Жүдочид Бакуг зорилоо

Хуучирсан мэдээ: 2013.05.02-нд нийтлэгдсэн

Азербайжаны Баку хотод болох жүдо бөхийн “Их дуулга” тэмцээнд оролцох Монголын баг тамирчид өнөөдөр өглөө хилийн дээс алхлаа. Энэ нь тавдугаар сарын сүүлчээр ОХУ-ын Тюмень хотод болох “Мастерс”-ын өмнөх чухал тэмцээн учраас жин тус бүртээ шилдэг 16-д багтах боломжтой тамирчид Бакуг зорьж байгаа юм. Багийн бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдийн 60 кг-д олон улсын хэмжээний мастер Д.Амартүвшин, Г.Хэрлэн, 66 кг-д Б.Хишигбаяр, Д.Төмөрхүлэг, 73 кг-д дэлхийн аварга Х.Цагаанбаатар, Г.Одбаяр, 81 кг-д О.Ууганбаатар, +100 кг-д Б.Сугаржаргал, Ө.Дүүрэнбаяр, эмэгтэйчүүдээс 48 кг-д Г.Отгонцэцэг, 52 кг-д А.Цолмон, Ч.Аззаяа, 57 кг-д Д.Сумъяа, М.Бундмаа, 63 кг-д Б.Мөнгөнчимэг, Ц.Цэрэннадмид, +78 кг-д О.Жавзмаа нар зодоглох бөгөөд тамирчдыг ардын багш О.Балжинням дасгалжуулна. Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжиннямаас тамирчдын бэлтгэлийн талаар тодрууллаа.

-Тамирчид явахад бэлэн болжээ. Бэлтгэл нь хэр байгаа вэ?

-17 хүний бүрэлдэхүүнтэй баг Бакуг зорьж байна. “Их дуулга” тэмцээний оноо өндөр учраас жин тус бүрийн шилдэг 16 бөхийн барилдаанд нэмэгдэж оролцох магадлалтай гэсэн тамирчдаа авч явж байна. Тамирчдын бэлтгэл сургуулилт сайн.

-Азийн аваргад оролцсон бүрэлдэхүүнээс хэр их өөрчлөлт орсон бэ?

-Нэлээд өөрчлөлт орсон. Азийн аваргад оролцсон тамирчдын олонхи нь үлдэж, энд бэлтгэл хийж байсан тамирчид Бакуд зодоглоно.

-Тамирчид нэлээд ойрхон тэмцээнд оролцож байна. Сэргэлтийн хувьд хэр байгаа юм бол?

-Гайгүй байгаа. Сэргэлтийг маш богино хугацаанд авч байгаа учраас дажгүй байх гэж бодож байна.

-Шилдэг 16-гийн өрсөлдөөнд энэ жил манай улсаас хэчнээн тамирчин оролцох магадлалтай байна вэ?

-Урьдчилсан байдлаар 14 тамирчин оролцох боломжтой. Залуу тамирчид нэмэгдэж байна. Ер нь бол энэ тоо нэмэгдэх ч магадлалтай.

Б.МӨНХЗУЛ
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж