрвөлжин тиг
татна. Тигийн дотор бие биедээ багтсан долоон давхар гортиг татна. Ийнхүү цам
харайх талбай мандал болж эхэлнэ. Гортиг бүр тодорхой эрэмбийн догшид, бараа
бологч байрлах давхар гэсэн үг. Хамгийн дотор талын гортиг буюу хамгийн дээд
давхарт Эрлэг номун хаан орших авай.
Цамын талбайг тиг, гортиг бэлэн болмогц тигийн эргэн
тойронд “зүг сахигчид” буюу “чогжон-жонъя” өнгө өнгийн туг барин байраа эзэлнэ.
Асрын гадна хуяг дуулга, ази хүний царайг харуулсан багтай хоёр баатар манаанд
гарна. Бариу хар хувцастай, хэрээний толгойг дүрсэлсэн баг өмссөн “хэрээ дүр”
асар доторх зүйлсийг хулгайлах оролдлого хийж, баатрууд хамгаална. Жахар сорыг
булаалцалдан эвдэх, хулгайлах байдал гаргадаг хэрээ нь хар зүгийн эсрэг дүр
ажээ. Жахар даасан цорж хөгжим, тарни уншлага, бүжгийн хөдөлгөөн зэргийг
зохицуулан цамыг ерөнхийд нь удирдан явуулдаг.
Ганлин, цан тус бүр дөрөв дуугарахад цам эхэлнэ. Хамгийн
түрүүнд “үхээрийн эзэн” гарч ирдэг. Чимээ аниргүй дүнсгэр орчинд үхээрийн эзэн
сорыг тойрон зургаан удаа гороолон цамнадаг.
Ганлин дахин дуугарч энэтхэгийн даяанч ламыг дүрсэлсэн
хүрэн улаан царайтай, хянгадуу хамартай “азар” гарч ирнэ. Азар шинэ баг гарч
ирэх тоолонд угтаж авдаг. Зарим догшдыг цустай гавал барин угтаж, газар цус
дусаах ба зарим багийг цэцэгтэй угтаж, замаар цэцэг зулна. Азарыг монгол цамд
Шамбалын орны элч зарлага болгож оруулсан байдаг.
Мөн Азар, Дүртэд Дагва нар үзэгчдийг зохицуулах үүрэгтэй.
Дүрдэт Дагва могойн шилбүүр барьж, Азар хадаг барьж явна. Үзэгчид Дүрдэт Дагвын
могойгоор шавхуурдуулбал муу ёр гэж үзэх тул түүнээс зай барьж, журам сахиж
үздэг байна.
Дунгийн дуугаар Хашин хаан зургаа буюу найман хүүхдийн
хамт гарч ирнэ. Сайхан сэтгэлийг илэрхийлсэн, инээмсэглэж буй ердийн монгол
хүний төрхтэй баг өмсөцгөөсөн, энгийн монгол дээл дээр орхимж хаясан байна.
Хүүхдүүд хонх, дамар бүрээ зэрэг тус бүр хөгжмийн ямар нэг зэмсэг барьсан
байдаг. Хашин хаан гол гол догшдыг гарч ирэхэд хадаг барьж угтана.
Хохимой, Хэрээ, Бүйвэй баатар, Шижир баатар, азар, Хашин
хаан хүүхдүүд бүгд туслах чанарын дүр болно. Бүйвэй баатар, Шижир баатар нь
Жахарын хоёр сахиул нь монголын үлгэр домгоос үүдэлтэй, зөвхөн монгол цамд
байдаг дүрүүд.
Ганилан, ес удаа дуугарахад Арслан толгойт Сэнгээндонжин,
Матар толгойт Чусриндонжин нар баруун гартаа илд, зүүн гартаа могой барьсаар
гарч ирнэ. Азар тэдний замд өвс зулж угтана. Арслангаар сэтгэлийн эрх чөлөөт
сэргэг зан чанарыг, матараар хүч чадлыг бэлэгддэг. Намсрай Гомбо-гүр (Луба),
Гонгор (Дүниомчин), Жамсран (Шиндой), Очирваань Лхамо (Лүннагиүвма), Шалин
(Гүжан), Цанба (Лүжин), Буга (Шава), Үхэр (Махи) зэрэг догшид гарч ирэн
өөрсдийн хувь цамаа цамнадаг нь өөр газрын цамд байдаггүй. Газар номхотгогч
хэмээх Шава, Махи хоёрын багт жүжиг хамгийн цоглог хөдөлгөөнтэй, бүжгийн урлаг
талаасаа хамгийн сонирхолтой баг. Огцом эргэх, үсрэх харайх, эврээр шижих газар
сэндийлэх маягийн эрчимтэй хөдөлгөөнүүдийг үзүүлдэг.
Улаан сахиус Жамсрангийн хоёр нөхөр Лайхансорогдог,
Рэгвийлхамо болон сэлэмчид буюу дитогжад нийлж түүний бүлэг бүрднэ. Дайны
бурхан Жамсран хамгийн том шүрэн баг өмсөж ихэмсэг алгуур хөдөлгөөнтэй
цамнадаг. Харин сэлэмчид нь 15 хүртэл насны банди нар жижиг улаан баг улаан
хувцастай түргэн хөдлөгөөнтэй сэлэмт бүжиг бүжиглэнэ.
Жамсраны дараа цагаан өвгөн хэмээх дүр гарна. Цагаан
өвгөн нь зөвхөн монгол цамд гардаг дүр Бурханы шашин дэлгэрэхээс их өмнөх үеийн
бөө мөргөлөөс улбаатай газар лус савдаг, хүн амьтны эзэн тэнгэр гэж үздэг.
Цагаан өвгөнийг унтаж байхад нь хивс гудастай нь дамжилж авчирч гортиг дотор
байрлуулна. Хашин хааны хүүхдүүд ирж дүрсгүйтсээр өвгөнийг сэрээнэ. Цагаан
өвгөн хашин хааны хүүхдүүдтэй хөөцөлдөн тоглож байгаагаар дүрслэгддэг. Цагаан
өвгөн сэрэж суниан биеийн чилээг гаргаад согтуу мэт гуйван явж олныг хөгжөөнө.
Цагаан өвгөний хувь цамын дараа шанага гардаг. Шанага нар
гарч ирэхэд Азар цэцэг зулж угтдаг. Цамд гардаг шанага буюу хар малгайтнууд
ертөнцийн энэхүү загварын хөрс заримдаа буддын ертөнцийн үүслийн дээрх онолын
дагуу сансарын од гариг гэж нэрлэгддэг нь ийм учиртай
Цам бүжгийн хамгийн хүндтэй бөгөөд гол баатарууд болох
Эрлэг номун хаан Дамдин Чойжил хар хөх өнгөтэй, бурхан тэргүүнтэй, гурван
мэлмийтэй дүрэлзсэн гал дунд заларч буй байдлаар догшин дүртэй дүрсэлдэг. Эрлэг
номун хаан хүний сүнсийг хариуцдаг. Дамдин Чойжил гарахад Азар бүтэн гавал цус
газар асгаж угтана. Дамдин Чойжилын хувь цам нүсэр гэмээр хамгийн алгуур
намбалаг хөдөлгөөнтэй.
Дамдин Чойжил, Зиманди нарын цамын дараа цамын дэд даамал
нарийн цээл хоолойгоор уянгалуулан уншлага уншиж, тэдний өмнө гавалтай цус
асгадаг. Үүний дараа Гомбо, Лхамо зэрэг догшид дахин гарч ирж Дамдин Чойжил,
Зиманди нартай хамт бүжинэ. Чамбон баруун гартаа мөнгөн цөгцтэй архи барин
жахарын дэргэд очин, архи барьж “сэржим” өргөдөг. Энэ үед “сэржим”-ийн уншлагыг
бүгд өндөр дуугаар аялгуулан уншина. Бурхадыг идээний дээжээр дайлж, цайлж буй
нь энэ юм.
Чойжилын хувь цамын дараа лам нар жөгжмөө зогсоож,
лингийн уншлага эхэлнэ. Лингийн уншлагын дундуур сүмээс линга, линга эвдэх
багаж залж авчирна. Линга залж ирэнгүүт Улаан сахиус Жамсран сэлэмчдийн хамт
гарч ирэн Дамдин Чойжилын хамт хоёр дугуй үүсгэн линга тойрон гороолно. Тэд энэ
дайсныг “цавч, устга” гэсэн утга бүхий тарни уншин гороолдог. Сүмээс бүгд гарч
ирэн эрэмбэ өндөртэй нь дотор гортигт, намтай нь гадна гэх журмаар бүх цам хамт
цамнадаг.
Үүний дараа лам нар суудлаасаа босч, багтай цамчдын хамт
сор залахаар хийдийн хашаанаас гадагш гарч явна. Сор залахаар товлосон газарт
түүдэг гал ноцоох модыг голдоо хөндий урц мягаар босгож бэлдсэн байна. Энэ
түүдгийг ноцоож, тарни уншлага гүйцэлдүүлэн байж, цам удирдсан лам эсвэл
заримдаа хийдийн хамба өөрөө жахар сорыг гал руу хийж шатаадаг. Лам нар цамчдын
хамт цамын талбайд эргэн ирнэ.
Цамчид тиг дотор гороолж Дамдин Чойжилоос эхлэн хийд рүү
төрөл анги, эрэмбээрээ цувж орсноор цам өндөрлөдөг. Энэхүү цан хөгжмийн хамгийн
хурдан цохилт дор цамнах сүүлийн цамыг “хурдан цэсэм” гэдэг. Хамгийн хүнд баг,
эрэлхэг баатрын нүсэр хувцастай Улаан сахиус Жамсран, хөнгөн баг хувцастай
сэлэмч хүүхдүүдтэй адил түргэн шаламгай цамнадаг тэнцвэргүй харагдаж, онц
сонирхолтой, гайхаж бишрэм байжээ. Шава Махи хоёр орохдоо хүний хараа гүйцэмгүй
уран хурдан цамнаж гялалзаад ордог байна.
Багтай цамчид ийнхүү орсны дараа баггүй шанагууд цангийн удаанаас
түргэн цохилоод хосоороо “хурдан цэсэм” үзүүлж ордог. Бэлэгдлийн чанартай хүнд
хувцас, багтай цамчид ийнхүү цангийн түргэн цохилттой хөл нийлүүлэн цамнаж
цамаа өндөрлөдөг нь цамчид хүний хүч чадал, биеийн хөдөлгөөний ур чадварыг
харуулсан бүжгийн урлагийн гайхамшиг юм.
Цамын баг
Багийн хэмжээ хүний толгойноос хоёр дахин том, цамчны нүд
багийн амын завьж хавьцаа таарч замаа хардаг. Бурхдын дүрийг илэрхийлэх багийн
цаасан шуумлын аргаар хийнэ. Догшдын баг эрдэнийн таван гавал бүхий титэмтэй
байна. Үүний учир нь, бурхны шашинд уур хилэн, атаа жөтөө, омог бардам,
харанхуй мунхаг, шунал, тачаал гэх нисваанисийн таван хор нь “нүгэл” бүхний эх
үүсвэр болдог гэж сургадаг. Энэхүү таван хороос Мижид бурхан уур хилэнг дарах,
Намбар Нанзад бурхан мунхаг харанхуйгаас ангижруулах, Дондов бурхан омог бардам
занг арилгах, Одбагмид бурхан шунал тачаангуйг тэвчихэд туслах зориулалттай
байна. Догшид сахиусын тэргүүнд язгуурын таван бурхныг төлөөлүүлэн эрдэний
дүрст таван чимэг зүүсгэл, таван чанар төгссөн эрдэнийн гавалт титэм өмсгөн
дүрсэлдэг нь ийм учиртай ажгуу.
Их Хүрээний их Чамбон Пунцаг-Осор цамын дэг болон лав
урлалаар олон шавьтай нэр хүндтэй хүн байжээ. Тэрээр 1910 онд том жижиг нийт
7881 ширхэг бодит улаан шүрийн өнгө хэмжээг тохируулан нүүрний булчин агших тэнийх
чигийн дагуу, үй зайгүй шигтгэн урласан Улаан сахиусын алдарт шүрэн баг гойд
хийцтэй урлагийн гайхамшигт бүтээл болж чаджээ.
Цамын догшин дүрт бурхдаас гадна Цагаан өвгөн, Хашин
хааны багаар хүний сайхан сэтгэлийн илрэлийг гаргадаг. Их Хүрээний Цагаан
өвгөний баг маш уран хошин инээдмийн дүр гаргасан хосгүй оргил бүтээлийн нэг
билээ.
Тахил
Тахилд багтах сор, линга, жахар, балин зэрэг нэг удаа
хэрэглээд, устгагдах зүйлсийг ч мөн маш уран нарийн хийцтэй бүтээдэг.
Сор. Сор нь гурвалжин суурьтай конус хэлбэртэй. Сор гэдэг
нь гурилан тахил гэсэн утгатай үг. Сорд тарнийн хүчээр тэр жилийн муу муухайг
шингээж, цамын үед галд хаяж устган, муу муухайгаас салж буй санааг
илэрхийлдэг. Сорыг мянган дайсны толгой огтолсон гэх сэлэмний төмрөөр хийсэн
тусгай таваг дээр байрлуулдаг.
Жахар. Төмөр балгас гэсэн утгатай. Жахар нь тамын орныг
бэлгэддэг, огтолсон конус хэлбэрийн, долоон давхар шаталбартай тахил. Давхар
бүгд янз бүрийн өнгийн зүстэй хүний дүрс, галын дөлийг урлаж хохимой толгой
бүхий араг ясан цээжин биеийн дүрс зоож хамгийн оройд хөх өнгийн дүрс байдаг.
Линга. Шашны дайсныг бэлэгдэж бүтээсэн эрэгтэй хүний дүрс
баримал буюу зураг. Линга гурилан, цаасан гэж хоёр янз байдаг. Гурилаар хийсэн
лингийг баглин, цаасан лингийг шоглин гэнэ. Линга гэж арзайсан сэгсгэр үстэй,
уурласан царайтай, залгих хоолой нь хялгас мэт нарийнхан, цүдгэр гэдэстэй,
гарыг ард нь хүлсэн эрийн зураг буюу дүрс баримал байдаг нь хүний сэтгэл хэзээ
ч ханадаггүй, хармын сэтгэлээр бусдын юманд үргэж шунан ховдоглож байдаг санааг
илтгэнэ. Зарим судлаачид энэ насандаа нүгэл их үйлдсэн хүмүүн тамын оронд бирд
болоод идье гэтэл амнаас нь гал гарах тул идэх юм хоол нь шатна, залгих гэтэл
хялгасан хоолой тул орохгүй үргэлжийн өлсгөлөнд тарчлах тавиланг бэлгэдэн
дүрсэлсэн гэдэг.Түүнийг олон хэсэгт хуваан эвдэснээр амий нь авч цаашид нүгэл
үйлдэж чадахгүй болгон сайн төрөлд илгээж байгаа утгатай.
Бөөгийн мөргөлийг агуулгын хувьд өөрчлөн багагүй зан
үйлийг хадгалан авсан шарын шашны үйл цамд үүнийг төлөөлж эр хүний дүрстэй
гурилан линга эвддэг болсон гэх үндэслэл бий.