Өнгөрөгч дөрөвдүгээр сарын сүүлч, энэ тавдугаар сарын эхний хагаст олон улсын болон манай орны олон тэмдэглэлт өдөр тохиож байна. Тухайлбал, Дэлхийн байгаль хамгаалах өдөр, Дэлхийн хөдөлмөрчдийн өдөр, Олон улсын гэр бүлийн өдөр, Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр, Оюуны өмчийн өдөр, Үндэсний бичиг үсгийн өдөр, Музейн өдөр тус тус болж байна. Эдгээр тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан улс орныхоо бүтээн байгуулалтын янз бүрийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим хүмүүст төрийн дээд цол, одон медаль өнөөдөр хүртээлээ.
Тэдний дотор 40 жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа чихмэлийн мастер Долгорын Дагиймаа Байгаль орчны гавъяат ажилтан цол хүртэж байгаад баяртай байна. Д.Дагиймаа бол Монгол Улсын нэрийн хуудас болсон Улсын төв музейгээс эхлэн одоогийн Байгалийн түүхийн музейн ан амьтны чихмэлүүдийн 90 хувийг урлан бүтээсэн гавъяатай хүн юм.
Түүнчлэн нөр их хөдөлмөр зүтгэлээ төрөөрөө үнэлүүлж гавъяат агрономич, гавъяат багш, гавъяат эмч, гавъяат тээвэрчин, урлагийн гавъяат зүтгэлтэн, үйлчилгээний гавъяат ажилтан, гавъяат малчин шинээр төрж байгаад баяртай байна.
Гавъяат тээвэрчин цол хүртсэн Хултайн Жаргалсайхан гэхэд нийтийн тээврийн салбарт ажиллахдаа өөрийн барьдаг троллейбусаар их засваргүйгээр нэг сая 200 мянган км замыг туулсан байна.
Мөн Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны тэргүүлэгч гишүүн, ая зохиогч, дуучин Содномцэвээний Хүрэлбаатарыг онцлон дурдахыг хүсч байна. Тэрээр 30 шахам жил урлагт зүтгэж, Монгол Улсынхаа бүх аймаг, сумаар олонтаа аялан тоглож, монголчуудынхаа хайр хүндэтгэлийг хүлээсэн хүн юм. Өнөөдөр гэхэд тэрээр хараагүй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чуулга уулзалтыг Төрийн ордонд анх удаа зохион байгуулж, оролцож байгаад нь баяртай байна.
Энэ өдөр мөн эрүүл мэнд, боловсрол, хууль сахиулах зэрэг байгууллагад олон жил ажилласан хүмүүс төрийн одон, медаль хүртлээ. Төрийнхөө өндөр шагналыг хүртсэн та бүхэнд болон та бүхний хамт олон, гэр бүлийнхэнд бас баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.