FIFA-гийн 19 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зарим тоглолтууд зохион байгуулагдах Өмнөд Африкийн нийслэл Кейптаун хотын 69070 хүний суудалтай төв цэнгэлдэхэд дэлхийн өнцөг булан бүрээс хуран цугласан хөлбөмбөгийн фанатууд хайртай багаа дэмжиж, уушгиныхаа багтаамжаар орилж, хашхирч, сэтгэлийн хөөрлөө хүссэнээрээ илэрхийлэх боломжтой болжээ. Тодруулбал, инженерийн ухаалаг шийдлийн ачаар тус цэнгэлдэхийг дуу тусгаарлагчтай байхаар зохион байгуулсан учир ойр орчмын оршин суугчдад ямар нэг төвөг учруулахгүй юм.
Задгай дээвэртэй уг цэнгэлдэх нь Кейптаун хотын баячуудын аж төрдөг Green Point дүүрэгтэй ойролцоо оршдог бөгөөд тэр хавийн оршин суугчдаас санал гомдол багагүй ирдэг учир зохион байгуулагчид дээрх арга хэмжээг авсан байна. Хөгжөөн дэмжигчдийн уухай, баярласан, хөөрсөн, гунигласан тэр чимээ шуугианыг байж болох хамгийн доод төвшинд гадагшлуулахын тулд Германы “Schlaich Bergermann” дизайны фирм дэлхий дээрх хамгийн том шилэн дээврийг бүтээжээ. Нийт 37 мянган кв.метр талбайтай шилэн дээвэр нь 2.5 см зузаантай 9000 шилэн хавтангаас бүрдэх ба тэдгээрийг дугуйруулан цэнгэлдэхийн дээд ирмэгийн хүрээлэн суурилуулсан байна. Гэхдээ цэнгэлдэхийн гол хэсэгт дээвэр нь задгай байх юм. Ингэснээр цэнгэлдэх доторх дуу чимээ гадагш бус талбай руу, өөрөөр хэлбэл цэнгэлдэхийн дотор талд тархах ажээ. Уг шилэн нь дээвэр дуу тусгаарлагчаас гадна нарны хамгаалалтын үүргийг давхар гүйцэтгэх гэнэ.
С.Цэлмэг