“Дуулиан 2020”-ын шөвгийн наймын тоглолт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2013.05.02-нд нийтлэгдсэн

“Дуулиан 2020”-ын шөвгийн наймын тоглолт эхэллээ

Долоо дахь удаагийн “Дуулиан-2020” тэмцээний шөвгийн наймын эхний  тоглолтууд боллоо. Нийт зургаан насны ангилалд 48 багийн 500 гаруй тамирчид шөвгийн дөрвийн төлөө өрсөлдлөө. Хариу тоглолт нь энэ сарын 4, 5-нд болно. Харин хагас шигшээд шалгарсан багууд энэ сарын 14-16-нд Спортын төв ордонд шийдвэрлэх тоглолтоо хийх юм. Тус шувтаргын шатандаа орж байгаа “Дуулиан 2020” тэмцээний анхаарал татсан гол тоглолтуудыг тоймлон хүргэе.

23 тоглолтод 207 гоол оржээ

Хоёр өдрийн турш нийт 24 тоглолт явагдах байв. Үүнээс 92 дугаар сургуулийн багийн өрсөлдөгч ирээгүй учраас шууд хожил авсан.

Харин бусад 23 тоглолт цагтаа явагдаж, нийт 207 гоол орсон байна. Эзэн зочдын харьцаа 118:89 байна. Нэг тоглолтод дунджаар есөн гоол орсон.  Үүнээс гадна нэг улаан карт шүүгч нар өгсөн гэх статистик дүн гарчээ.

13 насны ангилалд тоглож байгаа 28 дугаар сургуулийнхан “Амгалан” цогцолборын багийг тун хялбархан буулгаж авсан бөгөөд өрсөлдөгчөө 6:1-ээр хожив. Харин 92 дугаар сургуулийн баг учраагаа 5:3-аар сөхрүүллээ.

Тэгвэл “Оюуны Ундраа” цогцолбор, 65 дугаар сургуулийн багийн хооронд болсон тоглолт 2:1-ээр өндөрлөсөн. Хамгаалалт голчилсон энэ тоглолтод “Оюуны Ундраа”-гийнхан эхэлж олж авсан давуу байдлаа хадгалсаар ялалтад хүрсэн юм. Тэгвэл хамгийн харамсалтай бөгөөд сонирхолтой тоглолт V болон VI сургуулийн хооронд өрнөв. Хоёр багийн тоглолтын хоёрдугаар үе эхэлж байхад Тавдугаар сургуулийнхан 6:1-ээр илт давуу тэргүүлж байлаа. Гэвч “бадарчин баярлах болоогүй” гэдгийг зургадугаар сургуулийнхан харуулж, тоглолтыг 100 хувь өөрсдийн талд эргүүлснээр өрсөлдөгчөө 7:6-гаар хожиж харууслын нулимстай үлдээв. Хэдийгээр хариу тоглолт болох ч зургадугаар сургуулийнхан сэтгэлзүйн маш том давуу талыг олж авлаа.

Хамгийн бага болох 11 насны ангиллын топ өрсөлдөгч 24 дүгээр сургуулийнхан учраагаа 10:4-өөр хожив. Тэд шөвгийн наймд 33 дугаар сургуулийн багтай таарсан бөгөөд тоглолтын эхний дөрвөн минутад хаалгандаа гурван гоол алдаж хүнд байдалд орсон. Улмаар 24 дүгээр сургуулийнхны тоглолт илт сэргэсний ачаар ээлжит хожлоо авлаа. Нэг ёсондоо шөвгийн дөрөвт үлдэх эрхээ бараг халаасалсан гэсэн үг.

Охидын тоглолт эхэллээ

“Дуулиан 2020” тэмцээний охидын насны ангилалын тоглолтууд эхэлсэн бөгөөд 15 насны ангилалд 92 дугаар сургууль өрсөлдөгчдөө ямар нэгэн боломж олголгүй 6:0-ээр бут ниргэлээ. Харин “Буянт Ухаа” цогцолборын охид бүх талаараа өрсөлдөгчөөсөө илүү байсан ч эцсийн мөчид 85 дугаар сургуулийн багт 1:2-оор хожигдов. Тэгвэл 15 насны ангилалд өнгөрсөн жил аваргалж байсан “Амгалан” цогцолборынхон “Дуулиан 2020”-ын шинэ цэргүүд гэгдэж буй 41 дүгээр сургуулийн багт 2:3-аар хожигдож бяцхан дуулиан тарилаа. Охидын 17 насны ангилалд өнгөрсөн жилийн аварга баг 72 дугаар сургуулийнхан 14 дүгээр сургуулийн багийг 7:2-оор илүүрхэв.

Тэгвэл эрэгтэйчүүдийн 17 насны ангилалд 10 дугаар сургуулийн ээлжит “золиос” нь хоёрдугаар сургуулийн баг болжээ. Тэд тэмцээн эхэлснээс хойш бүх учраануудаа бут ниргэж байгаа бөгөөд энэ удаад ч гэсэн өрсөлдөгчдөө боломж өгөлгүй 12:5-аар хожсон байна. Шөвгийн наймд гарсан цорын ганц тэнцээ бол 14 дүгээр сургууль болон “Оюуны Ундраа” цогцолборын хооронд болсон тоглолт байлаа. Энэхүү тоглолтод хоёр баг 5:5-аао эютйг шэоээ байгуулжээ.

“Хүлгүүд” болон “Гарьд”-ууд цувралыг тэргүүлж эхлэв

Сагсан бөмбөгийн үндэсний супер лигийн плэй-офф Спортын төв ордонд  эхэллээ. Плей-оффын эхний тоглолтод “SBL Хүлгүүд”, “Танан Гарьд” багууд өрсөлдөгчөө буулган авчээ.

М.Бадрах багтаа хожил авчирлаа

2013 оны плей-оффын эхний тоглолт “Эрдэнэдрийлинг Ригс”  болон “SBL Хүлгүүд” багуудын хооронд боллоо. Дөрвөн үеийн турш эн тэнцүүхэн өрсөлдсөн багийн ялагч эцсийн мөчид тодорсон бөгөөд тоглолт “Хүлгүүд”-ийн ялалтаар өндөрлөв. Плей-офф эхэлсэн учраас багууд хамгаалалтдаа илүү анхаарчээ. Тоглолтын эхний үе 19:19-өөр, дараагийн үед “Хүлгүүд”  39:33-аар илүүрхлээ.

Харин тоглолтын гуравдугаар үеэс багуудын довтолгоо сайжирч, адилхан 22 оноо авсан. Тоглолтын шийдвэрлэх дөрөвдүгээр үед “Эрдэнэдрийлинг Ригс”-ийн довтолгоо ээлж дараалан амжилттай болж байлаа. “Хүлгүүд”-ээс Девон Кларк 26, Крис Лоусан 25, Б.Билгүүн 16 оноо тус тус авчээ. Харин “Ригс”-ээс Н.Золжаргал 28, Скиннэр 17, С.Өрнүүнбилэг 14, 21 удаа самбараас бөмбөг авсан байна. Тоглолтын үндсэн цаг дуусахад 8.5 секунд дутуу байхад “Ригс”-ийнхэн 80:79-өөр тэргүүлж байлаа. Гэвч цаг дуусахтай уралдан шидсэн М.Бадрахын шидэлт байгаа оносноор “Хүлгүүд” өрсөлдөгчөө 82:80-аар буулган авав. Ингэснээр цувралыг 1:0-ээр тэргүүлж эхэллээ. Тэрээр тойргийн тоглолтын сүүлийн тоглолтод мөн л “базер шот” хийж, багаа плей-оффт шалгаруулж байсан билээ.

“Танан Гарьд” плей-оффын эхний хожлоо авлаа

Дараагийн тоглолт “Харцага” болон “Танан Гарьд” багуудын хооронд боллоо. Энэ хоёр багийн тойргийн гурван учраанд бүгдэд нь “Харцага” хожсон юм. Харин “Танан Гарьд” плэй-оффын шатанд тун чамбай бэлдсэн нь харагдаж, тоглолтыг тун идэвхитэй эхлүүлсэн. Ялангуяа О.Ууганбаярын дундын зайн шидэлтүүд удаа дараа амжилттай болсноор, эхний хагаст 17 оноо авсан. Харин “Харцага”-аас Б.Нэмэхбаяр найман оноо авчээ.  Ингэснээр эхний хагаст 47:33-аар “Танан Гарьд” баг давамгайлсан. Улмаар энэ давуу байдлаа сүүлийн гурван үеийн турш хадгалсан “Гарьд”-ууд учраагаа 93:74-өөр хожлоо. “Танан гарьд” багийн О.Ууганбаяр 30 удаа довтолж, 17-г нь амжилттай болгон, 37 оноо авсан байна. М.Отгонмөнх 17 оноо, Фреддье Вүүдс 14 оноо, 25 самбар, Антионо Жонс 13 оноо, 11 оновчтой дамжуулалт өгчээ. Тэгвэл “Харцага”-аас Б.Нэмэхбаяр тун сайн байсан. Тэрээр 20 оноо авч багаа тэргүүлэв. Түүнд Б.Одбаяр 15 оноо, 15 самбараас бөмбөг авалт хийж тус хүргэсэн боловч хожил авч чадсангүй.

Б.МӨНХЗУЛ
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж