Хуучирсан мэдээ: 2010.06.03-нд нийтлэгдсэн

Торгон агшны айлчлал

Айлчлалын өмнөтгөл ба БНСУ, Япон

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд ноён Вень Зябао энэ сарын 1, 2-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын урилгаар ажлын айлчлал хийгээд буцлаа. Азийн дөрвөн орноор айлчилсан түүний гурав дахь зогсоол Монгол байв. Уг нь өнгөрсөн оны намар хийх байсан энэ айлчлал Ерөнхий сайд асан С.Баярын лагшин чилээрхсэн шалтгаанаар хойшилсоор сая хэрэгжиж буй нь энэ юм. Хүүхдийн баяраар угтуулсан түүний айлчлал нэг хоногийн хугацаатай байлаа. Өмнө нь тэрбээр БНСУ, Японд айлчилж Азийн хөгжлийн өнгө төрхийг тодорхойлолцож яваа тэдгээр орны удирдлагуудтай уулзсан юм. Монголд хийсэн айлчлалын өмнөтгөл ямар байж вэ гэдгийг эхлээд цухас авч үзье.

Өнгөрсөн тавдугаар сарын 28-нд нутгаасаа гарсан ноён Вень Зябаогийн эхний айлчилсан орон БНСУ байв. Тэнд тус улсын Ерөнхийлөгч Ли Мен Бактай уулзжээ. Хоёр Солонгосын хооронд эгзэгтэй байдал үүссэн үед БНСУ-д  БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд айлчилсан нь санаандгүй хэрэг биш байсан биз. Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх зургаан талт хэлэлцээрийг хэдэн жилийн турш нутагтаа зохион байгуулж бүс нутгийн тогтвортой байдлыг хангахын төлөө БНХАУ ихээхэн хүчин чармайлт гаргасаар ирсэн. Тийм болохоор Хойд, Өмнөд Солонгосын хооронд үүсээд байгаа үл ойлголцлыг саармагжуулж чадах, хоёр Солонгосын аль альтай харилцаа холбоо сайтай орны хувьд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд ямар боловч нөхцөл байдлыг сайтар тандахаар очсон нь лавтай.

Түүний сацуу мэдээж хэрэг БНСУ, Хятадын хооронд худалдаа, эдийн засгийн харилцааг сайжруулахад талууд анхаарлаа хандуулжээ. Хурц асуудалд аль болох дундын дипломат байр сууринаас ханддаг хятад заншлаар хоёр Солонгосын сөргөлдөөний бай болсон Өмнөд Солонгосын “Чхонан” усан хөлгийн талаар аядуу байр суурь илэрхийлээд л өнгөрсөн байна.

Тэндээсээ ноён Вень Зябао Арлын орныг зорьсон. Нэгэн үе дэлхийн II дайны гашуун түүх хоёр орны харилцааг хөндийрүүлээд байсан ч сүүлийн жилүүдэд нэлээд зөөлрөөд байгаа. Ердөө хэдхэн жилийн өмнө Японы Ерөнхий сайд дэлхийн II дайнд амь үрэгдсэн япон цэргүүдийн чандрыг хадгалдаг сүмд мөргөл үйлдсэний төлөө Хятадын тал эрс эсэргүүцэл илэрхийлж байсан юм. Харин өнөөдөр Хятадын мэдээллийн гол хэрэгслүүдийн мэдээнээс харвал Японд хийсэн айлчлалд ихээхэн ач холбогдол өгчээ. Дөнгөж их үдэд өндөрлөсөн Монголд хийсэн айлчлалын сонин хачин үдээс хойш гэхэд Синьхуа агентлагийн “хуучин” мэдээний архивт шилжсэн байхад Японд хийсэн айлчлал топ-ын зиндаанаас буухгүй л байна. Ноён Вень Зябаогийн хувьд хамгийн эмзэг, маргаантай сэдвүүдийг хөндсөн, халуун айлчлал нь Япон байв. Япон, БНХАУ-ын хооронд нэг том маргааны бай бий. Тэр бол Хятадын нутаг гэдэг ч өдгөө Японы эзэмшил болох Дяоюйдао болон түүний хавийн дагуул арлууд. Ноён Вень Зябаог айлчлахаас гуравхан хоногийн өмнө Японы тал уг арлуудыг өөрийн мэдлийнх гэдгийг давтан илэрхийлсэн нь бас нэгийг хэлээд байгаа хэрэг.

Ноён Вень Зябао Японд айлчлахдаа огцрох мэдэгдлээ хийгээд байгаа Ерөнхий сайд Юкио Хатояматай уулзаж хэлэлцээ хийсэн юм. Тэдний хооронд бүс нутгийн асуудал гол сэдэв болон өрнөжээ. Солонгосын хойгийн цөмийн асуудал, зургаан талт хэлэлцээр, бүс нутгийн тогтвортой байдал зэргийг хоёр Ерөнхий сайд хэлэлцжээ. Эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын асуудал мэдээжээр түүнээс дутахгүй ач холбогдолтойгоор яригдсан байна. Японы талаас 1000 залуусыг урьж Шанхайн ЭКСПО-2010-ыг үзүүлэх, ойрын таван жилд жил бүр Японы 100 сэтгүүлчийг урьж Хятад орноор аялуулах гээд бусад сэдвийг ч хөнджээ. Японы тал ч Хятадын 700 сэтгүүлчийг нутагтаа урьсан байна. Хятадын зах зээлээс Японд нийлүүлэгдэж багагүй асуудал дэгдээсэн “Хортой банш”-ны тухай зэрэг хөндүүр асуудлыг ч талууд эрээлж нэрэлхэлгүй ярилцжээ. Хятадаас Японд нийлүүлсэн баншнаас хорт хольц илэрч бараа бүтээгдэхүүн авахгүй дээрээ тулж байсан асуудал хуучраагүйг энэ яриа илтгээд авав. Байгалийн хий, эрчим хүчний салбарт хамтарч ажиллах асуудал БНСУ, Японд хийсэн айлчлалуудын үеэр хөндөгдсөн бөгөөд энэ нь Монголд хийсэн ноён Вень Зябаогийн айлчлалтай нэгэн сэжмээр холбогдсон юм. Одоо тэрбээр айлчлалынхаа сүүлийн зогсоол болох Мьянмад очоод байна.

Ерөнхий сайдын 16 жилийн дараах айлчлал

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын Монголд хийсэн айлчлал нь Хятадын талаас Засгийн газрын тэргүүний хувьд 16 жилийн дараа хойд хөршдөө дөрөө мулталсан явдал болов. БНХАУ-ын дарга Зян Зэминь, Ху Жинтао нар ойрхон зайтай айлчилсныг эс тооцвол шүү дээ.  Өдгөөгөөс 16 жилийн өмнө буюу 1994 онд Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Пен Монголд айлчилсан нь тухайн үедээ хоёр орны харилцаанд эрс эргэлт хийсэн юм. Дөнгөж сэргэж эхэлж байсан хоёр орны харилцаа эрчимжих шатандаа тэгэхэд орсон билээ. Тухайн үед Сүхбаатарын талбайн эргэн тойронд цагдаа дүүрэн зогсч байсныг зарим уншигч санаж буй байх. Монголчууд өмнөд хөршөөсөө үзэл суртлын шалтгаанаар тусгаарлагдаад олон жил болсны дараа хийсэн анхны айлчлал тул таван метр тутамд цагдаа зогсоож, өндөржүүлсэн хамгаалалт дор Ерөнхий сайд Ли Пений айлчлалыг явуулж байв. Энэ айлчлал монголчууд БНХАУ-тай харилцаагаа нээх анхны том алхам болсон юм. Үүнийг дагаад далайд гарцгүй орны хувьд тусгай хөнгөлөлт эдлэх НҮБ-ын конвенцийн дагуу Хятадын нутгаар дамжих транзит тээврийн хэлэлцээр байгуулж хөнгөлөлтийн эрхээ ч эдлэх болсон.

Тэгэхэд Хятадын хил хаалттай, хамгийн их цэрэгжүүлсэн хил байсныг манай 25-аас дээш насныхан мэднэ. Минажүүлсэн, хилийн цэргээр хүчлэн хамгаалсан хил хоёр орны дундуур хөндөлсч байлаа. Энэ чанга хилийн дэглэмийг бууруулж, энхтайвны хил болгож, хилийн дагуу жирийн иргэд чөлөөтэй зорчих боомтуудыг нээх анхны хэлэлцээрийг чухамхүү ноён Ли Пений айлчлалаар хийсэн байдаг. Ингэснээр өмнөд хилийн  боомтууд нээгдэж манай иргэд чөлөөтэй зорчдог, худалдаа наймаа хийдэг, хумигдмал, эхлэлийн төдий байсан ганзгын наймааны алтан үе ч эхэлсэн билээ. Ингэж Ерөнхий сайд Ли Пений айлчлал уналтад ороод байсан Монголын эдийн засгийг хойшид сэргээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэрээнүүдийг байгуулах эхлэл болсон юм.

Харин ноён Вень Зябаогийн айлчлал Монгол орон ашигт малтмалын том ордуудаа задалж, дэлхийн нөлөө бүхий орнуудын овоо хараанд өртөөд байгаа цаг үед болсноороо онцлог юм. Газар зүйн давуу байдлаа ашиглаж ОХУ, БНХАУ хоёр эдгээр ордоос давуу хувийг эзэмшихээр өрсөлдөөн зарлаад буй торгон агшны айлчлал ч гэж үүнийг хэлж болохоор байна. Хэн ч хажууд байгаа баялгийг хаа холын орон гүрнүүдэд олзлуулахыг хүсэхгүй нь лавтай.

Хилийн дэглэмийн тухай гэрээг түүхэНд анх удаа байгуулав

Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын сая өндөрлөсөн айлчлалаар есөн чухал баримт бичгийг Монголын талтай байгуулсан юм. Тэдгээрийн дотроос Монгол, Хятадын хилийн дэглэмийн тухай хоёр орны Засгийн газар хоорондын гэрээг түүхэнд анх удаа байгуулснаараа онцлог. Хил орчмын аймаг, хошуудын харилцаа, хувь хүмүүсийн наймаа худалдааг хөгжүүлэх, басхүү шинээр айдас түгшүүр дагуулж байгаа  хар тамхи, хүний наймаатай хамтран тэмцэх, боомтуудын үйл ажиллагаа гээд олон зүйл энэ гэрээнд багтаж байгаа.

БНХАУ-ын Засгийн газраас олгосон буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Улаанбаатарт Бээжингийн гудамж байгуулах талаарх солилцох захидал, Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээр, Боловсролын үнэмлэх, эрдмийн зэргийн гэрчилгээг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээрийг сэргээж, нэмэлт өрчлөлт оруулах тухай, Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслалцах тухай, Гаалийн хүрээнд мэдээлэл харилцан солилцох тухай, БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлэх төслийн Зүтгүүр вагон худалдан авах дэд төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээр, БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээр, Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Цөмийн энергийн газар, БНХАУ-ын Хятадын үндэсний цөмийн корпорац хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг зэргийг айлчлалын үеэр баталлаа.
Ерөнхий сайдын төвшинд өмнөд хөршийн зүгээс 16 жилийн дараа хийсэн энэхүү айлчлалаар Хятадын талаас Монголын талд нийгэм, эдийн засгийн хөгжилд зориулан 50 сая юанийн буцалтгүй тусламж, мөн батлан хамгаалах салбарт зориулж 10 сая юанийн тусламж үзүүлэхээр болов. Боловсруулах аж үйлдвэр, түүний дотор хөдөө аж ахуйн бүтэгдэхүүн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтаар 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл өгөхөө мэдэгдэв. Зээлийг хэрэгжүүлэх хугацаа, хүүгийн хэмжээ зэргийг хоёр талын холбогдох байгууллагуудаар хэлэлцсэний эцэст тохирох ажээ. УИХ, Сангийн яам, БНХАУ-ын Экспорт, импорт банк гээд олон шат дамжлагаар ярилцаж байж үүнийг шийдэх аж.

БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн 2003 онд хийсэн айлчлалаар олгохоор болсон 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл одоо л хэрэгжих аясаа олж буйгаас харвал энэ 500 сая ам.долларын зээл хэрэгжиж, зарцуулах чиглэлээ олтол удаж магадгүй л юм.

Монгол, Хятадын бизнесийн чуулганд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдыг дагалдан ирсэн 160 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөгч оролцов. Манай талаас далайд гарах боомт, гарцыг нэмэгдүүлэх саналыг Хятадын талд тавьсныг Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд дэмжихээ мэдэгдлээ. Энэ бүхэн бол ноён Вень Зябаогийн айлчлалын албан үр дүн.

Бас ялтан солилцох талаар ганцаарчилсан уулзалтуудын үеэр яригджээ. Өнгөрсөн онд нэг монгол ялтныг нааш нь буцаасан бол саяхан Болд гэдэг хүнийг Монголд нь авчирсан байна. Одоо өмнөд хөршийн шорон гяндангуудад 15 монгол хүн ял эдэлж буй ажээ. Хар тамхины наймаанд орооцолдогчид сүүлийн үед олширч байгаад талууд сэтгэл эмзэглэдгээ ярилцжээ. БНХАУ-д байнга оршин суудаг монголчуудын тоо 3600-д хүрсэн байна.

Мөнхийн гурван хөршийн наана цаана

1990-ээд оны сүүлч, 2000-д оны эхээр ОХУ-ын Байгаль нуур орчмын байгалийн хийн ордуудаас Монголын нутгаар дамжуулан БНХАУ руу хийн хоолой татах, тэндээс БНСУ, Япон руу салбарлуулах асуудал УИХ-ын төвшинд идэвхтэй яригдаж байгаад намжсан юм. БНХАУ-ын нутаг дэвсгэр, Шинжаан-Уйгарын бүс нутаг орчимд байгалийн хийн арвин ордтой тул ОХУ-аас хий дамжуулах асуудал тэгсхийгээд намжсан. Харин сая манай тал энэ асуудлыг хөндлөө. Хятадын тал ч судалж үзэхээ амласан байна.

Манай талаас өмнөд хөрш рүү төмөр зам тавих асуудал сонирхол татсан сэдвүүдийн нэг болжээ. Хэдийгээр БНХАУ нүүрсний баялаг нөөцтэй ч Монголоос коксжсон нүүрс авах сонирхол их байгаа. Монголд хөдөө аж ахуйн болон ашигт малтмалын бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэр барихыг Хятадын тал ихэд сонирхож байна. Мэдээж Хятадын тал үүнд хөрөнгө оруулна. Ажиллах хүчнээ давхар ирүүлнэ. Тэгээд давуу эрхээрээ тэдгээр бүтээгдэхүүнийг худалдаж авах сонирхол бас бий. Ураны салбарт хамтран ажиллах талаар ч ярилцсан. Манай хамгийн том худалдааны түнш орон тул энэхүү боломжоо давуу тал болгон ашиглах сонирхол БНХАУ-д байгаа.

ОХУ-ын дарга нар Монголд ирэхэд БНХАУ анхаардаг, БНХАУ-ын удирдлага Монголд айлчлахад ОХУ чих тавьдаг, ОХУ, БНХАУ-ын томчууд уулзахаараа Монголын тухай заавал ярьдаг гэдэг. Мөнхийн гурван хөршийн наана цаана энэ мэт байдал үүрд үргэлжлэх биз ээ. Сая ч БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын Монголд хийсэн айлчлал Оросын талын “гижиг”-ийг хүргэжээ. “Монголын томчууд БНХАУ-д талтайгаа илэрхийллээ” гээд л мэдээллийн хэрэгслүүдээрээ үг хаясан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүн нар наашаа ойр ойрхон ирдэг болсны шалтгаан ч энэ.

ОХУ-ын Засгийн газрын тэргүүн В.Путиний айлчлалын үеэр Монголтой ураны чиглэлд хамран ажиллахаар болсон Росатом компанийг хувийн хэвшлийнхэнтэй чөлөөтэй гэрээ  байгуулж ажиллах зөвшөөрлийг Оросын тал яг энэ өдрүүдэд өгчээ. Цаанаа нэгийг хэлээд буй хэрэг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ОХУ-д хийх айлчлал бас л ашигт малтмал, ураны асуудлаас шалтгаалан саатаж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч саяхан БНХАУ-д төрийн айлчлал хийгээд удаагүй байхад Хятадын Ерөнхий сайдын айлчлал Монголд болсон нь ОХУ-ын зүгээс үйл явдлын цааших өрнөлийг анхааран харж, шатрын өргөө тооцох шалтгаан болж таарна.

Ноён Вень Зябаогийн айлчлал БНСУ, Япон, Монгол гурвыг дамжсан нь ч учиртай. Гурван улс бүгдээрээ Монголын байгалийн баялгийг сонирхож буй. Нүүрс, уран энэ сонирхлыг нэгтгэн зангидаж байгаа нь нууц биш. Япон,  БНСУ эдгээр баялгаас хувь хүртэхдээ Монголын хоёр хөршийн нэгээр дамжуулж таарна. ОХУ юу, БНХАУ юу гэдэгт асуудлын зангилаа бий. Ямар боловч БНХАУ үүнд голлох үүрэг гүйцэтгэж чадахаа сая хийсэн айлчлалаараа харууллаа. Одоо ОХУ-ын зүгээс ямар алхам хийхийг харах л бидэнд үлдээд байна.

 Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж