Барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ

Хуучирсан мэдээ: 2013.05.03-нд нийтлэгдсэн

Барилгын үзэсгэлэн нээлтээ хийлээ

“Барилга экспо-2013” олон улсын үзэсгэлэн яармаг өнөөдөр нээлтээ хийлээ. Монгол Улсын барилгын салбарт шинэ дэвшилтэт бүтээгдэхүүн, технологи нэвтрүүлэх уг үзэсгэлэнд нийт 250 гаруй байгууллага 1000 брэнд бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах  бөгөөд энэ сарын 13-ныг хүртэл үргэлжлэх юм. Үзэсгэлэн яармагийн ерөнхий зохион байгуулагчаар “Барилга.мн”  сэтгүүл ажиллаж байгаа бол үзэсгэлэнд Польш, Швейцарь, Тайланд , Вьетнам, ОХУ, БНСУ, Япон улсаас компаниуд оролцож байна.

Яармагийн нэгдүгээр хэсэг “Барилгын материал, Дэвшилтэт технологийн үзэсгэлэн” тавдугаар сарын 3-наас 6-ны өдрүүдэд, хоёрдугаар хэсэг “Шинэ орон сууц, ҮХХ-ийн үзэсгэлэн” тавдугаар сарын 10-аас 13-ны  өдрүүдэд болох юм байна. Тодруулбал,

Тавдугаар сарын 3-6-ны өдрүүдэд Барилгын материал, дэвшилтэт технологийн  үзэсгэлэн яармаг зохиогдох юм. Үүнд барилгын материал, тоног төхөөрөмж, машин механизм, холбоо дохиолол, цахилгаан тоноглолын үйлдвэрлэл, худалдаа импорт эрхэлдэг аж ахуйн нэгж, компаниуд оролцох бол,

Тавдугаар сарын 10-13-ны өдрүүдэд “Шинэ орон сууц, ҮХХ-ийн үзэсгэлэн зохиогдоно. Үүнд барилга угсралтын компани болон Барилга, ҮХХ-ийн бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжүүд оролцох ажээ.

Мөн энэ үеэр ЗГ-аас хэрэгжүүлж буй хөтөлбөрт хамрагдсан үйлдвэрлэгч, импортлогч компаниуд оролцох бөгөөд БХБЯ-тай байгуулсан гэрээний дагуу барилгын материалуудаа хямдралтай үнээр худалдаалах юм байна.

Энэхүү үзэсгэлэнгийн зорилго нь Монгол Улсын барилга, хот байгуулалтын салбарт шинэ бүтээгдэхүүн, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, төрийн байгууллагаас хийж хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийг олон нийтэд сурталчилан танилцуулахыг зорьдог юм. Мөн иргэдэд шинэ орон сууц, амины орон сууцны мэдээллийг хүргэх гэх мэт олон талт эрэлт хэрэгцээг хангахын зэрэгцээ бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаа, зах зээлийг өргөжүүлэхэд орших ажээ.         

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж