Ноён Баффетт зээлийн үнэлгээний Мүүди’с агентлагийн хамгийн том хувьцаа эзэмшигч бөгөөд АНУ-ын Конгрессын Санхүүгийн хямралыг шинжлэх комиссын өмнө ярьсан юм. Конгрессоос байгуулсан уг хороо илүү хатуу, чанга зохицуулалт бүхий хууль батлах үүднээс санхүүгийн хямралд зээлийн үнэлгээний агентлагууд ямар нөлөө үзүүлснийг судалж байгаа юм. Зээлийн үнэлгээний агентлагуудыг найдваргүй зээлүүдэд сайн үнэлгээ өгч байсан гэж буруутгаад байгаа юм. АНУ-ын олон нийт байрны ханш тийм богино хугацаанд ингэж огцом унана гэж бодоогүй. АНУ-ын моргейжуудыг сайн үнэлгээтэй гэж үзэж байсан ч байр худалдаж авсан хүмүүс гэнэт моргейжийн төлбөрөө төлж чадалгүй асуудалд орж, моргейжийн зах зээл хямарсан. Эдгээр үнэлгээний агентлагуудын хяналтыг илүү сайжруулах хэрэгтэй гэсэн саналыг Европын холбооны агентлагууд дэвшүүлээд байгаа.
“Америкчууд тэр чигтээ байрны зах зээл ийм огцом унана гэж төсөөлөө ч үгүй байсан. Хэрвээ АНУ-ын байрны зах зээл ингэж унахыг мэдсэн бол би өөрөө Мүүди’с агентлаг дахь 13 хувийн хувьцаагаа зарах байсан” гэж ноён Баффетт ярьсан. Мүүди’с агентлагийн ерөнхий гүйцэтгэх захирал Реймонд МакДаниел комиссын сонсголд мөн оролцсон бөгөөд компани нь моргейжтэй холбоотой өгч байсан үнэлгээнийхээ талаар сэтгэл хангалуун биш байгаа, цаашид үнэлгээ гаргадаг процессоо сайжруулах болно. Гэхдээ манай үнэлгээ бол ерөнхий хандлага тодорхойлох болохоос хувьцаа худалдаж ав, одоо зар гэсэн зааварчилгаа өгдөггүй гэж ярьсан байна.
Мүүди’с, Стандард энд Пүүр, Фитч зэрэг үнэлгээний агентлагуудыг сонирхлын зөрчилтэйгөөр үнэлгээ хийж байсан гэж зарим улстөрчид буруутгаж байгаа. Санхүүгийн хямралыг шинжлэх комиссын дарга Фил Анжелайдэс сонсголыг нээж хэлсэн үгэндээ Мүүди’с компанийн орлого 2000 онд 600 сая ам.доллар байсан бол моргейжийн зах зээл хямралд орохын өмнөхөн буюу 2007 онд 2.2 тэрбум ам.долларын ашигтай ажилласан. Харин тус компаниудын хөрөнгө оруулагчид нь алдагдалтай ажиллаж байсан гэж мэдэгдсэн. Тус комиссын дэд дарга Билл Томас хэлэхдээ энэ сонсгол бол зээлийн үнэлгээний агентлагууд хямралын шалтгаан байсан уу харин хохирогч нь байсан уу гэдгийг тогтоох зорилготой гэж ярьж байв.
Холбоотой мэдээ