Уг уулзалтад намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарь болон Нарийн бичгийн дарга, Улстөрийн бодлогын хэлтсийн дарга Д.Анхбаяр, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Чулуунбилэг, Намын байгуулалтын хэлтсийн дарга Э.Батсуурь нар оролцож, намын их хурал, дөрөвдүгээр сард хийсэн ажлынхаа талаар мэдээлэл өглөө.
АН-ын хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сарын турш намынхаа үндсэн дүрмийн шинэчлэлийн хэлэлцүүлгийг орон даяар хийсэн байна. Бүх шатны сонгуулийн тухай хууль өөрчлөгдсөнтэй холбогдуулан тус нам дүрмээ шинэ агуулгаар баяжуулахаар анхан шатны намуудынхаа саналыг сонссон байна.
Гүйцэтгэх зөвлөлийн хоёр жилийн турш боловсруулсан дүрмийн төсөлд туссанаар хэд хэдэн гол өөрчлөлт оржээ. Тухайлбал АН ҮЗХ-ндоо ард түмнээс сонгогдсон хүмүүсээ түлхүү оруулах юм байна. Өөрөөр хэлбэл ИТХ-д сонгогдсон хүмүүсээ ҮЗХ-нд оролцуулахаар дүрмийн төсөлд тусгасан байна. Ингэснээр нам хэсэг бүлэг мөнгөтэй хүмүүсийн эрхшээлд орохоос сэргийлэх юм байна. Мөн өнөөдөр Монголд хаана сайн боловсон хүчин, хүний нөөц байгааг мэдэхгүй, тэрнийгээ бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгаа учраас хүмүүсийнхээ бүртгэлийг сайжруулах заалт оржээ. Түүнчлэн АН дан хэвтээ тогтолцоотой байгаа нь зарим талаараа хариуцлагыг сулруулж байгаа тулд намын Ерөнхий нарийн бичгийн дарга нь аймгийн намын даргыг томилох зэрэг зохицуулалт хийхээр тусгасан байна. Энэ мэтчилэн дүрмийн төслийн гол гол заалтуудаа намынхаа анхан шатаар хэлэлцүүлжээ.
Харин энэ сарын найманд АН-ын Ёслолын их хурлыг хийхээр АН-ын Хэрэг эрхлэх газар бэлтгэл ажлаа базаагаад байгаа юм байна. 2000 оноос хойш 5 дахь удаагаа хийж байгаа намын их хурал нь энэ удаа цахим хэлбэрээр хамгийн олон хүн оролцуулах гэж байгаагаараа онцлог юм. Улаанбаатарт 7000 гишүүн цуглан, Монгол орны өнцөг булан бүрт 21 аймагт хуралдаанууд нэгэн дор болж төлөөлөгчид цахим хэлбэрээр холбогдох аж. Ингэснээр АН-ын Их хурлуудын түүхэн дэх хамгийн их төлөөлөгч бага зардлаар оролцох юм байна.