Монголын кино урлагийн зөвлөлөөс тавдугаар сарын 1-ний өдрийг Монголын киночдын өдөр болгон хоёр дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүллээ. Анхны кино, театрын үүд нээгдсэн тэр цагаас хойш Монголын кино урлаг 78 жилийг ардаа үдсэн байна. Энэ жилийн баярын нэгэн онцлог нь Монголын кино урлагийнхан цэцэрлэгт хүрээлэнтэй болсон явдал юм. Энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулагдаад байна. Өчигдөр нээлтээ хийсэн цэцэрлэгт хүрээлэнгийн нээлтэд Монголын кино урлагийн зөвлөлийн дарга Д.Нямдорж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал болон ахмад, дунд болон залуу үеийн уран бүтээлчид оролцож, мод тарьцгаалаа. Цаашдаа тэд хүрээлэндээ олон мод тарьж, ногоон төгөл болгон, шинэ кино, уран бүтээлээ уг цэцэрлэгт хүрээлэнгээс эхэлдэг уламжлалтай болох юм байна.
Г.ДАРЬ