Монгол Улсын 1.6 сая иргэн халамж хүртжээ

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Монгол Улсын 1.6 сая иргэн халамж хүртжээ

Жил ирэх тутам нийгмийн халам­жийн сангаас хувь хүртэх иргэний тоо өссөөр 1.6 саяд хүрчээ. Тодруулж хэлбэл, 2.7 сая иргэнээс 1.6 сая нь дээрх сангаас ямар нэг байдлаар халамж хүртсэн байх бөгөөд ирээдүйд Монгол Улс халамжийн орон болж хувирах замдаа оржээ. Тиймээс ч Олон улсын валютын сан болоод Дэлхийн банкнаас Монгол Улсын Засгийн газарт “Халамжлуугсдынхаа тоог бууруулахгүй бол санхүүгийн дэмжлэг үзүүлэхгүй шүү” гэсэн анхааруулга ч өгөөд авсан. Нөгөө­тэй­гүүр, халамж хүртэгсэд дотор хөдөлмөр эрхлэх бүрэн чадвартай иргэд олноороо шургалсан гэх барин тавин мэдээллүүд ч багагүй байдаг тул тэр бүгдийг цэгцэлж, жинхэнэ зорилтот хэсэгт энэхүү төрийн халамжийг хүргэх зорилгоор Засгийн газрын төвшинд Нийгмийн халам­жийн тухай хуулийн төс­лийн шинэчилсэн найруулгыг боловс­руулсныг УИХ-ын чуулганы пүрэв гари­гийн нэгдсэн хуралдаанаар авч хэлэлцлээ.

Одоо мөрдөж байгаа 66 төрлийн халамж, үйлчилгээг шинэчилсэн най­руул­гад 17 болгож, багасгасан байна. Тухайлбал, Онцгой тохиолдлын тэтгэмж гэсэн нэр томъёотой халамж үйлчилгээг байгалийн эрсдэл, галын аюул, үер усны гамшгийн улмаас амьжиргааны эх үүсвэрээсээ салсан иргэн,  18 нас хүрээгүй байхдаа бү­тэн өнчин болсон, хоёр ихэр хүү­хэд төрүүлсэн эхийг оруулахаар заажээ. Мөн Асран хүмүүжүүлэх төвд хүмүүжсэн, хорих ангид ял эдлээд суллагдсан 24 хүртэлх насны иргэнд Онцгой тохиолдлын тэтгэмж олгохоор заагаад буй. Учир нь Асран хүмүүжүүлэх төвд “бойжсон” хүүхдийг 18 нас хүрүүт шууд гаргадаг. Харин тэд амьдрах газаргүйгээсээ болж, хөлөө алдан, хүнд байдалд орж, зарим нь хэрэг төвөгт орооцолддог. Тиймээс амьдралд хөлөө олж, өөрий­гөө аваад явах чадвартай болоход нь дэмжлэг үзүүлэх үүднээс тэдэнд энэхүү Онцгой тохиолдлын тэтгэмж олгохоор тусгажээ. Хорих ангиас суллагдсан иргэний хувьд ч мөн адил ийм бэрхшээлтэй тулдаг гэж үзэж, энэхүү тэтгэмжид хамруулахаар бол­сон юм байна.

Хуулийн шинэчилсэн найруулгад бас дотоод аудиттай болох үүднээс энэ чиглэлийн судалгааг нарийвчлан гаргадаг, хяналт тавьдаг нэгжтэй болохоор тусгажээ. Жинхэнэ зорилтот бүлэгт нийгмийн халамж хүртээдэг болохын тулд мэдээлэлжүүлэлт гэгч бас нэг томоохон ажлыг хийх аж. Үүнд 2.7 тэрбум төгрөг шаардлагатай гэнэ. Хэрвээ энэ ажлыг хийж чадвал оновчгүй хуваарилалт цэгцэрч, хөрөн­гө шамшигдахаас сэргийлж чадах юм байх.

Хэлэлцүүлгийн шатанд гишүүд энэхүү хуулийн шинэчилсэн найруул­гыг баталснаар халамжид зарцуулдаг мөнгөний хэмжээ буурах уу. Халамж хүртэгсдийн тоог бодитойгоор буу­руулж чадах уу гэдгийг илүүтэй сонир­хож, Нийгмийн хамгаалал, хөдөл­­мөрийн сайд Т.Гандигаас ха­риулт хүссэн.

Гэвч дээрх хуулийн төслийг батал­лаа гээд гишүүдийн асуусан шиг нийг­мийн халамжид төрөөс зарцуулах хө­рөн­гийн хэмжээ багасахгүй, харин ч өсөх аж. Тодруулбал 2010 оны төсөвт нэмэлтээр 151.2 тэрбум төгрөг тусгаад байгаа. Хөрөнгийн хэмжээг ийн нэмсэн нь халамж хүртэгсдэд хүргэх халамжийн мөнгийг нэмэг­дүү­лэ­хээр заасантай холбоотой. Ту­хайл­бал, шинэчилсэн найруулгад Мон­­гол Улсын нийт өрхийн 130000-160­000 өрхөд халамж хүргэнэ гэж урьдчилж тооцоолсон. Ингэхдээ хөдөлмөрийн чадвараа алдсан иргэнд энэхүү халамжийг хүргэх аж. Нэг өрхөд дунджаар 40 мянган төгрөг ногдоно. Ингэхдээ насанд хүрсэнд нь 7000 төгрөг, хүүхдэд 10000 төгрөг олгохоор төлөвлөсөн. Үүнд нийт 62-65 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гараад байна.

Түүнчлэн хувь тэнцүүлсэн тэтгэвэр, бүрэн тэтгэврийн хэмжээг тус бүр нэмэг­дүүлэхээр заагаад байгаа. Энэ бү­хэн нь халамжийн сангийн хөрөн­гийн хэмжээг тэлэхэд хүргэжээ.

Хэдийгээр гишүүд Засгийн газрыг иргэнээ хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх байтал халамж хараад хэвтэж байдаг болтол нь туйлдуулах явуургүй төсөл УИХ-д оруулж ирлээ хэмээн шүүмжилсэн ч олонхийн саналаар уг хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн юм. 

Г.ДАРЬ
 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж