Шинэлэг уур амьсгал бүхий “Always young” дууны клипээ өнгөрсөн сард үзэгчдийн хүртээл болгосон “Anemone” хамтлагийнхан анхны бие даасан “Anemone” цомгийн баяраа фенүүдийнхээ хүрээнд өвөрмөц байдлаар хийхээр зэхжээ. Тэд ирэх тавдугаар сарын 6-нд 16.00 цагт шинэ цомгоо “Хаан банк театр”-т улаан хивсний баяраар эхлэх нь ээ. Уг баярт цомогт ажилласан уран бүтээлчид болон хэвлэл мэдээллийнхэн хүрэлцэн ирэх бөгөөд фенүүдийнх нь хувьд ч нээлттэй гэдгийг дуулгасан шүү.
“Anemone” цомгийн баярт зориулсан “мини” тоглолт болох бөгөөд уг тоглолтод “Making the band” шоунаас төрсөн “Extacy”, “Mixx” болон “Киви” хамтлагийн дуучин Ука, “Hot Spot” хамтлагийн дуучин Наагий, реппер Цэцэ, Монголын анхны эмэгтэй реппер Женни нар ая дуугаа өргөх юм байна.
Энэхүү баярт оролцох тасалбарын үнэ 5000 төгрөг аж. Тасалбар авсан хүмүүс хамтлагийн анхны цомгийг 20 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авч, гишүүдээр гарын үсэг зуруулан, хамтдаа гэрэл зургаа татуулах боломжтой юм байна. Цомгийн баярын тасалбарыг зөвхөн нээлтийн өдөр “Хаан банк театр”-аар борлуулна гэсэн шүү.
Дашрамд, уг хамтлагийн анхны цомог нь ирэх даваа гарагаас эхлэн 15000 төгрөгийн үнэтэйгээр “UBS CD SHOP”, www.xyyp.mn сайт болон “HI-FI” хөгжмийн сүлжээ дэлгүүрийн бүх салбараар болон онлайнаар борлуулагдах аж.