Английн хойд хэсэгт орших байгалийн үзэсгэлэнт, нам тайван мужийн эргэн тойронд оршдог суурин газруудад зэвсэглэсэн нэгэн этгээд одоогийн байдлаар 12 хүнийг буудаж амь насыг нь хөнөөжээ. Англи улсад ийм аймшигтай үйлдэл сүүлийн 14 жилд гарч байгаагүй юм байна.
52 настай, таксины жолооч Деррик Бёрд хэмээх энэ этгээд тэр орчмынхоо нутаг дэвсгэрээр хэрэн явж , замд тааралдсан бүх хүмүүсийг буудаж байсан бөгөөд 12 хүн нас барж, 25 хүн шархдаж, 3 хүний биеийн байдал маш хүнд байгаа ажээ.
Цагдаа нар алуурчныг уйгагүй мөрдөн хөөсний эцэст нэгэн бөглүү ойд амиа хорлон үхсэн байсныг олжээ.
Орон нутгийн цагдаагийн ажилтан “Гарсан аймшигт явдлын учир шалтгааныг шалган тогтоох гэж байна. Одоохондоо чухам юу болсныг дүгнэхэд эрт байна. Зэвсэгт хядлага санаатай үйлдэл үү эсвэл тохиолдлын зүйл үү гэдгийг тодруулах болно” гэж ярьсан байна.
Английн засгийн газрын албан ёсны тоо баримтаар 2009 оны байдлаар 1.37 сая бууны зөвшөөрөл олгосон байгаа юм байна. Таксийн жолоочийн хядлага үйлдэх үедээ хэрэглэж байсан 2 бууг зөвшөөрлийн дагуу эзэмшиж байсан эсэхийг тодруулж байна.
Английн ерөнхий сайд Дэвид Кэмерон “Засгийн газар хядлага гарсан суурин болон хохиролд учирсан иргэдэд туслахаар боломжийн бүх зүйлийг хийх болно” гэж парламентад мэдээлжээ.
Эх сурвалж: REUTERS
Бэлтгэсэн Д.Пунцаг
Холбоотой мэдээ