Хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2013.05.02-нд нийтлэгдсэн

Хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан хурал боллоо

Маргааш болох дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан улсын хэмжээнд сэтгүүл зүйн сургалт явуулдаг их, дээд сургуулиудын оюутнуудыг хамруулсан, "Цахим хэвлэл ба нийгмийн өөрчлөлт" сэдэвт эрдэм шинжилгээний хурал “Отгонтэнгэр” их сургуулийн хурлын зааланд өнөөдөр боллоо. Эрдэм шинжилгээний хурлыг ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс, Монгол улсын их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, “Их Монгол” дээд сургууль хамтран зохион байгуулав.

Хурлыг нээж, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Мэдээлэл, харилцаа холбооны асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Уянга, “Отгонтэнгэр” их сургуулийн Захирал Н.Энхзаяа нар үг хэлсэн бол хурлын хүндэт шүүгчээр Монгол улсын их сургуулийн Сэтгүүлзүйн тэнхимийн эрхлэгч  доктор, профессор, соёлын гавьяат зүтгэлтэн М.Зулькафиль,  “Отгонтэнгэр” их сургуулийн Сэтгүүлзүйн тэнхимийн багш доктор, профессор Б.Галиндэв, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн багш доктор Л.Ариун,   “Глоб Интернэшнл”  ТББ-ын хуульч Д.Мөнхбүрэн нар ажиллалаа. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан хуралд Монгол улсын их сургуулийн Сэтгүүлзүйн хоёрдугаар ангийн оюутан Д.Ганзориг “Цахим хэвлэлийн хэл найруулгыг боловсронгуй болгох зарим асуудалд”  сэдэвт илтгэлээр хурлын тэргүүн байр эзэлсэн байна. Харин Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгүүлзүйн тэнхимийн оюутан Б.Хулан “Мэдээллийн вэб сайтуудын хэл найруулгын алдаанд хийсэн судалгаа” сэдэвт илтгэлээр дэд байрт орсон бол ОТИС-ийн Сэтгүүлзүйн гуравдугаар ангийн оюутан О.Оюун-Эрдэнэ “Цахим хэвлэлийн ёс зүй” сэдэвт илтгэлээр удаалсан байна.

Сонирхуулахад, Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий ассамблей 1993 онд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэх шийдвэр гаргасан бөгөөд түүнээс хойш ийнхүү 20 жил өнгөрсөн юм.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж