-Төсвийн тодотгол УИХ дээр яригдаж байгаа. Засгийн газар үүн дээр багагүй засвар хийсэн байх. Гэвч ОУВС-гаас өгсөн зөвлөмжтэй харьцуулахад ямар ч шинэчлэл хийгдээгүй л гэж бодож байна. Та энэ асуудлаа ямар байр суурьтай байна?
-Засгийн газар, Сангийн яамнаас УИХ-д төсвийн тодотгол оруулж ирээд хэлэлцүүлж, нэлээд их өөрчлөлт оруулж байна. Энэ маань манай Засгийн газар, Сангийн яамны байр суурь маш өөрчлөгдөмтгий, тууштай биш байгааг л харуулж байна. Намар төсөв батлуулахдаа ч, одоо тодотголоор оруулж ирэхдээ ч үндсэн зарчмаа огт баримтлахгүй байна. Монгол Улсыг хөгжүүлэх үндсэн чиглэл болсон маш чухал баримт бичгийг бид нэлээд хэдэн жилийн өмнө баталсан. Монгол Улс бүсчилсэн хөгжлийн чиг баримжааг баримтална гэсэн. Бүсчилнэ гэдэг маань хөрөнгө оруулалтаа 300-400 сумаар жил болгон тарааж цацахгүй, бүсийн төвүүд рүүгээ хөрөнгө оруулалтаа оруулья гэсэн үг. Монголын газар нутгийг 5-6 бүст хуваагаад, хөрөнгө оруулалтаа тийш нь төвлөрүүлбэл Монголын иргэдэд очих нийгэм, санхүүгийн бүх үйлчилгээ хямдарна. Одоо сумдад амьдарч байгаа иргэдэд нийгмийн үйлчилгээ хүргэхэд маш өндөр зардал гардаг. Энэ тархай бутархай байдлаас болоод сургууль боловсрол, захиргааны үйлчилгээ, дээр нь зөвхөн ахуй амьжиргааны өртөг маш өндөр байгаа. Улаанбаатарт үйлдвэрлэсэн талх, гурилан боов л гэхэд аймаг, сумдад хоёр дахин өндөр үнэтэй очиж байгаа шүү дээ. Яг манайх шиг орныг аваад үзэхэд жишээлбэл, Австрали маш том газар нутагтай мөртлөө 4-5-хан том хотдоо хүн ам нь төвлөрөөд амьдардаг. Тэнд бүх өртөг хямд. Бод л доо. Бид хэдхэн жилийн өмнө бүх сумд руу цахилгаан эрчим хүч татсан. 300-хан өрхөд зориулж эрчим хүч татна гэдэг чинь л буруу байхгүй юу. Иймэрхүү маягаар байвал бид хэзээ ч хөгжихгүй. Хамаг мөнгөө дэмий шороонд булаад л дуусна.
-Аль хэдийнэ бүх сум руу эрчим хүч татаад дуусчихсан биз дээ?
-Дууссан. Иймэрхүү зардлыг л бид аль болох багасгах хэрэгтэй. Гэтэл энэ зарчим маань төсөвт огт тусахгүй байна.
-Бүсчилсэн хөгжил ярьдаг аа. Гэтэл үүнийгээ хуулиар баталгаажуулсан нь хаана байна вэ, засаг захиргааны нэгжүүд маань нөгөө л 21 аймаг, 350 гаруй сумаараа байгаа шүү дээ?
-Засгийн газар өөрөө бүсчилсэн хөгжлөө төсөв дээрээ хийгээд УИХ-ыг шахах хэрэгтэй байхгүй юу. Аймгуудын төв, бүсийн төв рүүгээ гол хөрөнгө оруулалтаа хийгээд, жижиг дунд бизнесээ дэмжээд эхэлбэл хүмүүс аяндаа төвлөрөөд эхэлнэ. Ямар ч хууль эрх зүйн орчин өөрчлөөгүй байхад өнөөдөр Улаанбаатар луу бүгд нүүгээд л байгаа биз дээ. Энэ чинь баталгаа нь. Улаанбаатарт л ажил олдоно, амьжиргаатай, эрүүл мэнд, нийгмийн бүх үйлчилгээг хямдхан авч болно гэдгийг хүмүүс ухамсарлаад нүүж байна гэсэн үг. Яг ийм бодлогыг бүсийн төвүүд дээр явуулах хэрэгтэй. Энэ бодлого төсөвт тусахгүй байна. Хөрөнгө оруулалтыг жаахан ухамсартай бодлоготой хийе. Бусад оронд бол аливаа зүйлд хөрөнгө оруулалт хийхийн тулд заавал техникийн болоод санхүү, нийгмийн үнэлгээ хийж батлагдсаны дараа санхүүжилт авдаг. Гэтэл манайд төсвийн хөрөнгөөр санхүүжиж байгаа энэ олон зуун обьект, сургууль цэцэрлэгүүдийн нэгд нь ч үнэлгээ хийгээгүй юм билээ. Энэ жил бид хөрөнгө оруулалтад 500 тэрбум төгрөг зарцуулж байгаа. Гэтэл 7-8-хан жилийн өмнө энэ тоо 30-40 тэрбум л байсан, би маш сайн санаж байна. Өнөөдөр энэ хэмжээ 20 дахин нэмэгдсэн мөртлөө ямар ч өгөөж байхгүй. 10-20 жилийн өмнө бол Монгол Улсын бүх сумдад эмнэлэг байгуулах шаардлага байсан. Холбоо, зам тээвэр, дэд бүтэц муу, тиймээс тэнд хүн өвдлөө л гэвэл эмнэлэг байхаас өөр аргагүй. Өнөөдөр холбоо харилцаа ингэж сайжирсан үед сум болгонд эмнэлэг барих шаардлагагүй.
Хөдөө сумын 12 ортой эмнэлэгт 2-3-хан хүн л хэвтэж байгаа байхгүй юу. Тэр эмнэлгийг өвөл бүтэн зургаан сар галладаг, эмнэлгийн албан хаагчдыг жилийн 12 сар тэжээдэг. Хүн эмнэлэгт хэвтэхгүй бол тэд зүв зүгээр цалин аваад л сууж байгаа байхгүй юу. Ганцхан сумын эмнэлэгт тийм их зардал гардаг. Өнөөдөр тэнд нэг хүн өвдөхөд нисдэг тэргээр авчраад нэгдүгээр эмнэлэг ч биш “Чингис” зочид буудлын люкс өрөөнд хэвтүүлээд эмчлэхэд түүнээс хямдхан тусна даа. Та нар өөрсдөө бодоод үзээрэй.
-Гэтэл оны өмнө УИХ-аар төсөв батлахад хэдэн гишүүн Сангийн яаманд сумын эмнэлэгт машин авч, багаж хэрэгсэл авч өгөөч, ажиллагсдынх нь орон тоог нэмж өгөөч гэж нэхэж оруулсан бол?
-Мэдээж бүгдээрээ л нэхэж байгаа. Гэхдээ Засгийн газар бодлогоо гишүүдэд ойлгуулж саналаа оруулж ирэх хэрэгтэй шүү дээ, ингэхгүй бол Монгол Улс хөгжихгүй. Дээр нь Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийнхаа зарчимд эргэж ороод хэдэн жил боллоо. Бүгдийг нь төвдөө хурааж аваад, буцаагаад тараадаг. Нэг л их сайхан сэтгэлтэй Сангийн сайд, төсвийн захирагч нар… Энэ чинь эргээд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг руугаа л орсны шинж. Одоо орон нутгаар яваад танайд хөрөнгө оруулалт хийе гэвэл бүгд эсэргүүцнэ. Яагаад гэвэл тэнд юу ч хийсэн бүх орлогыг нь төв рүү татаад авчихдаг учраас хүмүүс биенес, хөрөнгө оруулалтын ямар ч төслийг дэмжих сонирхолгүй болчихсон. Өөр бусад оронд хөрөнгө оруулалт хийх гээд очиход алга ташаад хөгжимтэй угтдаг бол манайд бүгдээрээ хөөж, жагсч, үргээж угтдаг. Тэгэхээр манай амьдралын логик буруу байгаа биз дээ. Тийм учраас бид ийм нэг нялхарсан, хавтгайруулсан, халамжлан тараасан төсөвтэйгээ байгаад байна. Үүнийг л би шүүмжлээд байгаа юм.
-Засгийн газар төсвийн тодотголыг хоёр дахь удаагаа оруулж ирж байгаа. Тэгээд юу нь сайжирсан юм?
-Сүүлийн хоёр жил төсвийн алдагдал аймаар томорлоо. Зөвхөн Засгийн газраас гаргасан бонд л гэхэд 600-гаад тэрбум төгрөг хүрээд байна. ОУВС-гаас зээлжилт дээр хязгаар тавьсан хязгаараас хэд дахин даваад гарчихлаа. Түр хугацааны санхүүжилтийн бондын хэмжээ нь гэхэд 650 тэрбум байна шүү дээ. Ярьж байгаа стратеги нь зөв мөртлөө үйлдлүүд нь дандаа буруу яваад байна.
-Хоёр долоо хоногийн өмнө ОУВС-гийнхан Эдийн засгийн байнгын хорооны гишүүд, Сангийн яам, Монголбанкныханд анхааруулга өгсөн. Бэлэн мөнгө их тарааснаас оны эцэс гэхэд инфляци 27 хувьд хүрнэ. Монголбанк бодлогын хүүгээ нэмлээ гээд хувийн хэвшлээ боомилж, хөрөнгө оруулалтыг үргээхээс өөр аргагүй гэж. Тэгээд үүнээс Засгийн газар, УИХ-ын гишүүд санаа авсан зүйл харагдахгүй л байна даа?
-Миний ажиглаж байгаагаар манай энэ төсөв санхүүгийн байдал Грекээс муухай харагдаж байна. Би өөрөө санхүүгийн хүн болохоор бусад орны санхүү, мөнгөний байдал ямар байгааг байнга л үзэж, харахыг боддог. Засгийн газар 76 гишүүний бүх хүсэлтийг гүйцээж төсөв оруулах шаардлагагүй. Болохгүй байна, бидний саналыг хүлээж авахгүй бол та нар өөрсдөө энэ ажлаа хий гэж хэлж чадах зоригтой байх хэрэгтэй шүү дээ. Албан тушаал дээрээ үлдэхийн тулд хавтгайруулсан, халамжилсан төсөв хийсээр байгаад энэ эдийн засаг чинь сүйрлээ шүү дээ.
-Тухайлбал, танын харьяалагддаг Төсвийн байнгын хороо яагаад үүнийг засч залруулж болдоггүй юм. Та өөрөө санаачлаад?
-Би байнгын хороон дээр саналаа байнга хэлж байгаа, олонхи болсон үед миний санал дэмжигдээд, ихэнхдээ цөөнх болоод л явж байгаа.
-Гэтэл хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай “Утаагүй Улаанбаатар” гэх мэт томоохон төслүүдийн санхүүжилт огт шийдэгдэхгүй л байгаа биз дээ?
-Харин тийм. Сая жишээ нь “Айвенхоу майнз”-аас 100 сая ам.долларын урьдчилгаа авснаа тараах ямар шаардлага байв? Байнгын орлогоо бий болгож байж мөнгө тараах хэрэгтэй шүү дээ. Орлого олоогүй байтлаа зээл тавиад мөнгө тараана гэдэг чинь гэмт хэрэг. Би жишээ нь зээл аваад хүүхдүүддээ гутал хувцас авч өгөөд байвал энэ гэр бүлийн санхүү сүйрнэ ээ дээ. Яагаад ингэж бодож болдоггүй юм.
-Гишүүд нэг нэгээрээ болохоор ингэж ярьдаг юм аа, их ухамсартай. Гэтэл нийлж суугаад шийдвэр гаргахаараа дандаа буруу талд нь кнопоо дарчихдаг. Энэ хэзээ засрах вэ?
-Сонгууль л залруулахаас бид одоо залруулахаасаа өнгөрлөө л дөө. Мэдээж хэзээ нэгэн цагт засарч л таарна. Арай ч ийм заяа нь хаячихсан ард түмэн гэж байхгүй байлгүй дээ. Дандаа ийм ядуурал нь давамгайлаад явахгүй байлгүй.
-Анх 70 мянгыг тарааж эхлэхэд л хэвлэлүүд “болохгүй шүү” гэж өдөр болгон бичиж байсан. Одоо ч гэсэн 1,5 саяыг тараах уу? Залруулах арга байхгүй юу?
-Одоо бол 1,5 саяыг тараах аргагүй болчихлоо шүү дээ. Тараая ч гээд чадахгүй. Манай улс төр, эдийн засгийн шийдвэр гаргадаг тогтолцоо маань өөрөө “1,5 саяыг битгий төл” гэсэн тогтолцоо байхгүй юу. Жишээлбэл, одоо ажиллаж байгаа “Эрдэнэт”-ийн хувьцааг Лондон, Хонконгийн бирж дээр гаргахад нэлээд том мөнгө босно. Амлалтаа биелүүлье гээд механикаар энэ ажлыг хийж болно. Хайран мөнгийг тэгж цацмааргүй байна шүү дээ. Монгол Улсад ямар ч үйлдвэрлэл байхгүй байхад нөгөө мөнгө чинь шууд л гадагшаа урсаад, гадны үйлдвэрлэлийг дэмжээд л гараад явчихна, Гутал хувцас болоод. Гэхдээ энэ шийдвэрийг Засгийн газар ч, УИХ ч гаргаж чадахгүй. Яагаад гэвэл бүгдээрээ бие биеэ хардаж сэрдэнэ, хориг тээг тавина. Энэ тогтолцоо нь бол аягүй сайн ажилладаг. Харин эдийн засгийн хөгжлийг дэмжсэн шийдвэр гаргах тогтолцоо байдаггүй. Хар л даа, Оюутолгой дээр бид зургаан жил хэрэлдэж, ноцолдсон, эцэст нь яг л зургаан жилийн өмнөх вариантаараа гаргаа биз дээ. Хайран зургаан жил. Дараа нь уран дээр хар. Бас л Монгол Улсын эрх ашгийн эсрэг шийдвэр. Харахад бүх лицензийг гадаадынхнаас хураагаад авчихсан, монголчуудынх болчихсон юм шиг харагдаж байгаа боловч үнэн хэрэгтээ бол гадаад зах зээл дээр “Монголчууд хамгийн хэрэггүй хүмүүс, үргэлж шийдвэрээсээ буцдаг. Монгол бол хамгийн хэрэггүй орон, хөрөнгө оруулж болохгүй” гэсэн дохиог өгсөн байхгүй юу. Хэдэн жилийн өмнө Монголын Засгийн газар ураны үйлдвэрүүдээ бүгдийг нь хувьчлаад зарчихсан шүү дээ. Тэр хүмүүстэй л хариуцлага тооцох ёстой болохоос худалдаж авсан гадны хөрөнгө оруулагч буруудаж болохгүй биз дээ. Хэдхэн жилийн өмнө л “уул уурхайг дэмжинэ” гээд баахан лиценз өгөөд байсан, өнөөдөр эргээд усны сав, ойн сан газарт уул уурхай эрхлэхгүй гээд хөрөнгө оруулсан компаниудын лицензийг хүчингүй болгож байна. Ийм байхад яаж хөгжих юм бэ?
-Тэгвэл шийдвэр нь хараахан гаргаагүй сэдэв рүү орьё л доо, төмөр замын бодлого. Та яамнаас оруулж ирсэн саналыг дэмжиж байгаа юу, тухайлбал урагшаа төмөр замыг эхлүүлэхгүй гэдэг дээр?
-Аль ч чиглэл, цариг нь Монголд ашигтай, хэрэгтэй. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө л гээд байх юм. Өнөөдөр төмөр замаар танк зөөдөг арми байхгүй. Төмөр замаар бараагаа л хурдан зөөнө шүү дээ. Тэр тусмаа Хятадтай нарийн царигаар холбогдох юм бол бүр ашигтай. Яагаад гэвэл монголчууд дандаа задгай бараа гаргадаг, нүүрс, төмрийн хүдэр гэх мэтчилэн. Үүнийг аль болох замд нь сэлгэн ачилт хийхгүй, зардал багатайгаар Хятадын том зах зээл рүү оруулах хаалгатай болох нь монголчуудад л хэрэгтэй. Хоёр жилийн өмнө Замын-Үүдэд хичнээн их ачаа бөөгнөрч байлаа? Сэлгэн ачих даац хүрэхгүй, монголчууд л хохирч байсан шүү дээ.
-Зардал хямд байх тусам дундаас нь гарах ашиг Монголын талд үлдэх юм гэдэгт хүмүүс итгэхгүй байх шиг байна л даа. Монголчууд л юм чинь юм хямдхан л зарж таарна гээд л?
-Монголын талд үлдэхдээ л үлдэнэ. Өнөөдөр ч гэсэн алт, зэсээ зах зээлийнхээ үнээр борлуулж л байна шүү дээ. Харин манай мөнгө санхүүгийн орчин муудахаар л хүмүүс мөнгөө гадаадад үлдээгээд байдаг болж байна шүү дээ. Өнөөдөр Монголд бүх банкуудын данс руу орж, шалгаж, нэгжиж байна. Ийм дэглэмтэй учраас гадаадын байтугай Монголын бизнесмэнүүд өнөөдөр Монголын банкууддаа мөнгөө үлдээхгүй байна. Хэдэн жилийн монголчууд банкинд мөнгөө хийдэг байсан. Өнөөдөр бүгд зугтаалгаад Хонконг, Сингапурын банкинд байршуулж байна. Орос яагаад хөгжихгүй байна? Орос бас ийм чанга дэглэмтэй учраас бүх мөнгө нь гадаадад байршиж байна. Хамгийн сайн мөнгө тогтож байгаа орнууд Гонконг, Сингапур, Люксирбург, Швейцарь. Хүний дансанд байгаа мөнгө хад чулуун дор нуусан юм шиг л найдвартай. Төр засаг банкууд руугаа их ороод ирэхээр гадаадын компаниуд мөнгөө хадгалуулахаа больсон, бүгд гадагш нь гаргасан. Хамгийн том “Мобиком”-оос авахуулаад. Мөнгөтэй компаниуд, иргэд бүгд мөнгөө гадагш нь гаргасан. Тэгэхээр бид бизнес хийх мөнгөгүй болсон. Аягүй муу нөлөөтэй байгаа биз. Ганц хоёрхон хүнд сайнаар нөлөөлсөн байж магадгүй. Цагдаа, прокурор, шүүхийнхэнд данс руу нь орж айлгаж байх нь сайхан байж магадгүй.
-Сая УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос Монголбанкинд тагнуулынхан нэвтрэх эрхтэй байх хүсэлт тавьсан, зөвшөөрөөгүй гэсэн.
Яагаад?
-Тийм. Тэр л бас буруу байхгүй юу. Гэмт хэрэгтэн нь мөнгө биш, хүн. Хүнийг илрүүлдэг хайдаг цагдаа, тусгайгийнхан, Авлигатай тэмцэх газрынхан хүнээ биш, мөнгийг хайгаад, мөнгөтэй л бол хэнийг ч дарамталж болох дэглэм рүү явах гээд байна шүү дээ. Харин үүн дээр Монголбанк, арилжааны банкууд нэгдмэл байр суурьтай байгаа бол зөв л байна.
-Тэгвэл банкууд яагаад дампуурсан бэ, хяналтгүйгээс болоогүй гэж үү?
-Ерөнхийдөө манай эдийн засаг, санхүүгийн байдал муудсантай л холбоотой. Гэхдээ Монгол Улс энэ хямралд орхгүй байж болох байсан, бид өөрсдөө буруу бодлого явуулснаас болсон.
-Зүв зүгээр байсан хадгаламжид төр баталгаа гаргаснаас болоод банкны үүсгэн байгуулагчид нь өөрсдөө зориуд дампууруулсан юм биш үү?
-Баталгаа гаргах нь зөв л дөө. Гэхдээ эдийн засгаа хөнжүүлэхгүй, бизнесийн санхүүжилтээ хямдруулахгүй, цөөхөн тооны мөнгөтэй хүмүүсийн хадгаламжийг л баталгаажуулсан хэрэг болчихсон шүү дээ. Бусад оронд баталгаа гаргадаг. Гэхдээ хүү нь тэдээс дээш бол бид хариуцахгүй шүү гэсэн хязгаар тавьж өгдөг. Баталгаа гаргангуут банкууд өндөр хүүтэй хадгаламж шинээр аваад, хуучин хүү багатай хадгаламжуудыг нь хаалгаад эхэлнэ шүү дээ. Тийм л буруу санхүүгийн орчин бий болгочихсон юм чинь. Монголын эдийн засаг хөгжихөөргүй орчинд амьдарч байна шүү дээ. Ямар ч бизнес хийсэн ашиг олохгүй юм чинь бүгдээрээ зүгээр ингээд байж байсан нь дээр шүү дээ.
-Монголбанк төгрөгийн ханшийг унагахгүй гээд хоёр дахь удаагаа бодлогын хүүгээ нэмлээ. Гэвч энэ чинь үр дүнгүй гэдгийг ОУВС-гийнхан их тодорхой хэлсэн байсан. Гэтэл яагаад үүнийг ойшоохгүй байгаа юм бэ?
-Би ч анхнаас нь хэлж байсан. Монголбанк захаас мөнгө татдаг нь өнөөдрийн энэ хямралын үед буруу бодлого. Дээр нь Засгийн газрын бондыг хэтэрхий их худалдаж аваад байгаа юм. 600 гаруй тэрбум төгрөгийн бондыг худалдаад авчихсан явж байна. Тэгвэл энэ бондоо олон улсын зах зээл дээр гаргаж доллар болгож оруулж ирэх ёстой. Доллар ороод ирэх юм бол манайд инфляци болохгүй, түүгээр чинь гаднаас бараа оруулж ирнэ. Засгийн газрын ардаа ямар ч бараагүй, илүүдэл өрийг Монголбанк худалдаж аваад, төгрөгийг нэмээд зах руугаа гаргачихаад, үүнийгээ умартаад арилжааны банкуудаас бүх илүүдэл төгрөгийг нь буцаагаад төв банкны үнэт цаасаар татаад авчихсан байгаа юм. 800-900 тэрбум төгрөг. Монголын зах зээл дээр ямар ч үр ашиггүй хэдэн төгрөг гаргаад, түүнийгээ буцаагаад татаад авчихаж байгаа гэсэн үг. Үр ашигтай төгрөг ерөөсөө гарахгүй байна. Уг нь Монголбанкнаас гаргаж байгаа энэ төгрөгөө зориулалттайгаар гаргаад, моргейжид ч юм уу оруулсан бол барилгын салбараараа дамжуулаад тээвэр, хүнс үйлчилгээ гээд холбоотой бүх салбараа дэмжинэ шүү дээ. Тийм дэмжлэгийн мөнгө гарахгүй байна. Халамжийн мөнгийг дэмжсэн хоосон бондыг л худалдаж аваад байна шүү дээ, Монголбанк.
-Тэгвэл үүнд Монголбанкинд мөнгөний бодлого биш, улс төрийн амлалт, Засгийн газрын буруу шийдвэрийг л дэмжсэн бодлого яваад байгаа юм биш үү?
-Улс төр явж байна, энэ бас л буруу. Засгийн газар бондоо зараг л дээ, Монголбанк түүнийг нь авахгүй ёстой байхгүй юу. Нэгэнт авсан юм бол цааш нь олон улсын зах зээл рүү гаргах ёстой. Яагаадгаргахгүй бариад суугаад байгаа нь бас их сонирхолтой. Засгийн газрын бондыг цааш нь гаргах шиг амархан юм байхгүй, хамгийн амархан зүйл энэ. Монголбанк Монголын Засгийн газрын бондыг санал болгож байна гэвэл гадны хөрөнгө оруулагчид ч маш их сонирхно, худалдаж авна. Урт хугацааны бөгөөд хөнгөлөлттэй хүүтэй болгочих байхгүй юу.
-Үүнд банкны удирдлагуудын чадвар дутагдаад байгаа юм биш үү?
-Мэдлэг, чадвар дутагдаад байна уу, эсвэл хүсэхгүй байна уу.
-Монголбанкны асуудлыг УИХ-аар удаа дараа хаалттай хэлэлцсэн, мэдээллийг нь сонссон. Тэр үед нь үүнийг ярьдаггүй юм уу?
-Бүү мэд, би тэр хэлэлцүүлэгт нь ордоггүй, би Эдийн засгийн байнгын хорооны гишүүн биш. Төсөв, Аюулгүй байдлын байнгын хорооны гишүүн. Энэ байнгын хороогоор асуудал нь бараг ордоггүй юм.
-Тэгвэл та энэ УИХ-д яах гэж суугаа юм бэ, таны ярих ёстой юм чинь л банк биз дээ?
-Хачирхалтай л юм билээ. Өнгөрсөн жил банкны тухай хуулийг УИХ-аар хэлэлцээд, ажлын хэсэг байгуулаад явсан шүү дээ. Тэгэхэд “Чулуунбат сонирхлын зөрчилтэй” гээд ажлын хэсэгт оруулаагүй. Би чинь банкны салбарт 30-аад жил ажиллачихаад хууль батлалцахад нь оролцсон бол хувийн туршлагаараа ч, гадаад орнуудын туршлага үйл ажиллагааг 30 жил ажигласны хувьд зөв зүйтэй юм хэлэх л байсан байх гэж боддог юм. Одоо тэгээд нөгөө баталсан хуулиуд нь арилжааны банкуудаас баахан шүүмжлэл хүлээгээд л явж байна.
-Яагаад ашиг сонирхлын зөрчилтэй гэж, Танд хувийн банк байхгүй биз дээ. Монголбанкинд ямар хувьцаа гэж байх биш?
-Бүү мэд. Ямар үндэслэлээр ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн юм. Магадгүй, би Монголбанкинд хэтэрхий удаан ажилласан байж болох юм. /инээв/
-Саяхан Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж ярилцлагадаа санамсаргүй хэлсэн гэхийн аргагүй нэг мэдэгдлийг хийсэн байгаа. 200 сая ам.доллар гадаадын гуйлгачинд өгөөд алдах гэж байхад нь би Монголбанкны захирлыг огцруулаад 25 сая ам.долларын алдагдалтай гаргасан. Үүнийхээ төлөө УИХ-ын даргаас огцорсон юм шүү дээ гэж. Нэрийг нь хэлээгүй тэр хүн бол та. Таныг огцруулах үед УИХ дээр ч Ц.Нямдорж дарга энэ тухай ил тод ярьж байсан. Яагаад энэ сэдэв дахиад сөхөгдөх болов оо?
-Би Монголбанкинд 30 жил ажилласан. Дундуур нь гадны банкуудад найман жил ажилласан. Насаараа санхүүгийн инструментуудтай ажиллаж байгаа хүн. LC буюу банкны баталгаагаар хөрөнгө босгох ажлыг 1994 онд “Алт” хөтөлбөр батлагдсанаас хойш хийсэн. Анхны мөнгийг оруулж ирээд санхүүжүүлж болоод л байсан. 2000 оноос хойш бусад хөтөлбөрүүд дээр “LC”-гээр л мөнгө босгоод болоод л байсан шүү дээ. Санхүүгийн зах зээлийг ойлгодоггүй хүнд тэгж ойлгогддог байх. Монголбанкны ерөнхийлөгч хамтарч мөнгө цохих гэж байна гэж хардаж сэрдээд өнөөдрийг хүртэл тэр цонхоороо л харж байгаа байхгүй юу. Моргейжийн зах зээл руу мөнгө оруулна гэдэг хувь хүн хувьдаа авч болдоггүй мөнгө байхгүй юу. Арилжааны банкууд дээр байгаа бүх моргейжийн зээлийг Монголбанк худалдаж авах ёстой байсан юм. Тэгээд мөнгөтэй болсон арилжааны банкууд цааш нь Монголын эдийн засаг, барилгын салбар, уул уурхай руу оруулна. Өнөөдөр манай арилжааны банкууд дээр 800-900 сая ам.доллар моргейжийн зээлд өгөөд гацчихаад байна шүү дээ. Иргэд орон сууцаа барьцаалаад зээл авчихсан. Үүнийг нь манайх аль эрт дэлхийн зах зээл рүү гаргачихсан байх ёстой байхгүй юу. Бусад орнуудын тэтгэврийн сан, хөрөнгө оруулалтын болон даатгалын гэх мэт урт хугацааны сангууд бүгдээрээ иймэрхүү үнэт цаасуудыг худалдаад авчихдаг. Манайхан үүнд нь гаргаад өчих ёстой байсан юм, миний анхны санаа ч тийм л байсан.
-Тэгээд юу ч үгүй гуйлгачин ч билүү, луйварчинд баталгаа гаргаж өгсөн л гэж таныг буруутгаад байгаа шүү дээ?
-Юу ч үгүй гуйлгачинд би мөнгө өгөх гэж байгаа биш, тэр өөрөө надаас юм худалдаж авах гэж байгаа юм шүү дээ. Намайг ажлаас гарахад зүгээр л байсан. Ажлаас гарсны дараа Монголбанк тэр дундын компани болоод бусад банкуудад ямар авир гаргасныг би хянаж чадахгүй шүү дээ. Миний “LC” гаргасан банкууд ING, Дойчи, Росбанк гээд дандаа дэлхийн зах зээлд нэр хүндтэй банкууд байсан. Харилцагч компаниуд ч гэсэн. Тэр мундаг нэр хүндтэй компаниудын ард луйварчин уу. Монголбанк тэр гэрээгээ хүндэтгээд, цааш нь явуулах дургүй бол ядаж хэлэлцээр хийх ёстой. Нэг тал нь тэгж дураараа гэрээгээ зөрчиж болдоггүй юм. Дураараа зөрчсөнөөс болоод бид өнөөдөр зөндөө олон асуудлаар олон улсын маргаан таслах арбитражуудад дуудагдаад байна шүү дээ, тэр тусмаа Засгийн газар. Бизнесийн асуудлыг дандаа хэлэлцэж, ярилцаж шийдэх ёстой, нэг тал нь дангаараа шийдэж болдоггүй.
-Тэгвэл таныг ажлаа өгөх хүртэл 200 сая ам.долларын асуудал зүв зүгээр үргэлжлээд явж байсан гэсэн үг үү?
-Тэгэлгүй яах юм бэ. Хийх дургүй бол нөгөө талаа дуудаж авчраад хэлэлцээр хийх ёстой. Миний ойлгосноор хэлэлцээр хийхээр дуудаад, тэр хүн нь ирсэн гэсэн. Тэгээд л асуудал яагаад ч юм зогсчихсон. Би бол ийм гэрээнүүдийг насаараа зурсан хүн, зарим дээр нь маргаж ч байсан.
-Тэгвэл яагаад энэ асуудлыг өнөөдөр гэнэт иймэрхүү маягтайгаар сөхөж байгаа юм бэ? Юунд зориулж?
-Мэдэхгүй. Ц.Нямдоржийн авир ч ер нь огцом шүү дээ. Ярилцлага өгөх нь битгий хэл хүнтэй харьцах нь хүртэл огцом шүү дээ, бид бүгд л мэднэ.
-Чиглэсэн зүйл зүйл нэг л байгаа л даа. Тэр нь та биш гэж үү?
-Би л нэг тийм хулгайч, луйварчин болж тэр хүнд харагддаад байдаг юм байлгүй дээ.
-Та хоёрын дунд юу болсон юм бэ?
-Ямар ч юм болоогүй шүү дээ.
-Ийм хүнийг УИХ-д оруулж ирсэн намын буруу гэж харагдахаар л ярьсан байсан даа?
-Би бол Монголбанкинд ажиллахдаа үүргээ маш сайн биелүүлсэн гэж боддог. Дэлхийн зах зээл дээрх Монголын нэр хүнд сайжирсан, санхүүгийн үзүүлэлтээрээ ч Монголбанк маш их сайжирсан шүү дээ. Цэвэр ашиг ч маш их гарсан.
-Нэг удаа бол алдсан гэдгээ та хүлээдэг биз дээ, нөгөө 10 сая ам.долларын асуудал. Гэхдээ үүнээс хэд дахин ихийг олсон гэж?
-Тар 10 саяыг чинь алдаагүй шүү дээ. Одоо хүртэл мөнгө нь орж ирж л байгаа юм билээ. Сая Л.Пүрэвдорж гуайг ажлаа авсны дараа Монголбанкнаас хүн Москва явахад 2,7 сая нь билүү ороод ирчихсэн байна лээ шүү дээ, бүр хоёр жилийн өмнө. Манайхан л өөрсдөө очиж авахгүй байгаа байсан болохоос биш. Монголын банкинд хийх төлбөр гээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дансанд орсон байна лээ. Түүнийг нь бид очоод авах л ёстой биз дээ. Авахгүй бол би энд хулгайч хэвээрээ л байгаад байна шүү дээ. Би хэрэв түүнийг хулгайлаад, эсвэл хуйвалдаад авчихсан бол цаад улсууд нь “О.Чулуунбат тэдийг нь төлнө” гээд хэлдэг юм байгаа биз дээ.
-Одоо Монголбанкны боловсон хүчний чадавхи ямархуу төвшинд байгаа вэ?
-Мэдэхгүй байна. Би байхдаа хамгийн сайн, чадвартай боловсон хүчнээр Монголбанкны хамт олныг бүрдүүлэхийг оролдсон. Сайн ч боловсон хүчинтэй ажиллаж байсан. Хоёр жилийн өмнө сонсоход надаас хойш гадаадад мастерийн зэрэг хамгаалсан 50 хүн ажлаасаа гарчихсан байсан.
-Яагаад?
-Яагаад гэдгийг нь би нарийвчилж, асууж шалгаагаагүй л дээ. Тийм тогтворгүй боловсон хүчний бодлого байж болохгүй л дээ. Монголбанкинд жишээ нь англи хэлгүй хүн ажиллахад их хэцүү шүү дээ. Санхүүгийн англи хэлтэй, эдийн засгийн боловсролтой, тэгээд туршлагатай бол бүр сайн.
-Одоо бол Д.Энхжаргал нь арай гайгүй банкир гэгдэх болсон шүү дээ?
-Би Д.Энхжаргалыг муу гэж хэлэхгүй, сайн банкир. Гэхдээ өөрөө хувийн банктай учраас сонирхлын зөрчилд ороод байна, чи энд удирдах ажил хийж болохгүй гээд ажлаас нь гаргаад Лондонд томилж байсан. Гадаадын банкуудтай Монголбанкийг төлөөлөөд уулзахаараа бүх арилжааны банкуудаа муулчихаад байсан байхгүй юу. Би тэгээд Д.Энхжаргалаас гараад байна гэж ойлгосон, Д.Энхжаргалтай уулзсан хүмүүс тийм юм ярьдаг байсан. Уг нь бол Монголбанк арилжааны банкуудаа магтаж ярих ёстой шүү дээ.
-Төрийн банк байгуулсан нь буруудсан уу? Одоо бараг дампуурч байгаа маягийн зүйл сонсогдоод байгаа?
-Буруу гэж хэлнэ. Төрийн банкуудын муу зээлийг цуглуулахад би мөн олон жилээ зарцуулсан. Төрийн банкинд хариуцлага байдаггүй юм. Дарга сайд нарын утасдсан ах дүү, хамаатан садангуудад нь зээл өгөөд сүүлдээ эргүүлж авч чадахгүй, эзэн нь ч олддоггүй юм. Тийм учраас төрийн банкуудаа бүгдийг нь хувьчилсан шүү дээ. Одоо дахиж байгуулах ямар хэрэг байна. Ахиад л зарчмаасаа ухарч байгаа биз дээ.
-Одоо банкны бүтцийн шинэчлэл хийнэ, дүрмийн санг нь нэмэгдүүлнэ, банкууд өөрсдөө нэмэгдүүлж чадахгүй бол төр хөрөнгө оруулаад, хөрөнгө оруулалтаа төлж чадаагүйг нь мэдэлдээ авах тухай яригдаж байгаа. Энэ зөв үү?
-Уг нь зөв бодлого, гэхдээ хоцорч хийж байна. 2008 онд анх түгшүүрийн харанга дэлдээд эхлэхэд л ийм нөхцөлтэйгээр арилжааны банкууддаа мөнгө хийгээд өгчихсөн бол Монголын зах зээл, арилжааны банкууд өнөөдөр мөнгөтэй байх байсан юм. Мөнгөгүй болоод, эдийн засаг нь зогсоод, банкууд нь дампуураад дууссаны дараа, одоо арай гэж нэг бэлэн мөнгө бий болж эхэл байхад энэ арга хэмжээ хэрэггүй л байхгүй юу.
-Тэгвэл Монголбанк одоо ямар бодлого гаргах ёстой вэ? Төсвийн тодотгол хийж, цалин тэтгэвэр нэмсний дараа дахиад инфляци өснө гэж ярьж байна. Үүний эсрэг?
-Засгийн газрын бондыг олон улсын зах дээр гаргаж, валютаар солих ёстой, нэгдүгээрт. Хоёрдугаарт арилцааны банкууд дээр байгаа иргэдийн орон сууцаа барьцаалсан зээлийг бүгдийг нь худалдаад авчих ёстой. Ингэснээр иргэддээ тус болж байгаа болохоос биш банкуудад тусалж байгаа юм биш. Ингэснээр зээлийн хүү буурч, 10 хувиас доошилно. Арилжааны банкууд мөнгөтэй болоод өөр зөндөө олон төслийг санхүүжүүлэх бололцоотой болно. Дутуу байгаа энэ олон барилгууд дуусна, уул уурхайдаа мөнгө хийнэ. Ингэж л мөнгө оруулах, орлого бий болгохгүй бол бид улам л муудна даа. Бараа, үйлчилгээгээ нэмэхгүй цалин нэмээд байвал инфляци л улам өсөөд байна. Нөгөө хэдэн бараагаа тэр их мөнгөөрөө л авна шүү дээ.