“Барилга экспо-2013” үзэсгэлэн маргааш нээгдэнэ

Хуучирсан мэдээ: 2013.05.02-нд нийтлэгдсэн

“Барилга экспо-2013” үзэсгэлэн маргааш нээгдэнэ

Монгол Улсын барилгын салбарт шинэ дэвшилтэт бүтээгдэхүүн, технологи нэвтрүүлэх “Барилга экспо-2013” олон улсын үзэсгэлэн яармаг маргааш нээлтээ хийх гэж байна. Үзэсгэлэн яармагийг Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Барилгын хөгжлийн төв, “Барилга.МН” сэтгүүл, Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулж буй бөгөөд төрийн болон мэргэжлийн, ТББ-ууд оролцох ажээ. Яармагийн нэгдүгээр хэсэг “Барилгын материал, Дэвшилтэт технологийн үзэсгэлэн” тавдугаар сарын 3-6-нд, хоёрдугаар хэсэг “Шинэ орон сууц, ҮХХ-ийн үзэсгэлэн” 10-13-ны хооронд үргэлжлэх юм байна.

Тавдугаар сарын 3-6-нд Барилгын материал, дэвшилтэт технологийн  үзэсгэлэн яармаг зохиогдох юм. Үүнд барилгын материал, тоног төхөөрөмж, машин механизм, холбоо дохиолол, цахилгаан тоноглолын үйлдвэрлэл, худалдаа импорт эрхэлдэг аж ахуйн нэгж, компаниуд оролцох бол

Тавдугаар сарын 10-13-нд “Шинэ орон сууц, ҮХХ-ийн үзэсгэлэн зохиогдоно. Үүнд барилга угсралтын компани болон Барилга, ҮХХ-ийн бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжүүд оролцох ажээ.

Мөн энэ үеэр Засгийн газраас хэрэгжүүлж буй хөтөлбөрт хамрагдсан үйлдвэрлэгч, импортлогч компаниуд оролцох бөгөөд БХБЯ-тай байгуулсан гэрээний дагуу барилгын материалуудаа хямдралтай үнээр худалдаалах юм байна.

Энэхүү үзэсгэлэнгийн зорилго нь Монгол Улсын барилга, хот байгуулалтын салбарт шинэ бүтээгдэхүүн, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, төрийн байгууллагаас хийж хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийг олон нийтэд сурталчлан танилцуулах явдал юм. Мөн иргэдэд шинэ орон сууц, амины орон сууцны мэдээллийг хүргэх гэх мэт олон талт эрэлт хэрэгцээг хангахын зэрэгцээ бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаа, зах зээлийг өргөжүүлэхэд орших ажээ.          

 У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж