Хилчин залууст цаазаар авах ял оноолоо

Хуучирсан мэдээ: 2010.03.05-нд нийтлэгдсэн

Хилчин залууст цаазаар авах ял оноолоо

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах Улаан-Уулын застав хилийн
цэргийн бусад заставаас тохилог орчин, цэргүүдийнхээ ур чадвар,
хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байсан гэдгээрээ нэр сайтай хамт
олон байж. Гэтэл хилийн заставт буун дуу гарч, үүрэгт ажлаа гүйцэтгэж
байсан гурван залуу цаг бусаар амь насаа алдсан хэрэг өнгөрсөн оны
арваннэгдүгээр сарын 22-23-нд шилжих шөнө гарсан билээ. Байлдагч
Р.Энхжаргал, М.Тулга, Г.Лхагважав, Э.Оюунболд нар энэ өдөр харуулын
үүрэг гүйцэтгэж байгаад үгсэн тохиролцож, харуулын дарга, гэрээт хилчин
М.Энх-Амгалангийн амийг хөнөөн, улмаар шөнийн 02.00 цагийн үед застав
дээрээ ирж, заставын орлогч дарга, ахлах дэслэгч С.Бум-Эрдэнэ, гэрээт
хилчин Э.Бямбасүрэн нарыг тодорхой шалтгаангүйгээр буудаж, дэслэгч
Ц.Сод-Эрдэнийг шархдуулсан юм.

Гурван сар орчим мөрдөн байцаах
ажил явуулсны эцэст хагас сарын өмнө Сүхбаатар дүүргийн шүүхэд хэргийг
эцэслэн шийдэхийг Дээд шүүх тогтоож, өнөөдөр 9.30 цагт шүүх хурал
эхэлсэн юм. Олны анхаарал татсан онц ноцтой гэмт хэрэг учраас шүүх
хуралд оролцох ар гэрийнхнээс нь олон сурвалжлагч, сэтгүүлч нар ирсэн
байлаа.

Шүүх хурлыг тус дүүргийн шүүгч
Ч.Хосбаяр даргалсан. Онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн Р.Энхжаргал,
М.Тулга, Г.Лхагважав, Э.Оюунболд нар бүрэн зэвсэглэж, ойртсон хүнийг
буудна хэмээн айлган сүрдүүлж байсан ч Эрүүгийн цагдаагийн газрын
тусгай ажилтнууд ар гэрийнхэнтэй нь утсаар яриулж, хоёр цаг орчим
ухуулах алхам хийсний эцэст дахин буун дуу гаргалгүй саатуулж чадсан
юм. Тэднийг хэрэг гарсан шөнө нийслэлд авчирч, Ганцхудаг дахь урьдчилан
хорих төвд саатуулсан байдаг.

Өнөөдөр өглөө 7.20 цагт тэднийг
хуяглан, Сүхбаатар дүүргийн шүүхэд авчирсан ч ар гэрийнхэнтэй нь
уулзуулаагүй аж. Яллагдагчаар татагдаад байгаа М.Тулгын ээж “Халуун
хоол идүүлж, цай уулгах гэсэн боловч зөвшөөрсөнгүй. Шүүх хурал хэзээ
дуусахыг хүлээж байна" гэсэн товчхон үг бидэнд хэлэв. Шүүх хуралд ирсэн
бүх хүнийг оруулсан ч төд удалгүй албадан гаргасан. Учир нь шүүх хурлыг
хаалттай хийх болсныг шүүгч Ч.Хосбаяр мэдэгдсэн юм. Яллагдагчдын дунд
насанд хүрээгүй иргэн байхгүй ч ийм шийдвэр гаргасан нь шүүх хурлын
явцад хилийн заставын байрлал, зэвсгийн тоо , заставын бүтэц зохион
байгуулалт гэх мэт төрийн нууцтай холбоотой олон баримт яригдах учир
хаалттай хийхээр шийдсэн байлаа. Тиймээс Шүүх хурлын танхимд зөвхөн
шүүгч, улсын яллагч, яллагдагч болон тэдний өмгөөлөгч, хохирогчдын ар
гэрийнхэн болон хуулиар эрх олгогдсон иргэдийн төлөөлөл л үлдсэн юм.

Улаан –Уулын заставт Мэдээлэл,
сургалт судалгаа эрхэлсэн орлогчоор ажиллаж байсан дэслэгч Ц.Сод-Эрдэнэ
буун дуу гарах тэр өдөр амралттай байсан ч их дуу чимээнээр ангийнхаа
хаалгаар ортол өөдөөс нь шууд буудаж эхэлсэн гэдэг. Түүний ээж
И.Өлзийбаяр шүүх хуралд оролцохоор ирсэн байв. Тэрбээр “Шүүх шийдвэр
гараагүй байхад бид юу хэлэх билээ. Миний хүүг хохирогчоор дуудсан учир
бид хамт ирсэн. Биеийн байдал нь нэг үеэ бодвол дээрдэж байна. Хүү
маань хоёр удаа буудуулж, хүнд шархтай байсан ч 20 км газар цусаа
асгаруулан гүйж байж, энэ аймшигт хэргийн талаар мэдээ дамжуулсан.
Хэрвээ миний хүү хэл өгөөгүй бол хэдэн хүний амь нас хохирох байсан бол
гэж бодохоос айдаг. Шүүх хуулийн дагуу үнэн шийдвэр гаргана гэдэгт
итгэж байна" гэв. Ц.Сод-Эрдэнэ Дорноговь аймгийн Манхан суманд төрсөн
аж. Тус сумынхан Ц.Сод-Эрдэнийг эр зориг гарган, олон хүний амь нас
аварсан гэж үзэж байгаагаа илэрхийлж, захидал ирүүлсэн гэж байв.

Гэмт хэрэг үйлдсэн иргэд бүгд
Дархан-Уул аймгийн харьяат бөгөөд 2009 оны I ээлжээр эрүүл мэнд, бие
бялдрын хөгжлөөрөө тэнцэн Улаан-Уулын заставт алба хаахаар ирсэн юм.
Шүүгчдэгч М.Тулгын ар гэрээс олон хүн ирсэн байлаа. Ах дүүс нь бололтой
хүмүүс “Та нарт хамаагүй, хүний зовлонгоор жаргал хийх хэрэггүй" гэсэн
хариултыг сэтгүүлчдэд өгч байлаа.

Шүүхийн хонгилд 60 орчим насны
эмэгтэй байсан нь шүүгдэгч М.Тулгын найз охины эмээ байв. Тэрбээр
“М.Тулга манай охинтой үерхэж байсан. Ийм хэрэг хийхээргүй л хүүхэд.
Ганцхудагийн удирдлага хуваарь гаргасан байсан учир бид хуваарьт өдрөө
уулзаж байсан. Өөр илүү зүйл ярьмааргүй байна” гэв. М.Тулгын эмээ ач
хүүтэйгээ уулзахыг хүсч байгаагаа бидэнд хэлж байсан юм. Тэрбээр
"М.Тулга миний амин хүү байгаа юм. Би нэг өрөө байраа зарж, хэрэгтэй
зүйлд нь зарцуулж байгаа. Яах ч билээ дээ" хэмээн халаглаж суулаа.

Сүхбаатар дүүргийн шүүхийн үүдэнд
байсан 40 орчим насны хоёр иргэн "За айх юу байсан юм бэ. Цаазаар авах
ялыг хэрэглэхээ больсон юм чинь” гэж ярилцах. Цаазаар авах ялыг
хэрэглэхгүй байх тухай Ерөнхийлөгч санал гаргасан ч одоо Эрүүгийн
хуулийн хэд хэдэн зүйл ангид энэ ял үйлчилж байгааг тэд мэдээгүй
бололтой. Тэд яллагдагч нарын хэнийх нь ар гэр болохыг асуусан боловч
хариулахыг хүссэнгүй.

Шүүх хурлын танхимд Р.Энхжаргал,
М.Тулга, Г.Лхагважав, Э.Оюунболд нарыг өглөө эрт оруулсан байв.
Р.Энхжаргал хар хөх өнгийн өмд , хар судалтай цамц өмссөн байлаа.
М.Тулга хээтэй цамц өмсч, хар өнгийн жинсэн өмд өмсчээ. Харин
Э.Оюунболд саарал өнгийн хүрэм өмссөн бол Г.Лхагважав цагаан судалтай
спорт загварын цамцтай байв. Тэдний үс нь нэлээд ургаж, чихээ давсан
байлаа. Өмнө нь харж байгаагүй ч царай нь ихэд харласан мэт санагдсан.

Өнөөдөр болсон шүүх хурал есөн цаг
орчим хугацаанд үргэлжилж, шүүгч нар шийдвэрээ гаргахаар 19.00 цагт
завсарласан юм. Ингээд шүүх бүрэлдэхүүн удтал хэлэлцсэний эцэст 21.40
цагт тогтоолоо уншиж танилцуулсан ба шүүгч Ч.Хосбаяр, М.Алдар нар
хэлэлцээд М.Тулга, Г.Лхагважав, Э.Оюунболд нарт Эрүүгийн хуулийн
91.2.1, 91.2.16, 112.2, 147.2-д заасныг үндэслэн цаазаар авах ял
оноосон бол Р.Энхжаргалд 25 жилийн ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн
хорих ангид эдлүүлэхээр болсон байв. Яллагдагч нарын өмгөөлөгч болон ар
гэрийнхэн Нийслэлийн шүүхэд давж заалдах эрхтэй юм.

Х.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж