Уруул дээрх уураг сүүний цагаан мөр нь арилж амжаагүй жаалууд хүртэл кино хийж тоглодог болсон энэ цагт “Нянгар хаданд гарсан нь” хэмээх өдөөн хатгасан нэртэй бүтээлийг 2 цаг шахам үзэж суух завшаан олдов. Учир нь ижил нэртэй ном нь DVD тэйгээ хамт зарагдаж эхэлсэн юм байна. Угжтай жаалуудын чармайн хийж дийлэхээргүй жанраар, таягтай ах нарын зориглож барьж авч чадахааргүй сэдвийг ntv production-ийхан сонгожээ. Өмнө нь нэрэлхэхдээ үнэгүй өгсөн урилгад нь татгалзаж чадалгүй үзсэн сүүлийн үеийн кинонуудаас ялгаатай нь “Нянгар”-ыг мөнгө төлж үзсэндээ харамсаагүй гэдгээ юун түрүүн илэрхийлье. Гэлээ ч дэлгэцэнд гарснаасаа хойш магтаалын үг харамгүй цуглуулан “хаданд гараад” байгаа киноны тухай үзэгчийн хувьд зарим нэг санаа хэлэхийг хүслээ. Кино судлаач, шүүмжлэгч гэгдэх хүмүүсийн нэрс сонины хуудаснаас илүүтэй хүлээн авалтын урилга болон шарилын чулуун дээр олонтаа тааралдах болсон энэ үед мань мэтийн үзэгчийн үг “бурхангүй газрын бумба” чулуу таслах дайны юм болох биз.
“Номыг нь сонсож, ногоотой шөлийг нь ууж” кино мэдэх болсон Б.Түмэн-Өлзий, Г.Батнягт зэрэг мэргэжлийн улс яагаад цэцэрлэгийн жаалууд, тэтгэврийн хөгшид, ногооны худалдагч, зочид буудлын менежерүүд кино хийж байхад гар хумхин сууна вэ гэсэн хүлээлтийн хариуг “Нянгар”-аар барьжээ. Ядаж зөвхөн тэд биш эд хийсэн гэдгээсээ авахуулаад өчнөөн олон ялгаа, давуу чанарууд илэрхийлж байгаа сайн талыг нь орхиё.
Кино урт болжээ. Үүнээс ч урт кинонууд байдаг л даа. Үргэлжлэх цаг хугацааны утгаараа бус зөрчил, зөрчлийг шийдвэрлэж байгаа өгүүлэмжийн хувьд арай л урт болсон юм даг уу даа. “Одоо яах бол?” гэдэг хүлээлт үзэгчийг дэлгэцийн өмнө догдлоон торгоож, саатуулан тогтоож байдаг. Доктор Нянгарыг “Монгол мах” агентлагийн дарга болсноос хойш “Одоо яах бол?” гэдэг асуултын хүч сулраад явчих шиг болж байна. Бямбацогтын тун чадварлаг гаргасан Санаадагва хэмээх дүрийн оролцоо бүдгэрсээр бүр байхгүй болно. Тийм сонирхолтой дүрийг тэгж оршуулах шаардлага найруулагчид байсан гэж үү? Экспорт, импортын сайд Индра захиалагчаар нь сүүлд тодорсон Нянгарын амь насанд халдах гэсэн оролдлогын шалтгаан хямдхан бөгөөд ойлгомжгүй байна. Энэ халдлагын захиалагч нь ч бас шалтгаан шигээ амархаан олдох юм. Нянгар яагаад ардын дайснаас ардын баатар болсон, эвслийн Засгийн газар юуны учраас тийм амар огцрох гээд байгаа, Индра сайдын цаашдын хувь заяа хэрхсэн, чухам Нянгарыг дараагийн ерөнхий сайдаар сонгох болсон шалтгаан гээд олон асуултын хариу Баабар болон Арго зэрэг хоёр туйлыг оролцуулахгүйгээр, дундаж үзэгчийн хувьд бүрхэг үлдэж байна. Дунд нь үйл явдлын өөр сонирхолтой өрнөл байсныг нь цаг, метраждаа хавчигдан хассанаас иймэрхүү утга зүйн буюу логик алдаа гарсан болох нь анзаарагдам болжээ. Тийм ч учраас кино маань хагасаасаа хойш зарим тохиолдолд нэгэн цогц үйл явдлын өрнөлд зангидагдсан кино биш, сонирхолтой, тун уран хошигнолуудын эвлүүлэг болчих гээд байсныг сануулъя. Аливаа кинонд байдаг оргил хэсэг, үйл явдлын тайлал, кульминаци нь мань Нянгар яван чангарсаар ерөнхий сайд болдог хэсэг бололтой. Гэвч яг энэ үйл явдлын дараа амттай сексийн дараах хүсээгүй жирэмслэлт шиг “Тэгээд … Тэгээд?” гэсэн дутуу асуулттайгаар кино төгсөж байна. Хамт үзсэн зарим нөхдийн маань оношоор бол “Энэ чинь нэгдүгээр анги нь дуусч байгаа юм биш үү?”
“Бүүм таун” хамтлаг болон бүжгийн авьяасаар нь мэдэх Г.Ган-Очир энэ кинонд Нянгарын дүрийг гайхалтай бүтээжээ. Г.Ган-Очирыг газрын хаанаас олж Нянгарт тоглуулаа вэ гэж сайн утгаар нь гайхаж найруулагчийг магтмаар. Г.Ган-Очир (Нянгар), Д.Бямбацогт (Санаадагва), Б.Эрдэнэцэцэг (Индра) нар тоглоогүй бол энэ кино нэг л гоё, нэг л том юмаар дутах байсан бол Ш.Ёолк (Мөнгөндуулга), Ё.Алтангэрэл (Буянт) Г.Равдан (Ерөнхий сайд), Б.Батзаяа (Тагнан турших яамны сайд) зэрэг авьяас туршлага, цол гуншингаараа дутмааргүй томчууд харин дүрээ нэг л дутуухан гаргажээ.
“Нянгар хаданд гарсан нь” кинонд сонгосон хөгжим чимэглэл, комикс ашигласан өвөрмөц шийдлүүд, хоржоонтой утга бүхий ёгт харилцан ярианууд, монгол ардын бус дэлхийн дундаж хошигнолын хэлбэрүүд түүнийг манай үеийн маш олон хямдхан киноноос эрс ялгаруулж байна. Хүний болон техникийн хүчин зүйлээс шалтгаантай маш олон талт ажиллагааны нийлбэр нь кино болж дэлгэцнээ гардаг. Хэвийн, бүр заримдаа гайхалтай гэж болох шийдлийг үзэгч байдаг л зүйл мэтээр сэтгэл дүүрэн хүлээн авдаг бол жаахан дутуу, багахан өөтэй нэг л зүйл үзэгчдэд илт анзаарагдаад “Пүй пай” болоод явчихдаг зовлон бий.
“Эхнэрийн урхинд” тархиа тискидүүлсэн манай үзэгчдийн боловсролыг дээш нь татах гэсэн оролдлого, “эвийн хүч”-д мансуурсан Монголын нийгмийг цочоох гэсэн сэрүүлэг бол “Нянгар” юм гэж эцэст нь тэмдэглэж хэлье.
Хамгийн жирийн үзэгч Ш.Буманбаяр