Сануулахад, Баянгол дүүргийн шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар 2012 оны арванхоёрдугаар сарын 4-нд Н.Жамсран, Т.Лхагва, Т.Гансүх нар нь МАН-аас УИХ-д нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын сонгуулийн сурталчилгаанд ажиллах явцдаа “тэдний төлөө саналаа өгөхийг ятгаж сонгогчдын саналыг татах зорилгоор Увс аймгийн Тариалан сумын иргэдэд мөнгө тараасан” болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 130-р зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж шүүхээс торгох ял ногдуулсан. Харин Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ш.Чинбат, Я.Баттогтох нар нь МАН-аас УИХ-д нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын сонгуулийн сурталчилгаанд ажиллах явцдаа “тэдний төлөө саналаа өгөхийг ятгаж сонгогчдын саналыг татах зорилгоор оюутнуудад мөнгө тараасан” болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 130-р зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж шүүхээс торгох ял ногдуулсан юм. Улмаар анхан шатны шүүхий дээрх тогтоолууд давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хянагдаж хэвээр үлдсэн билээ.
Д.Нямхүү нарыг гишүүнээр сонгогдсонд тооцохыг хүсчээ
Ардчилсан намаас Сонгуулийн ерөнхий хороонд хандаж өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-нд албан хүсэлт тавьжээ. Тэрхүү хүсэлтийг УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойрог буюу Увс дахь сонгуулийн үеэр гарсан маргаантай холбогдуулж тавьсан юм байна. Тодруулбал, МАН-аас тус тойрогт нэр дэвшсэн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын сонгуулийн штабын ажилтан, ухуулагч, шадар туслах нь сонгуулийн тухай хууль тогтоомж зөрчиж сонгогчдын саналыг татах зорилгоор Увс аймгийн Тариалан, Өмнөговь сумын иргэдэд мөнгө тараасан тухай эрүүгийн хэрэг шүүхээр хянагдаж шүүхийн эцсийн шийдвэр гарсан тул Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг нэр дэвшигчийн жагсаалтаас хасч өгөхийг хүсчээ. Мөн хуульд заасны дагуу тойргийн хорооны санал хураалтын дүнг шинэчлэн гаргаж, 15 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшсэн Д.Нямхүү, Т.Мэндсайхан нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэх санал боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхийг хүссэн байна.
Г.ДАРЬ