Сэтгүүл зүй 1990 оноос эхлэн өргөн чөлөөнд гарч эхэлсэн. Зөвхөн нэг талыг харж байсан сэтгүүл зүйд цөн түрж үгээр илэрхийлэгдэмгүй олон сонинтой болсон. Насанд хүрэгчид, далд үзэгдэл сонирхогчид, эмэгтэйчүүд, залуус, өсвөр үеийнхэн, шар, тогтмол. Өдөр, өглөө, орой, үдэш гээд өдрийн хэлхээгээр хүртэл ондоошиж эхэлсэн. 1990 оноос эхэлсэн энэ их урсгал аяндаа буурсан ч яг одоогоо 126 сонин Монгол Улсад хэвлэгдэж байна. Удалгүй богино долгионы радионуудын урсгал эхэлж аажимдаа буурсаар 72 нь үлджээ. Сэтгүүлийн урсгал ч огцом нэмэгдэж 92 сэтгүүл хэвлэгдэж байна. Чухам хэн, хэн үздэгийг нь тааж хэлэхэд хэцүү ч 149 телевиз нэвтрүүлгээ цацсаар. Хэвлэлийн мэдээллийн шинэ арми цахим хэвлэлүүд цөн түрж эхэллээ. Албан бус тоогоор 120 гаруй цахим хуудсууд интернетийн ертөнцөд хэн нэгний “хулганы” баруун товч дарахыг хүлээн буй.
Асар том чөлөө. Гурван сая хүрэхтэй үгүйтэй хүн амд энэ бол асар том чөлөө. Хэвлэл мэдээлэлд ч тэр, үзэгч, сонсогч уншигчдад ч тэр. Энэ том чөлөөнд чөлөөт өрсөлдөөн байна гэдэгт итгэхэд бэрх.
“Монгол шиг жижигхэн зах зээлд хэчнээн өдөр тутмын сонин, хэчнээн телевиз байна. Зах зээлийн сегментээ аваад үзэхэд энэ байж болошгүй асуудал. Яаж ч бодсон эдийн засгийн хувьд эрүүл өрсөлдөөн эндээс гарахгүй. Тэгвэл яагаад энэ олон хэвлэл мэдээллийн хэрэгсэлийг агуулаад байгаа юм бэ? Энэ бол хамгийн том асуулт” Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид
Хэлэх эрх. НҮБ-аас гаргасан хүний заяамал эрхийн нэг нь энэ. Жирийн иргэд ч бай, сэтгүүлч ч бай ялгаагүй. Гэтэл яг энэ эрх сэтгүүлчдэд одоогоор алга. Редакцийн болоод бизнес, эрх мэдэлтнүүдийн цаанаас хувь сэтгүүлч бүх болохгүй байгаа зүйлийг дуугарахад хэцүү. Энгийн жишээ татъя. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл байна гэж саная. Маш том эдийн засгийн эргэлттэй томоохон компаниар реклам цацуулж, үндсэн хөрөнгөө босгодог байж. Тухайн компанийн үйл ажиллагаанд ямар нэгэн доголдол гараад байгааг эгэл сэтгүүлч олоод мэдчихэж. Түүнийгээ сэтгүүлчийнхээ хувьд олж мэдээд цацах гэж байж. Сэтгүүлч ямар ханатай тулгарах гэж байгааг та бараг таасан байх. Сэтгүүлчтэй тулгарах хана нь редакци. Учир нь тэр компанийн мөнгөөр хувь сэтгүүлчийг цалинжуулдаг болохоор тэр. Сэтгүүл зүйн нийтлэг төрх нь одоогоор энэ.
Хэдийгээр мэргэжлийн байгууллага, гадны санхүүжилттэй байгууллагууд байдаг ч эрх мэдлийн хүрээлэл, шийдвэр гаргах чадамж нь тун бага. Хууль эрх зүйн хүрээнд ажиллах ямар боломж байхгүй. Энэ нөхцөлд сэтгүүлчид яах вэ гэж үү? Сэтгүүлч ч гэсэн хүн учир цаанаа амьдралтай. Амьдралаа хэвийн өрнүүлэхийн тулд ямар сонголт хийхийг бодоод үз. Хариулт нь амархан гарна.
“Сэтгүүлч хүн яг өнөөгийн байдлаар хэлэх эрхээ эдэлж чадахгүй байгаа. Энэ эрх нь л хязгаарлагдмал байгаагаас болоод олон нийт сэтгүүлчдэд итгэхгүй байгаа юм шүү дээ. Сэтгүүлчдээс та нарт хэн дарамт шахалт учруулаад байгаа вэ гэдгийг мониторингоор судлахад эрх баригчид нь ч, хувийн хэвшлийн байгууллага нь ч учруулж байгаа нь тогтоогдсон. Үүнээс хамгийн нийтлэг дарамт шахалт нь тухайн редакцтай байгуулсан ямар нэгэн компаний тухай мэдээ, материалыг нийтлүүлдэггүй гэх зөрчил” гэж Глоб Интернейшнл ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал ярьсан юм.
Жил гаруйн хугацаанд хэлэлцсэн хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль хуульчлагдсангүй. Редакцийн эрх, сэтгүүлчийн эрх, хэвлэлийн өөрийн зохицуулалт, хараат бус байдлын тухай гээд эмзэг цэгийг нь хатгасан олон асуудал байсан ч хуульчилсангүй. Угтаа эрх мэдэлтнүүдийн эмзэг цэгийг сөргүүлээд хатгасан энэ хууль анхнаасаа батлагдах нигууртай байсан уу гэдэг эргэлзээтэй. Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэсэн 20 жилийн гурав дахь жилд нь “эрх” чөлөөний хэлтэрхий хуульчлагдав. Дөрөвхөн зүйл заалт бүхий энэ хуульд эрх чөлөөг тунхагласан мэт боловч хариуцлага, хэвлэлийн зохицуулалт, сэтгүүлчдийн эрх, редакцын эрх чөлөөг энэ хуулинд тусгасангүй. Угтаа энэ бүгдийг өөрчлөх боломж эрх мэдэлтнүүдэд байсан ч тэд төвдсөнгүй.
Саяхан болж өнгөрсөн АОХН-ийн долдугаар хуралдааны онлайн сэтгүүл зүй болоод хэвлэлийн эрх чөлөө салбар хуралдаанд гадны төлөөлөгчийн хэлсэн нэг үгийг дуулгая. “Том намууд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг эзэмшдэгийг мэдэж байгаа бол сонин сэтгүүл авахгүй, телевизээ үзэхгүй, сайтад нь орохоо больчих” гэж.
Төлөөлөгчийн хэлсэн гоё үг Монголд хэрэгжих боломжтой юу. Сэтгүүлч, уншигч, сонсогч, үзэгчид чухам тэр эрх нь байгаа юу…