Ширээний теннисчид ДАШТ-д оролцоно

Хуучирсан мэдээ: 2013.05.02-нд нийтлэгдсэн

Ширээний теннисчид ДАШТ-д оролцоно

Ширээний теннисний ганцаарчилсан төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Францын Парис хотод эхлэх гэж байна. Энэ сарын 13-20-ны хооронд үргэлжлэх тус тэмцээнд манай улсын шигшээ бүтэн багаараа оролцохоор болжээ. Эрэгтэйчүүдээс улсын хошой аварга, спортын мастер Э.Лхагвасүрэн, улсын дөрвөн удаагийн аварга, олон улсын хэмжээний мастер Л.Алтантулга, спортын мастер Я.Бэгз, залуу тамирчин Б.Мөнх-Оргил нар оролцох юм. Харин эмэгтэйчүүдийн багийг улсын зургаан удаагийн аварга, олон улсын хэмжээний мастер Б.Батхишиг, энэ жилийн аварга спортын мастер Б.Энхжин, залуу тоглогч Н.Дэлгэрмаа нараар бүрдүүлсэн байна. Дээрх тамирчдыг Т.Энхтөр, Б.Энхбаатар нар дасгалжуулж, Монголын ширээний теннисний холбооны дэд ерөнхийлөгч Ц.Гантулга ахална. Үүнээс гадна олон улсын шүүгч А.Мэндбаяр дэлхийн аваргыг шүүх шүүгчдийн бүрэлдэхүүнд багтлаа. Сонирхуулахад, ДАШТ-ий үеэр олон улсын хурал болох бөгөөд үүнд холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Амарсанаа, олон улсын шүүгч Т.Бат-Эрдэнэ нар төлөөлөгчөөр оролцох юм байна.

Сануулахад, Багийн ДАШТ тэгш, ганцаарчилсан төрлийн ДАШТ сондгой тоотой жилд болдог. Өнгөрсөн жил Германд болсон багийн 51 дэх удаагийн ДАШТ-д эрэгтэйчүүд “Е” ангилалдаа нэг ч хожигдолгүй түрүүлж 120 орноос 96 дугаар байрт орсон бөгөөд ирэх жил Японд болох тэмцээнд чансаа ахих юм. Харин эмэгтэйчүүд өнгөрсөн жил “С” хэсэгт нэг хожилтой тэмцээнээ өндөрлөж 96 орноос 70 дугаар байр эзэлж байв.

Б.МӨНХЗУЛ

Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж