Улсын физикийн олимпиадыг зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2013.05.02-нд нийтлэгдсэн

Улсын физикийн олимпиадыг зохион байгуулав

Улсын физикийн 26 дугаар олимпиадыг Завхан аймагт амжилттай зохион байгууллаа

Улсын физикийн 26 дугаар олимпиад дөрөвдүгээр сарын 23-27-ны өдрүүдэд Завхан аймгийн Чандмань-Эрдэнэ лаборатори сургууль дээр ажмлттай зохион байгууллаа. Улсын физикийн олимпиадын хорооны томилолтоор шалгалтын комисс 17 хүн ирж ажилласнаас гадна аймгийн засаг дарга  Ж.Жамъянтивийн урилгаар Завхан аймагт үр бүтээлтэй амжилттай ажиллаж байсан 18 ахмад багш оролцлоо. 

Олимпиадад физикийн 41 багш, 11-р ангийн 47 сурагч, 9-р ангийн 38 сурагч оролцлоо. Завхан аймгаас 15 багш, сурагч оролцсоноос Чандмань-Эрдэнэ цогцолбор сургуулийн багш П.Пүрэвдорж мөнгөн медаль, 9-р ангийн сурагч Л.Бавуудорж хүрэл медаль, Тосонцэнгэл сумын 2-р бүрэн дунд сургуулийн 9 дүгээр ангийн сурагч  Э.Отгонбат  мөнгөн медаль авч өндөр амжилт гаргалаа

Физикийн олимпиадын үеэр багш, сурагчдад зориулсан үзэсгэлэн гаргаж, физикийн хичээлийн туршилтуудыг хийж үзүүлэхийн зэрэгцээ 2012 оны ур чадварын уралдааны аймгийн аварга багш С.Сарангэрэл, физикийн багш Г.Оюундэлгэр нар судалгаат хичээл заалаа.

Улиастай сумын багш нар, аймгийн нийт физикийн багш нарт “Монголын боловсролын шинэчлэлд-багшийн хөгжил” сэдэвт лекцийг  доктор, профессор Д.Бурмаа, доктор , профессор О. Лхагва  нар,  “Физик -бидний  амьдралд” сэдэвт лекцийг профессор Ж.Содов, Н.Ганбаатар, Н.Алтангэрэл нар уншлаа.

Хаалтын дүнгийн хуралд Увс аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд, БСГ-ын дарга М.Идэрбат нар хүрэлцэн ирж  2014 онд өөрийн аймагтаа улсын физикийн 27-р олимпиадыг зохион байгуулна гэдгээ мэдэгдэж амжилттай оролцсон багш сурагчдыг урилаа.

Боловсрол соёлын газар, Чандмань-Эрдэнэ лаборатори сургууль зохион байгуулснаас гадна аймгийн төвийн бүх сургууль, цэцэрлэг идэвхитэй оролцож оролцогчдын амрах байр, хоол ундыг чанартай бэлтгэж зохион байгуулалтын өндөр төвшинд ажиллаж нийт хүмүүсийн талархалыг хүлээлээ.

Эх сурвалж: www.zavkhan.gov.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж