Дуучин хүн нотыг амилуулах чадвартай байх хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2013.05.02-нд нийтлэгдсэн

Дуучин хүн нотыг амилуулах чадвартай байх хэрэгтэй

МУАЖ, Төрийн соёрхолт Х.Уртнасан: Дуучин хүн зураад тавьчихсан нотыг амилуулж эгшиглүүлэх чадвартай байх хэрэгтэй

Эгэл даруухан цаанаа нэг сүрдмээр, биширмээр энэ эрхмийг Зууны манлай дуурийн дуучин, МУАЖ, Төрийн соёрхолт Хорлоогийн Уртнасан гэдэг. Ерийн малчны хотноос ертөнцийн тайзнаа гарсан түүний хийж бүтээсэн нь агуу их. Сонгодог урлагийн зууны зүтгэлтэн, залуу нас, гоо үзэсгэлэн, биширмээр хоолой, гайхам авьяасаараа дэлхийн дэвжээг хөглөж явсан түүний амжилт, алдарын замналыг нурших шаардлагагүй,харин өөрөөр нь яриулах хэрэгтэй гэж бодон түүнийг зорьсон юм. Хааяа хааяахан нулимс унагах тэрээр урлаг хүнийг уяхан болгох юм байна хэмээн учирлан хэлж билээ. Ингээд түүний алдрын номны эхлэл хэсгийг хамтдаа дэлгэе.

-Сайн байна уу. Ярилцах урилгыг минь хүлээн авсанд тань баярлалаа. Ярилцлагаа таны төрж өссөн нутаг ус, хүүхэд насны гэгээн дурсамжуудаас эхэлье гэж бодлоо.

-Сайн, сайн байна уу. Би Булган аймгийн Бугат сумын уугуул. Аав минь залуу насандаа Ламын гэгээний хийдэд шавь сууж байсан. Харин ээж минь Монголын анхны эмэгтэй хөдөлмөрийн баатар саальчин Авирмэд гэж хүн байсан. Би багадаа ээжийнхээ ажилд туслаад үнээ малыг нь ивлэгээд, малд яваад л, айлын том хүүхэд болохоор хийх юм бишгүй л гардаг байлаа. Бага байхаасаа л эх орон, нутаг ус, машин тэрэг гээд л дуулах дуртай хүүхэд байлаа. Тэгээд дунд сургуульд ороод урлагийн үзлэгт байнга дуулдаг байсан даа.

-Таныг ааваас чинь илүүтэйгээр ээжээр тань хүмүүс мэддэг байх. Их хөдөлмөрч, сайхан дуулдаг хүн байсан хэмээн дурсах дуртай байдаг. Та ээжээсээ энэ сайхан чанаруудыг нь өвлөж авсан азтай хүн юм аа…

-Тийм шүү. Миний ижий чинь надаас гоё дуулдаг, сайхан бие хаатай хүн байсан даа. Ер нь “Монгол хүн чинь найранд гурван дуутай, наадамд гурван даваатай” байдаг шиг ээж минь найранд дуулвал дуулчихдаг, одоо ч тэр дуулсан дуунууд нь чихэнд сонсогдоод байдаг юм. Дуулах дуртай, их хөдөлмөрч хүн байсандаа. Ямартай ч хөдөлмөрийн баатрын их ажлын хажуугаар үр хүүхдүүдээ өсгөн, эрдэм мэдлэгтэй хүн болгосон ухаантай эмэгтэй байсан шүү. Би ээжийнхээ зан чанаруудыг өөртөө тусгах юмсан гэж дандаа боддог. Би ижийгээсээ сураагүй зүйл гэвэл үйл уранд л сураагүй дээ.

-Ээж хүний загнах нь хүртэл аргадаж байгаа юм шиг сонсогддог гэдэг. Та багадаа хэр загнуулдаг байв?

-Ижий минь хүн загнадаггүй хүн байсан ш дээ. Би хүүхэд юм болохоороо буруу юм хийнэ. Тэр болгонд ээж минь “Сайн явна гэдэг санааных, Сайхан явна гэдэг заяаных шүү. Сайхан явъя гэвэл миний охин санаагаа өөрчил. Бүтэн биетэй бүлээн цустай, сайхан бие хаатай чамайг би төрүүлсэн болохоор төрсөн заяандаа гомдоод байхгүй болов уу гэж боддог шүү” гэж сургадаг хүн байсан юм. Миний ижий эрдэм боловсрол гээд байх юмгүй ч эх хүний ухаанаар ухаалаг бай гэж сургадаг байсан.

-Хожим хойно бодоход аав ээжийн тань хэлж байсан үгс одоо танд маань шиг санагддаг үе байдаг уу?

-Миний аав тэгж сургаж байсан юм. “Хүний магтаалд битгий баярлаж бай. Харин чиний дутууг чинь хэлэх тэр үгэнд баярлаж бай. Яагаад гэвэл магтаалд баярласан хүн зогсонги болно. Шүүмжлэсэн үг хүнийг хурцалдаг юм шүү. Миний хүү тэрэнд сайн суралцаарай” гэж захиж байсныг би ер мартдаггүй юм. “Баярлах юман дээрээ хэмжээтэй баярлах хэрэгтэй, ухаанаа алдатлаа баярлаад байв даа” гэж ирээд л загнаж байдагсан. Одоо ингээд бодоход амьдралын нугачаа болгонд бүдрэхдээ ээж аавынхаа хэлж байсан үгнүүдийг байнга санадаг шүү.

-Ээжтэйгээ байхад би баян байсан… хэмээх шүлэг олон хүнд нэгийг бодогдуулдаг юм шиг санагддаг. Ээжийгээ бурхан болохын цагт ачийг нь хариулж чадсангүй дээ гэж харамсаж байсан удаа танд байдаг уу?

-Ёстой тэр талаараа муу даа. Би ээжийнхээ ачийг хариулж чадсан гэж хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ээж минь надад их баярладаг байсан. “Ийм сайн хүн болж, ийм нэр төртэй явж байгаад нь ээж нь их баярлаж байна. Ээж аавийнхаа ачийг нэг хариуллаа даа” гэж ирээд баярладаг байсан. Одоо нэг өдөр босоод ирвэл амьдад нь хийж чадаагүй бүхнийг нэг өдөр хийх юмсан гэж боддог. Тэгэхээр би ээжийнхээ ачийг хариулж чадаагүй юм шиг байгаа юм / уйлав/.

-Гэхдээ мянган цэцгийн шүүдрийн усаар цай чанаж өгвөл ээжийнхээ ачийг хариулдаг гэдэг. Миний бодлоор та энэ их хөдөлмөр, хийсэн бүтээсэн бүхнээрээ аль хэдийн хариулчихсан юм болов уу?

-Ээж минь тэгж ирээд л их баярладаг байсан даа. /уйлав/ Би их ухаан муутай хүн байсан юм даг. Мянган шүүдрийн ус байтугай нэг ч цэцгийн шүүдрийн дусал цуглуулж яваагүй дээ би.

-Хүний сэтгэлээс гарсан эгшиг бүрийг дуу хэмээн тодорхойлдог. Тэгвэл та хэр дуу аялах дуртай вэ?

-Би сонгодог урлагийн хүн болохоороо хүн болгоны аялах дуртай дууг аяладаг гэж худлаа хэлэхгүй. Аяладаггүй гэж бас хэлэхгүй. Байнга дуу аялж явдаггүй ч гэсэн өдөр тутмын хийдэг ажил маань дуулах юм чинь. Гэхдээ би ээжийнхээ дуулдаг байсан дуунуудыг хааяа дуулах дуртай. Одоо ч гэсэн чихэнд минь сонсогдож байна.

-Таныг урлагийн хүн болоход ээж тань их нөлөөлсөн гэж сонсож байсан юм байна. Та энэхүү дуурийн дуучин хэмээх алдрын замналаа хэрхэн тавьсан тухайгаа дурсвал?

-Миний ээж намайг урлагт дуртай болгон хүмүүжүүлэхийн тулд зүтгэдэг байсан. Аав намайг орой кино, жүжиг үзэхэд их дургүй байсан л даа. “Юугаа хийдэг юм. Яах гээд байгаан” гээд л. Харин ээж минь хариуд нь “Юу ярьж байгаан хүүхэд үзэлгүй яадаг юм. Юм үзэж, нүд тайлаг. Над шиг малын дэлэн шувтарсан хүн болгох гээ юү чи” гээд л ааваас ил далд мөнгө өгч байснаараа намайг урлагт ойртуулж өгсөн дөө. Нэг өдөр гэртээ байсан чинь “Эх орон 52” хүлээн авагчаар Ардын дуу бүжгийн театрт дуучин элсүүлж авж байна гэсэн зарлал явлаа. Ээж аав зөвшөөрчихсөн болохоор баярласан хүн ээжийгээ дагаад хот орлоо. Ардын дуу бүжгийн чуулгад очоод шалгууллаа даа. Тэгсэн АЖ Мяасүрэн багш “Энэ охин чинь тэгээд дэгж дэрвээд хүн амьтан дагаад явчих юм биш биздээ. Ямархуу хүн юм энэ чинь” гээд ээжээс нэг л зандрангуй асуухад ээж “Мэдэхгүй юм даа багш минь. Биеийг нь төрүүлсэн, санааг нь төрүүлэхгүй гэдэг дээ. Уул нь гайгүй охин шүү” гээд намайг 17 настайд минь урлагт хөл тавиулсандаа миний ээж. Ингээд л миний урлагийн амьдрал эхэлсэн дээ.

-Ээжийн өврөөс гараад урлагийн хүн болоход багш гэдэг хүн их чухал байдаг?

-Ардын дуу бүжгийн эрдмийн чуулгад ороод Цогзолмаа багшийн шавь боллоо. Нэг өдөр Цогзолмаа багш “Гоцлол дууны концерт” хийхээр болж, би Нансалмаагийн дүрд Юндэнтэйгээ хамт /хэн билээ нэрийг мартчижээ/ тоглохоор болсон юм. Бид хоёр чинь хоёулаа жаахан байсан болохоор Цоцо багшийн хэлсэн үгийг сайн ойлгохгүй байдаг байлаа. “Хайр сэтгэлийн жүжиг ш дээ. Хөөрхөн Нансалмаа байна ш дээ. Хацар нь хонхойгоод инээгээд л … Юндэн чи хайрлаад дуулаад өгөөч дээ” гээд хэлээд байхад ойлгохгүй. Дүрдээ ороод дуул гээд л хэлээд байгаа байхгүй юу даа. Тэгээд энэхүү жүжгээ дуусгаад “дуучин болох чинь их хэцүү юм байна ёо ёо хөл гээд л шантарч байсан санагдаж байна. Харин тэр концертын соёлын яамны уран сайхны зөвлөлийн хянагчаар МУАЖ Г.Хайдав багш маань суусан юм байна лээ. Тэгээд Цогзолмаа багш дээр очоод “Наад охиноо надад өгчих, ардын дуу дуулах хүүхэд биш байна. Харин чамгүй сайн дуурийн дуучин болох охин байна” гэсэн юм байна л даа. Тэгсэн чинь Цоцо багш намайг дуудаж “За Унд минь /багаасаа дуудуулж өссөн нэр/ чи явж болноо. Гэхдээ гургалдай шиг дуулдаг хүнийг хэрээ шиг дугаргадаг болгодог багш байхад харин хэрээ шиг муухай дугардаг хүнийг гургалдай шиг дугаргадаг багш бас байдаг юм шүү. Тэгэхээр дуурийн дуучин гэдэг чинь багшаасаа их шалтгаална шүү. Чиний авах ухаан, багшийн чинь өгөх ухаан энэ хоёр чамд их л хэрэг болно доо.” гэж хэлж байсандаа. Тэгээд Хайдав багшийн шавь боллоо. Эхлээд би дургүй, эрэгтэй хүн дээр сурмааргүй байна ш дээ. Би ямар эрэгтэй хүн юм уу гээд л. Багшаа голж байсан, тийм ухаангүй байсандаа. Яг үнэн хэрэг дээрээ ямарч мэргэжлийг эрэгтэй чиг, эмэгтэй чиг багш хичээл заадаг л байхгүй юү.

-Дуурийн дуучин гэх энэхүү мэргэжлийн бусад төрлөөсөө ялгарах онцлог нь юу юм болоо?

-Би дуурийн дуучин гэх энэхүү мэргэжилдээ “үнэгүй юманд нугасгүй” гэдэг шиг нугасгүй дуртай шүү. Ер нь өндөр мэргэжлийн дуучинг дуурийн дуучин гэнэ дээ. Дуурийн дуучин хүн их чадалтай хоолойтой байх хэрэгтэй. Үзэж байгаа үзэгчидээсээ толгой дээгүүр эрдэмтэй байх хэрэгтэй, тэр бүтээлтэй дүйцсэн ухаантай байх хэрэгтэй гэсэн ийм л хатуу дэгэнд хүмүүждэг улс даа. Яагаад гэвэл дуурийн дуучин хүний хийдэг ажил нь дэлхийн хүн төрөлхтний алтан сан хөмрөгөнд хэдэн зуун жилээр шигшигдээд хадгалагдсан оюун ухааны сод билэгт бүтээлүүдийг алдаршуулж байдаг учраас тэр.

-Анх өөрийнхөө нэрийг зарлуулаад тайзан дээр гарах тэр мөчөө эргээд дурсвал, ямар санагдаж байсан бэ?

-Залуу байсан болохоор баярлаж сандарч байсан байх л даа. Гэхдээ миний сэтгэлд дуурийн театрт дуучнаар ирээд “Улсын дуурь бүжгийн театрийн гоцлол дуучин” гэж зарлуулахад сайхан санагдаж байж билээ. Мөн дараа нь Болгарт дуурийн дуучны тэмцээнд ороод улсынхаа нэрийг зарлуулж байсан тэр мөчийг бас мартдаггүй юмаа.

-Таны бишрэм хоолойг Монгол гэлтгүй дэлхий хүртэл мэддэг болсон гэхэд хэлсдэхгүй боловуу. Би юу гэж хэлэх гээд байна аа гэхээр та хэний ч хүсээд олдохгүй тэр мөрөөдөл болох Оросын холбооны улсын “Болшой театрт” дуулсан байдаг. Энэ бол чадалтай дуурийн дуучны түүх юм шиг ээ?

-20, 30-хан жилийн түүхтэй Монголын тайзнаас дэлхийн таван том театрийн нэг Орос улсын “Болшой театр”-ын тайзнаа дуулна гэдэг нэр хүндийн баталгаа буюу миний мэргэжлийн дуучны хувьд өгсөн олон улсын баталгаа үздэг. Миний ард түмэн намайг сонсдог, хүлээдэг хүндэлдэгийн илрэл гэж боддог. Би өөрөөрөө бахархахаас илүү намайг тайзан дээр гаргаж өгсөн тайзны минь хүч, хамт олондоо баярлаж байсан.

-Болшой театраас өөр та дэлхийн ямар ямар тайзан дээр дуулж байсан бэ?

-Би олон олон газрын янз бүрийн тайзан дээр гарч байсан. Европын Чех ,Болгар, Унгар,Болгар, Румин, Герман Орос гээд л, Азийн Энэтхэг, Хятад, Тайланд, Ветнам, Латав, хойд Солонгос гээд 60-аад улс орнуудын театрт дуулсан байдаг юм. Сайхан байсан даа. Даанч хүний уран бүтээлийн нас гэдэг богино байдаг. Ер нь бол 60, 70 хүртлээ дуулдаг байсан бол сайхан байхгүй юу / инээв/.

-Урлагийн хүн болно гэдэг миний бодлоор асар их хариуцлага юм шиг ээ. Бүр асар их. Ар гэрт нь ямарваа нэгэн зовлон тохиолдсон ч үзэгчидээ хүндэтгэн юу ч болоогүй юм шиг тайзан дээр дүрээ бүтээдэг…

-Тийм шүү. Хариуцлага гэхээсээ илүү хатуу хуультай мэргэжил шүү. Гавъяат жүжигчин Чулууны Чинбат л гэхэд хүүхэд нь өнгөрчихсөн байхад хүүгээ орхиод л жүжгээ тоглож л байсан. Миний партнёр А.Хавлааш “Евгений Онегин”-д тоглож байхдаа дүүгээ Туулын үерт өнгөрснийг мэдсэн ч нүдэндээ нулимстай жүжгээ дуусгаж байсан юм. Бидэнд ар гэрийн гачигдал гарсан ч тэрийгээ тайзан дээр гаргаж болохгүй ш дээ. Хүмүүс жүжигчин хүн гоё, гоё хувцас өмсөөд л гоё шүү гэж яридаг. Энэ гоё байхын цаана өөрийгөө гаргуунд нь гаргаж байж гоё гээд байгааг бүтээдэг. Сайхан гоё харагдаж байна гэж хэлүүлж байвал энэ нь жүжигчин хүний ялалт юм.

-Та олон сайхан дүрийг амилуулсан шүү дээ. Тэгвэл энэ олон дүрүүдээсээ хэр их суралцаж байсан бэ?

-Дүр гэхээсээ илүү хүнийг л бүрдүүлж байгаа хэрэг юм. Чио чио сан гээд л хүнийг, Татъяана гээд орос эмэгтэйг, Маргарет гээд францын эмэгтэйг, Тоска гээд Италийн жүжигчин хүүхнийг би өөрийнхөөрөө амилуулж байгаа байхгүй юу. Цаасан дээрх үг, нотыг өөрийн болгоод амилуулаад дуулсан, миний зүрхээр гараад, таван мэдрэхүйгээр дамжин гарсан, хөлс хүчээрээ бүтээсэн бүх дүрүүддээ хайртай. Тэр болгонд би байгаа юм.

-Таны энэ хийсэн бүтээснийг тань улс үнэлээд 31 насанд тань МУГЖ, 36 насанд тань МУАЖ цол тэмдгээр энгэрийг тань мялаасан. Залуу хүний хувьд хэр бардамнаж, өөрөөрөө бахархаж байсан бэ?

-Сайхан байсан. Би тоодоггүй байсан гэж хэлэхгүй. Гэхдээ онгирч омогшихоосоо өмнө би энэ төрийн шагналыг дааж явах юмсан гэдэг том хариуцлагатай тулгарсан. Тухайн үед төр засаг маань энэ хүн ардын жүжигчин байж чадах хүн байна. Гадны тайзан дээр төрийнхөө нэрийг дуудуулаад явж яадах хүн байна гээд итгэн өгсөн хэрэг. Ер нь итгэлийг дааж явах шиг хүнд юм байхгүй юм билээ.

-Цагаан цаасан дээр зурсан нотыг хэрхэн амилуулж дүрслэх нь дуучин хүний авъяас юм шигээ.

-Тийм шүү. Би өөрийгөө дуурийн дуучин болсондоо азтай гэж боддог. Хөгжим гэдэг чинь зураач юм. Энэ дүр ийм хүн байна шүү гээд л . ерөнхий дүрсийг нь гаргаад өгч байгаа юм. Хөгжимтэй дуулах нь нэг өөр хөгжимгүй дуулвал бүр өөртэй адил хөгжим намайг сайн дүр бүтээхэд түлхэц болж байдаг гэж боддог. Би Чио чио сан, Нансалмаа, Тоска гээд дүрүүдийг өөрийнхөөрөө амилуулж дуулсан байдаг. Ямарваа хүн ч надтай адилхан бүтээж чадахгүй. Бүгд өөр өөрийн дотоод ертөнцтэй байдаг болохоор тэр л дээ.

-Хүнийг урмын үгээр хэлбэл цэцэг шиг дэлбээлдэг, харин жаахан муулах юм бол ганддаг гэдэг ш дээ. Та хэр магтуулж, шүүмжлүүлж байсан бэ?

-За даа. Надад магтаалын үг дэндсэн үү гэхээс дутаж яваагүй. Харин надад шүүмжлэл надад дутагдаж байсан байж магадгүй. Нэг удаа намайг Тоскагийн Ариг их удаан дуулсан гэж хэлсэн л дээ. Үүнийг би “Яагаад?” гэж хүлээж авсан. Бодоод байсан цаанаас өгсөн хэмжээгээр л дуулах ёстойг ойлгосон. Хэмжээнд нь дуулахгүй бол утгаа алдана ш дээ гэсэн дүгнэлт хийгээд өөрийгөө засаж, хурцасласан даа.

-Урлагийн хүн цаг наргүй ажилладаг. Таныг энэ их амжилтанд хүрэхэд гэр бүлийн тань хүний үүрэг их байсан байх.

-Тийн тийн үнэн. Дутуугаа дүүргэх гэж хоёр хүн нэгддэг. Миний нөхөр бол хэрвээ намайг ингэж явуулах гэж надад цаг заваа зарцуулаагүй бол сайн сэтгүүлч байх байсан. Миний нөхөр сэтгүүлч, “Ардчилал” сонины анхны эрхлэгч хүн байсан. Миний үед чинь хүүхдээ гаргаад л 45 хоноод ажилдаа ордог байлаа. Тэрэнтэй адил би хүүгээ гаргаад 45 хоноод аав ээждээ аваачиж өгчихөөд ажилдаа ордог байлаа. Заримдаа 50 гаруй хоног бригадаар тоглолтоор явах болгонд миний хань яаж зохицуулдаг байсан болоо гэж би одоог хүртэл гайхдаг. Нэг өдөр дэлгүүрт орсон чинь төмс 60 мөнгө гэлүү дээ тэгсэн би гайхаад “Өө тийм үнэтэй байдаг юм уу” гэж дуу алдаж билээ. Дэлгүүр явдаггүй л байсан байхгүй юу. Энэ бүхэнд миний хань гүйж амьдралынхаа төлөө зүтгэсэндээ хөөрхий…

-Таныг 20-р зуунд гоо үзэсгэлэн, гайхалтай хоолойгоороо тэсрэлт хийн орж ирсэн хэрнээ тайзан дээрээсээ чимээгүйхэн буусан хүн шүү гэж яридаг… – Тайзнаас бууна гэдэг амар юм биш. Гэхдээ цагаа олж тайзнаас буух ухаан надад байсан. Цагаа олж гарвал намайг нөхөх залуус гарна гэж бодон тайзаа орхисондоо. Яргуй гардагаараа гараг, дэлгэрдэгээрээ дэлгэрэг гэж бодон тайзнаасаа буусан. Гэхдээ би эрт буусан гэж боддоггүй.

-Гэхдээ та тайзнаасаа буусан ч урлагтай салшгүй холбоотой. Хөгжим бүжгийн коллежид багшаар ажиллаж байна. Хэдэн оноос хойш багшилж эхэлсэн бэ?

-1978 оноос хойш 15 жилийн хугацаанд багшилж байна. Ер нь шавь нарынхаа хийсэн бүтээснээр нь бахархаж суух шиг сайхан зүйл байдаггүй юм байна. Одоо дуурийн театрийн Энхнаран, Дэлгэрбаяр гээд эмэгтэй дуурийн дуулаачаас чиг эрэгтэй дуурийн дуулаачаас чиг миний шавь нар хот, улсын хэмжээний уралдаанд байр эзэлж байгаад багш хүний хувьд баярлах юм даа. Өөрөө дуулаад баярлаж байгаагаасаа илүү баярладаг шүү.

-Энэ жил Хөгжим бүжгийн коллежийн 75 жилийн ой тохиож байна. Энэ хугацааны 15 жил нь таны амьдралтай салшгүй холбоотой. Энэ ойгоо угтан юу юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Манай сургууль чинь их онцлогтой сургууль шүү дээ. Сургалт тал нь Боловсрол соёл шинжлэх ухааны яамандаа харин уран бүтээл тал нь Соёл, спорт аялал жуулчлалын яамандаа харъяалагддаг. Мөн ЕБС, Коллеж, Их сургууль гээд гурван шатны сургууль нэг дороо байдаг жинхэнэ шатласан сургалттай сургууль юм. 75 жил урлагийн хүмүүсийг бэлдэж байгааг харвал энэ их амжилтын үр шим юм. Манай сургуулийн сурагчид жилдээ сурсан зүйлээ эцэг эх, найз нөхөд, багш нартаа мөн боловсон хүчин болж очих гэж байгаа урлагийнхаа байгууллагуудад хавар тайлангаа тавьдаг уламжлалтай. Урьд жилийн тайлангууд бол төгөлдөр хуурын ангиас нэг хүүхэд, ардын хөгжмийн ангиас нэг хүүхэд, бүжгийн ангиудаас нэг хүүхэд гээд мэргэжил бүрээс нэг хүүхэд авч нэгдсэн тоглолт хийж байсан бол энэ жилийн тайлан концерт нь мэргэжлийнхээ түвшинг дээшлүүлэх үүднээс нэг бүтэн дуурь нэг бүтэн балет тоглох болсноороо их онцлогтой. Дуурийн хувьд Английн хөгжмийн зохиолч Генри Персиллийн “Дидоно Эней хоёр” тоглох болно. Удирдаачаар УГЗ Чулууны Чимэд ажиллах болно. Манай дуурийн дуулаачийн тэнхимийн 50 хүн найрал дууг нь дуулж 10-аад гоцлол хүн гол дүрийг дуулна. Дээрээс нь сонгодог бүжгийн ангийнхан “Шопениана” нэртэй балет тоглоно. Сонгодог хөгжмийн аялгуунуудыг манай оюутнууд тоглоно. Эндээс харахад дуурь балетыг оюутны хэмжээнд тавьдаг болохнээ. Багшийн эрдэм шавиас гэдгийг эцэг эх, боловсролын байгуулгуудад харуулах гэж энэхүү тоглолтыг хийх гэж байна. Ингээд зургаан настай сургуульд орсон хүүгээ ямар хүн болсоныг эцэг эх нь үзээсэй, мөн ирээдүйн боловсон хүчин ямар байна вэ гэдгийг хараасай хэмээн өнөөдөр болох тайлан тоглолтонд өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.

-Өөрийн амьдралын түүхээсээ багахан ч гэсэн хуваалцсан танд баярлалаа. Ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэе.

Эх сурвалж: www.xyyp.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж