
Мөн Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран хэсэг бизнесмэнүүд “Таван толгойн” төсөлд оролцох санал Ерөнхий сайдад өргөн барьсан. Монголын бизнесмэнүүд шинэ “хувьсгал” өөд тэмүүлж эхлэв. Гүйцэтгэх засаглалын тэргүүн ч инээд алдаад хүлээж авсан. Дэмжинэ, судлана гэдэг үг ч Засгийн газрын зүгээс харамгүй урссаар… Монголчууд бидний итгэл найдвараа дайж байгаа энэ төсөлд төр засаг ач холбогдол өгч, ард түмэндээ хүртээмжтэй байхаар шийдвэрлэхийг хичээж, үндэсний компаниуд ч идэвх зүтгэлтэй оролцож байгаа дүр зураг харагдаж байна. Гэхдээ…
Тоглоом эхэлсээр багагүй хугацаа өнгөрч буй ч өнөө хэр нь тодорхой дүрэм алга. Ерөнхий сайдын хэлж байсан тэр нээлттэй байдал үгүйлэгдэж байна.
1990 оны өмч хувьчлалд олон нийтийн өгсөн үнэлгээ тун тааруу байдаг. Түүгээр зогсохгүй өмч хувьчлалыг луйвар болсон гэдэг. Тодорхой хүрээлэлд л мэдээлэл нээлттэй, жирийн иргэдэд хаалттай байснаар хүн болгонд сонголт олдоогүй. Шуудхан хэлэхэд хэсэг бүлэг хүмүүсийн “амттай бялуу” болоод өнгөрсөн. Энэ удаа ийм алдааг давтмааргүй байна. 20 жил шилжиж дуусдаггүй эдийн засагтай байж залхаа биз дээ бүгдээрээ.
Таван толгойг тойрсон мэдээллүүдээс харахад одоогоор тодорхой байгаа зүйл бол “Монгол 999” , Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтарсан хэсэг бизнесмэнүүд уг төсөлд оролцох санал гаргаж байгаа юм байна. Үндэсний компаниуд гэдэг нэрээр. Ерөнхий сайд маань ч “дуртай” байгааг дээр хэлсэн.
Харин компанигүй, таны, миний, сая төгрөг тушаагаагүй, эсвэл Худалдаа аж үйлдвэрийн танхимын Дэмбэрэлийг ”таньдаггүй”, хөдөө малаа хариулж яваа, Солонгост хар ажил хийж яваа хүмүүсийн хувь, хишиг хаана байна, тэднийг хэн төлөөлөх вэ? Энэ асуултын хариуг Засгийн газраас нэхмээр байна. Монголд 30 мянган компани байдгийн 1500 нь нэгджээ, үлдсэн хэд нь яах вэ, санал гаргасан хүмүүсийг нийт хүн амын 10 хувьд хамааруулбал үлдсэн 90 хувь нь ямар байдлаар оролцох боломж байна вэ гэж асуумаар байна.100 хувь төрийн өмч учир та бидний юм биз дээ, уг нь Таван толгой.
Гэтэл одоогийн байдлаас харвал тийш анхаарал хандуулсан овсгоотой хүмүүсийн дунд жирийн иргэн гэхээсээ улстөрчид, тэдэнтэй сүлбэлдсэн бизнесийнхэн л голлож байна. Энэ том төсөлд дайлаар мордогсдыг зөвхөн бизнесийнхэн гэвэл том эндүүрэл. МАХН, АН-ын фракцууд дор бүрнээ хөрөнгө босгон бүл нэмжээ. Хэрвээ Засгийн газар тун яаралтай бүх зүйлийг тодорхой болгож, нарийн зохицуулалт хийхгүй бол хэнд ч дийлдэшгүй улс төр, эдийн засгийн бүлэглэлийн гарт Тавантолгой орохгүй гэх баталгаа алга. Хөрөнгө оруулалт хийж буй улстөрчид улам ихийг олохын төлөө, улам ихээс үлэмж ихийг олохын тулд өөрсдөд таатай хууль, дүрэм журам батлуулахын төлөө бүхий л бололцоогоороо лоббидоно. Энэ цагт жинхэнэ утгаараа дийлдэшгүй олигархууд мэндлэх бус уу.
Нөгөөтэйгүүр зөвхөн олборлох, олборлосноо урагш зөөх төмөр зам бус боловсруулах үйлдвэр бий болгох талаар давхар харж, алхах хамгаас чухал. Үүнийг ч гадныхан соргогоор харж нүүрс коксжуулдаг компаниудад хөрөнгө оруулалтаа хэзээний хийгээд эхэллээ. Түүхий нүүрс, төмрийн хүдэр, зэсийн баяжмалыг олборлоод шууд гаргадаг цаг өнгөрсөн гэдгийг ч тэд баталж байна.
Монголчуудын хөгжлийн гарц гэгдэж буй Тавантолгой монголчуудыг дэлхийн анхааралд авчирлаа. Гадаадын томоохон хөрөнгө оруулагчид төдийгүй, урд хөршийн эрх баригчид бидэнтэй хамтран ажиллах сонирхолтой байна. Монголд айлчилсан БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вень Зябао гэхэд л Монголоос коксжсон нүүрс авах сонирхол ихтэйн дээр хөдөө аж ахуйн болон ашигт малтмалын бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэр барихыг Хятадын тал ихэд сонирхож байна гэдгээ нуулгүй хэлээд буцлаа.
Тиймээс л алдсан хойноо амаа барихгүйн тулд, ард түмэнд ойлгомжтой байхын тулд тоглоомын дүрмээ тодорхой болгох шаардлагатай байна. Үүний үндсэн дээр төлөвлөгдсөн төсөл жинхэнэ утгаараа бидний хөгжилд эргэлт авчирна.
Л.НАРАНТӨГС