Хүүхдийн яам байгуулья

Хуучирсан мэдээ: 2010.06.03-нд нийтлэгдсэн

Хүүхдийн яам байгуулья

Эх үрсийн баяр гэсэн сүржин нэртэй даржин баяраар эх хүүхдүүд нь бус эрчүүд нь л архи дарс хүртэж өнгөрүүлэх шив дээ. Жанжны талбай, Эрх чөлөөний талбай тэр чигтээ хогонд дарагдаж, 200 амьтантай “Зоо парк” гээд сүйд болгон сурталчлаад байсан нь гэрийн тэжээмэл 30 гаруйхан амьтантай төмөр сараалжуудаар хуурч, хоёр дахин өндөр үнэтэй чихэр жимсээр багачуудын нүдийг бүлтэлзүүлж, тоглох тоглоом маруухан нэг иймэрхүү л баяр болж өнгөрлөө. Энэ өдөр бас нэгэн баяр болоод ч байгаа юм шиг. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вень Зябаог Монгол хүүхдүүд угтан төрөлх хэлээр нь мэндэлж, эх нутгийнх нь дууг Хятад хүүхдээс дутахааргүй дуулж байна. Вень Зябаод ч тааламжтай байгаа бололтой. Тэрбээр дотор хүнтэйгээ үүнийг хэрхэн ургуулан ярилцаж зогссоныг хэн мэдлээ. Их л бэлгэшээсэн янзтай, инээмсэглэн хүүхдүүд рүү даллана.

“Зоо парк”-д очсон хүүхдүүд амьтан бус “хүн” үзсээр байгаад буцлаа. Тэд бухимдал, гомдлоор дүүрэн үлдсэн. Ядаж байхад Хятадын Ерөнхий сайдын айлчлалаас болж Төв цэнгэлдэх, Зайсангийн ойр орчмын замуудыг хоёр цагийн турш хааж чангалав. Баярлан хөөрч, тоглон наадах гэсэн багачуудын нулимс урсч, уйлах дуугаар түгжигдсэн машин, автобус дүүрэн байлаа. Эцэстээ ганц ч удаа атугай амьтан харах гэсэн чин эрмэлзлээр аав, ээжийгээ ятгасан багачуудын буруу болоод өнгөрөв өө, хөөрхий. Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Доголон нулимстай хоцорсон олон багачуулын дүр төрх эрх нь зөрчигдсөөр байгааг, эрхийг нь зөрчсөөр байгааг бидэнд сануулсаар өнгөрөв.

Уг нь энэ өдрөөр хүүхдийн өмнө тулгамдаад байгаа асуудлуудыг төр засаг нь шийдвэрлэж, эрх нь зөрчигдсөн ирээдүйгээ аврах талаар нухацтай ярилцах ёстойсон.

Гэтэл төр засаг нь ч хүүхдийн төлөөх төрийн болон төрийн бус байгууллагууд ч ус балгасан мэт таг чиг. Тэднийхээр бол Монголд хүүхдийн эрх зөрчигддөггүй гэж боддог байхыг ч үгүйсгэхгүй. Ер нь бидний ирээдүй болсон багачуудад маань юу байна вэ.

Хүүхдэд зориулсан цорын ганц номын сан нь байхгүй болсон.
Бидний багад байр бүхний өмнө тоглоомын талбай байв. Өсч томроод өөрсдөдөө хэрэггүй гэсэн шиг үгүй хийсэн. Оронд нь амьгүй төмрийг агуулан хамгаалах гарааш босгосонсон. Нэрэмжит цайны газар байлаа, “Бамбарууш” нэртэй. Пиво уудаг газар нь цөөдөөд баар болгочихсон. Ингээд хүүхдэд зориулагдсан бүхнийг устгаад л хаячихсан. Бидний бага настай хамт тэр бүгд устсан. Үнэндээ тэд хайраар дутаж байна. Үгүйрүүлэн дуусгахын төлөө аятай томчуудын сувдаг сэт­гэлд дарлуулан арайхийн өсч байна.

Ийм байхад эрхийг нь зөрчөөгүй юм шиг дуугүй царайлаад сууж байх юм.
Эцэс сүүлд нь ганц баярынх нь өмнө “Эх” гэж үг залгаад өөрийнх болгоод авчихлаа энэ томчууд. Олон улсын хүүхдийн байгууллагын судалгаагаар манай улс хүүхдийн эрхийн зөрчлөөрөө 200 гаруй орноос нэлээд дээгүүрт бичигдсэн байна лээ. Өөдсийн чинээхэн биетэй хүү өөрөөсөө хэд дахин том ачаатай тэрэг түрээд л гүйж явна, арав ч хүрээгүй охиныг хүчирхийлээд амийг нь хороочихож байна. Чанаргүй хоол нийлүүлж хүүхдүүдийг дөч, тавиар нь хордуулсан сургуулийн захирлыг буруугүй гэж шүүх үзэж байх жишээтэй. Ийм байхад хүүхдийн эрх зөрчигдөөгүй гээд суух уу.

Хойд эцэг эхийнхээ хатуу гарт хэчнээн хүүхэд тарчилж байгааг, орох орон оочих аягагүй хэчнээн хүүхэд траншей, орц хонгилоор амьдарч байгааг энэ төр засаг мэдэх үү. Үзээд өгье. Энэ талаар хийсэн судалгаа байна уу.

Алга. Хийгээгүй зүйлийг хаанаас ч олж харах билээ. Тийм судалгаа байдаггүй юм билээ. Ганц хоёр олон улсын байгууллагын зургаа, долоон жилийн өмнө хийсэн хуучин судалгааг иш татаад хэлээд л байдаг. Гэхдээ тэр үеийн хүүхэд өдгөө насанд хүрсэн гэдгийг ч ухаад бодохгүй хүмүүс юм, бид. Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, сайд нар гээд бүгдээрээ л хэвлэлийн төлөөлөгчдөөрөө дамжуулан тэдэн хүүхдэд бэлэг өглөө гэх мэдээг илгээж байх.

Хэвлэлийн төлөөлөгчид нь харин “Ганц мэдээ гаргаад өгчих л дөө” гэж ирээд л яршиг болно. Үнэндээ хүүхэд бэлэг аваад хэрхэн хөөрч байгаа, эсвэл бэлэггүй хэрхэн гуниглах нь тэдэнд падлийгүй. Өөрсдийг нь магтсан, хүүхдэд хайртай хүн болж харагдах тэр мэдээг нийтлүүлэх нь л чухал. 
 
Асуудал ингэж хуримтлагдчихаад байхад төр, түүний албатууд ингэж л сэтгэж сууна. Ийм бодлогогүй байж болох уу даа. Хүүхдийн асуудлыг нь шийдвэрлэдэг яам байгуулах хэмжээнд хүртэл бугшаад байхад бид нар эх үрсийн баярыг лонхны баяр, өөрийгөө сурталчлах боломж, бизнес хийх мэргэн санаа болгочихоод сууж байна.

Боливол яасан юм бэ. Ирээдүйгүй болж гүйцлээ. Хүүхдийн хүмүүжил гэж ярихын эцэсгүй болоод байна. Алсан, талсан хүчирхийлсэн кино, нүцгэн шалдан, эротик, порно зурагтай сонин, сэтгүүлийн дунд бидний ирээдүй өсч бойжиж байна. Тэднийг эрээ, цээргүй болж байна гэхийн оронд өөрсөд рүүгээ нэг өнгийгөөд харцгаая.   Асуудал ийм төвшинд хүртлээ хурцдаад байхад хэдий болтол дүлий дүмбэ явах вэ. Хүүхэд гэхээр зөвхөн өхөөрдөм зүйлийн тухай бодох богино бодолдоо бүдрэлгүй биднийг залгамжлагч, ирээдүй минь гэж холыг харвал яасан юм бэ. Зам, барилга, нүүрс, баялаг гээд амьгүй зүйлд анхаарлаа хандуулсан яам байна. Ирээдүйн эзэн өнөөгийн хүүхдийн төлөө яам харин алга. Тэдний төлөө яам байгуулья, төрийн бодлогын дээд төвшинд хүүхдийн эрхийг тавья. Тэд холыг харсан хүн болон өсөг. Үгүй гэвэл энэ үндэстэн далайд асгасан давс шиг их гүрэнд уусах энүүхэнд иржээ.

Л.НАРАНТӨГС  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж