Шалгалтын суудлын хуваарилалт өнөөдөр дуусна

Хуучирсан мэдээ: 2010.06.04-нд нийтлэгдсэн

Шалгалтын суудлын хуваарилалт өнөөдөр дуусна

Элсэлтийн ерөнхий шалгалт эхлэ­хэд долоохон хоног үлдлээ. Их, дээд сургуулиудын элсэлтийн шалгалт энэ сарын 11-нээс орон даяар нэгэн зэрэг эхлэх юм. Тиймээс дунд сургууль төг­сөгчид ирээдүйнхээ мэргэжлийг сон­гож, их дээд сургуульд элсэх гэж чар­­майж байна.

Ерөнхий шалгалтыг улс даяар нэгдсэн журмаар авдаг болоод таван жил өнгөрч буй. Эхний үед хүүхдүүд болон эцэг эхчүүд хэр­хэн бүртгүүлэхийг ойлгохгүй байх зэрэг хүндрэл гардаг байсан бол энэ жил ажил цэгцтэй байх болно гэж ал­баны хүмүүс хэлж байгаа.

Өчигдөр 08.00 цагийн үед “Сан” дээд сургуулийн гадаа муш­гирсан урт дараалал үүссэн байлаа. Баруун дөрвөн замын орчимд байр­лах уг сургуулийн гадаа 06.00 цагаас дугаарлаж эхэлсэн гэж хүмүүс ярив. Ийм урт дараалал ховорхон тааралдах болсон өнөө үед хажуугаар нь явсан зарим нэгэн “Өмнөд Солонгос руу ажилд явуулах бүртгэл дахиад эхэлчихсэн юм уу” гэж сортолзох. Тэгвэл бичиг баримттай хавтас барьсан залуус ийн дугаарлан зогсч байгаагийн учир нь элсэлтийн шалгалтын суудлын хуваариа авах гэж байгаа аж. Суудлын хуваарь гэдэг нь шалгалтаа өгөхдөө суух танхим, байрлалыг заасан жижиг шар хуудас л даа. Гэхдээ сургууль болгон дээр хүүхдүүд ингэж дугаарлаж байгаа хэрэг биш аж. “Сан” дээд сургууль дээр зөвхөн дунд сургуулиа төгсөөд шууд их, дээд сургуульд элсч хараахан амжаагүй залуусыг бүртгэж байгаа юм. Ерөнхий боловсролын сургуулийн ширээнийхээ араас шууд шалгалт өгч байгаа хүүхдүүдэд бол харьяа дүүрэг, орон нутгийн боловсролын газар, хэлтсүүдээр дамжуулаад сургууль, сургуулиар нь суудлынх нь хуваарийг тарааж өгч байгаа. Энд нийслэлийн хэмжээний нийт 3478 хүүхдийг бүртгэх юм. Тиймээс ачаалал ихтэй байна уу гэтэл бага үдийн хэрд дараалал нэлээд шингэрсэн, бүрт­гэл болж буй танхимд цөөхөн залуус тааваараа үйлчлүүлж байгаа хараг­дана. Үүнийг бүртгэл зохион байгуулагчид хүмүүс эртхэн ажлаа амжуулахаар ажил цуглахаас өмнө ирж дугаарласан болохоос ачаалал ихсэх шалтгаан байгаагүй гэж тайл­барлав.

 Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтэн Д.Тунгалагтуяа ”Энэ сарын 2-ноос эхлэн элсэлтийн шал­галтын суудлын хуваарь тарааж эхэл­сэн. Ойрын өдрүүдэд халуун болж байгаа болохоор халуунаас халш­ран өглөөний сэрүүнээр ажлаа амжуулах гэсэн хүмүүс 06:00 ца­гаас эхлэн дугаарласан гэж тус сур­гуулийн хамгаалагч хэлсэн. Бид­нээс шалтгаалаад иргэдэд хүндрэл учруулсан зүйл бол байхгүй. 08:00 цагаас эхлээд 11:00 цагийн хооронд 80 гаруй суудлын хуваарийг тараагаад байна. Одоо бол ачаалал байхгүй байна” гэлээ. Харин  шалгуулагчид хэзээ хаана, хэдэн цагаас шалгалт эхлэх талаар ажилтнуудаас лавлан асууж харагдав. Мөн мэргэжилтэн Д.Тунгалагтуяа “Суудлын хуваарь авахад ямар ч төлбөр, хураамж авахгүй. Элсэлтийн ерөнхий шалгалтын хураамжийг бүртгэлийн үед шалгалт тус бүрд 4500 төгрөг, батламж картын 700 төгрөг Боловсролын үнэлгээний төвөөс гаргасан зааврын дагуу банкинд тушаасан байгаа. Энэхүү мөнгийг элсэлтийн шалгалтын бүртгэл, суудлын хуваарь тараах зэрэг элсэлтийн шалгалттай холбоотой зардалд зарцуулдаг” гэлээ.

Ингээд суудлын хуваариа авч буй нийслэлийн Баянгол дүүргийн иргэн Ц.Мөнхчимэгээс элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэхэд хичнээн төгрөг зарцуулсан, хаана шалгалтаа өгөх болсон талаар асуухад “Би 1999 онд төгссөн. Энэ жилээс ЭМШУИС-д орохоор дөрөвдүгээр сард бүртгүүлсэн. Харин өнөөдөр суудлын хуваариа авлаа. Өглөө манай найз ажилдаа явахаас өмнө бүртгүүлнэ гээд эрт гарсан чинь хүмүүс их ирсэн байсан гэж ярьж байсан ч одоо бол харьцангуй сийрэг, суудлын хуваариа авахад хүндрэл гарсангүй ээ. “Хүрээ” дээд сургууль дээр энэ сарын 12, 13-нд шалгалтаа өгнө. Бүртгүүлэхэд 10 гаруй мянган төгрөг, ном авахад бараг 20 мянган төгрөг зарцуулсан юм байна” гэв. Энэ оны ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 15-ны хооронд болж, улсын хэмжээнд 39703 элсэгч бүртгүүлсэн. Нийслэлийн хэмжээнд өмнөх оны төгсөгчдийн элсэлтийн шалгалтыг аль дүүрэгт хаана зохион байгуулах талаарх мэдээлэл бүхий суудлын хуваарийг “Сан”  сургууль дээр тарааж байгаа юм. ЕБС-ийг өмнөх онуудад төгссөн орон нутгийн төгсөгчид харьяа орон нутгийн Боловсролын газруудаас суудлын хуваариа авна.

Суудлын хуваарийг өнөөдөр 18:00 цаг хүртэл тараана. Өчигдрийн 12:00 цагийн байдлаар 60 гаруй хувь нь суудлын хуваариа аваад байв.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж