“Олон улсын хамтын нийгэмлэг шүүх хурал хийсэн болж жүжиг тавихыг хүсч байна. Тэд үнэндээ энэ хүмүүсийг ямар нэг аргаар шоронд хийхийг л хүсч байна. Хэрвээ хүмүүсийг шударгаар шүүхийг хүсч байгаа бол шүүх процесс нь шударга байх ёстой. Хүн алсан хүнд хүртэл шүүх процесс шударга байх ёстой биз дээ. Барууны орнуудад маш ноцтой гэмт хэрэг хийсэн хүнд хүртэл төрөөс нь үнэгүй өмгөөлөгч томилж өгдөг. Тэгтэл тэдгээр орнууд байлдааны хөлгүүдээрээ Сомалийн далайн дээрэмчдийг баривчилсан мөртлөө шүүх хурлыг нь бараг өмгөөлөгчгүйгээр Кеняд хийх гэж байгаа нь шударга биш” гэж хэд хэдэн далайн дээрэмчнийг өмгөөлж байгаа Диксон Нявинда ярьж байна.
Харин Кеняа болон Сейшельд болох гэж байгаа шүүх хурлын төлбөрийг хийх асуудлыг хянаж байгаа НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын төлөөлөгч үүнийг худлаа гэж байгаа бөгөөд далайн дээрэмчдэд өмгөөлөгч авахад нь тусалж төлбөрийг нь төлж байна гэж ярьсан. НҮБ нэгдүгээр сард далайн дээрмийн эсрэг сан байгуулсан бөгөөд дөрөвдүгээр сард 2.1 сая ам.доллараар Сомалийн иргэдэд далайн дээрэм хийхээ зогсоох тухай олон нийтийн сурталчилгааны ажил хийх гэж байгаа талаараа мэдэгдсэн. Үүнийг нь Сомалийн дэд ерөнхий сайд “мөнгөний гарз болсон үр дүнгүй ажил” гэж нэрлэсэн. Сомалид ажилгүйдэл маш их бөгөөд иргэд нь нэг дор хэдэн арван мянган ам.долларын ашиг олж болох далайн дээрмийг ихэд сонирхдог. Сомалид өөрийн гэсэн шүүх засаглал бараг байдаггүй нь энэ асуудал даамжрахад нөлөөлж байна.
АНУ-ын Маерск Алабама хөлгийг дээрэмдсэн Сомалийн далайн дээрэмчин Мюзийг АНУ баривчлан Нью-Йоркт шүүсэн. Дээрэмдүүлсэн хөлгийн ахмад нь дээрэмчдийн хөлөг дээр тав хоног байсан бөгөөд АНУ-ын мэргэн буудагчид аврах ажиллагаа явуулах үеэрээ гурван далайн дээрэмчинг буудан алж, Мюзийг баривчилсан юм. Мюзийг 27 жил шоронд хорих ял оноосон.
Нидерланд болон Иемен тус бүртээ далайн дээрэмчдийн шүүх хурлийг хийсэн ч өөр бусад орнууд энэ асуудалд хутгалдахыг хүсэхгүй байгаа юм. Тавдугаар сард Оросын худалдааны хөлгийг далайн дээрэмчид эзэлж авсан ч богино хугацаанд хойноос нь Оросын тэнгисийн цэрэг чөлөөлж, 10 далайн дээрэмчинг баривчилсан. Баривчлагдсан далайн дээрэмчдийг шүүхээр оруулна гэж тухайн үед Орос мэдэгдэж байсан ч эрх зүйн үндэслэл байхгүй тул суллаж байна гэж Оросын Батлан хамгаалах яам мэдэгдсэн. Дээрэмчдийг яах вэ гэдгийг шийдэхээс тэднийг барих нь илүү амархан гэж Оросын цэргийн штабын генерал Николай Макаров Интерфакс агентлагт ярьсан. Эрх зүйн гарц олдохгүй байсан тул оросууд дээрэмчдийг сулласан бөгөөд тэгэхдээ тэднийг жижигхэн завин дээр суулгаж далайн эргээс 300 миль зайтай газар суллаж тависан. Тэгэхдээ тэдэнд хүнс, зүг чиг баримжаалах багаж хэрэгсэл өгөөгүй бөгөөд дээрэмчид бараг амиа алдсан байх гэж үзэж байна.
Т.Бадрах
Холбоотой мэдээ