МҮОНРТ үүргээ гүйцэтгэж чадаж байна уу?

Хуучирсан мэдээ: 2013.05.01-нд нийтлэгдсэн

МҮОНРТ үүргээ гүйцэтгэж чадаж байна уу?

Олон нийтийн радио, телевиз зарим хуулийг хэрхэн хэрэгжүүлж байгааг УИХ-ын гишүүд намрын чуулганы завсарлагаанаар шалгажээ. Энэхүү дүнг Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Ажлын хэсгийн дүгнэснээр Олон нийтийн радио, телевизийн эфирийн цагт өөрийн хөрөнгөөр хийдэг нэвтрүүлгийн цаг буурч, төлбөрт болон захиалгат нэвтрүүлгийн цаг нэмэгдсэн нь судалгаагаар тогтоогджээ. Тухайлбал, 2010 онд ОНРТ-ийн өөрийн хөрөнгөөр хийсэн бүтээлийн хэмжээ 84.5 хувьтай байсан бол 2011 онд 58.8 хувь болон буурсан байна. МҮОНРТ нийт 718 ажилтантай. Улсын төсвөөс 6.3 тэрбум төгрөгийн татаас авдаг, олон нийтийн эрх ашгийг хамгаалахын төлөө ажиллах үүрэгтэй байгууллага юм.

Үйл ажиллагаандаа хараат бус байх, бодит мэдээлэл хүлээж олж авах иргэний эрхийг хүндэтгэх, олон ургальч үзэл, ил тод байдлыг эрхэмлэх, улс төрийн намын эрх ашгийг бус нийт үндэсний эрх ашгийг дээдлэх үндсэн зарчмыг баримтлах ёстой.  Харин ОНРТ-ийн хуулиар хүлээсэн энэхүү үүргийн хэрэгжилт бүрэн хангалттай биш байгааг ажлын хэсгийн гишүүд дүгнэлтдээ дурджээ.

Хэлэлцүүлэг эхлэхэд хуралдаанд оролцож байсан Үндэсний зөвлөлийн дарга Л.Пүрэвдорж зарим нэг тайлбар хийсэн юм. Тэрхүү тайлбараар эфирт гарах мэдээлэл, нэвтрүүлгийг зогсоох эрх зөвхөн тухайн сэтгүүлчид бий. Тиймээс эфирээр цацагдах нэвтрүүлэгт хэн ч хөндлөнгөөс нөлөөлөх боломжгүй, хараат бус байдал жинхэнэ утгаараа хэрэгжиж байгаа гэлээ. Үүнтэй УИХ-ын нэр бүхий гишүүд санал нэгдэхгүйгээ энэ үеэр онцолж байв. Тухайлбал, УИХ-ын дэд дарга Л.Цог өөрт тохиолдсон баримтыг дэлгэлээ. Тэрээр хэдэн сарын өмнө тус телевизийн “Хариулахгүй ч байж болно” нэвтрүүлэгт оролцож эфирт гарахад бараг бэлэн болсон байж. Гэтэл түүний ярилцлагатай нэвтрүүлгийг гэнэт хасч орхижээ. 

Нэвтрүүлгийг хассан шалтгааныг дээрээс өгсөн үүргийн дагуу хийгдэж байгаа ажил гэж цаад тал нь тайлбарлажээ. Түүгээр ч зогсохгүй 3 сая төгрөг нэхсэн.

Энэ бүхэн бол хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд бүдүүлгээр халдаж байгаагийн жишээ хэмээн тэрээр бухимдав.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан телевизийн хураамж цуглуулдаг тогтолцоогоо өөрчлөх шаардлагатайг сануулаад арилжааны телевизүүд 20-30-хан хүнтэй багахан байранд цомхон бүтэцтэй үйл ажиллагаа явуулж болж байхад ОНРТ нүсэр бүтцээ цомхотгож, зардал хэмнэж болдоггүйн учрыг асуулаа. МҮОНРТ-ийн ерөнхий захирал М.Наранбаатарын хариултаар бол хураамж авах ажил хүндрэлтэй ч жилээс жилд иргэдээс хуримтлуулж буй орлого өсч байгаа аж. Телевизийн хувьд ажиллах боловсон хүчин боломжийн, арилжааны телевизүүдтэй харьцуулах шаардлагагүй гэлээ.

УИХ-ын гишүүн Су.Батболд энэ телевизэд бодит байдлыг сурвалжлахаас илүүтэй сэтгүүлчид өөрийн комментоо хийх явдал ажиглагдаж байгаа төдийгүй ОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилохдоо УИХ алдаа хийснийг шүүмжлэв. Уг нь өмнөх парламентуудын үед олонхи, цөөнхийн саналыг авч, төрийн бус байгууллагуудын төлөөллийг ижил тэнцүү зарчмаар энэ зөвлөлд оруулж ирсэн жишиг бий. Гэвч 2012 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ ОНРТ-ийн Үндэсний зөвлөлд Ардчилсан намын гишүүдээс томилсон. Мөн нийгэмд бодитой бий болсон улстөржилтийг намжаахын тулд ОНРТ чухал үүрэг гүйцэтгэх ёстой атал хэдэн популист улстөрчдийн яриа л давамгайлах болсон. Тэр дундаа Засгийн газрыг магтан дуулсан мэдээлэл олширч буйг шүүмжлэв. Мөн УИХ-ын гишүүн М.Энхболд “Долоон жилийн өмнө тус байгууллагын эрх зүйн байдлыг баталгаажуулсан хууль гаргаснаас хойш Үндэсний зөвлөлийг олонхи, цөөнхийн саналын үндсэн дээр бүрдүүлдэг байсан. Энэ утгаараа Үндэсний зөвлөл олон нийтийн гэсэн утга агуулгатайгаа нийцдэг байсан, харин одоо Үндэсний зөвлөл нэг намын төлөөллөөс бүрдсэн болохоор олон нийтийн гэдэг үгэндээ тохирохоо больсон. Түүнчлэн ОНРТ-ийн мэдээллийн тэнцвэрт байдлыг хэрхэн хангаж байгаа талаар хараат бус судалгааны байгууллагууд судалгаа хийж үзэхэд уг телевизийн нэвтрүүлэг, мэдээллийн хөтөлбөрийн 91 хувь нь Ардчилсан нам, Засгийн газрын үйл ажиллагааг сурталчилсан, дэмжсэн өнгө аястай байжээ. Тиймээс мэдээллийн тэнцвэрт байдлыг хадгалах зарчим хэрэгжихгүй байна хэмээн мэдүүлэв.

УИХ-ын гишүүн Р.Бурмаа өмнө нь ОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр ажиллаж байхдаа долоо хоног болгон тогтмол хуралдаж, ачаалалтай ажиллаж байснаа дурсаж, одоогийн Үндэсний зөвлөлийн үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн бол УИХ-ын С.Баярцогт телевизийн хураамж авдаг менежментийг өөрчлөх, HD технологид шилжих зүй ёсны шаардлага үүсч байгааг санууллаа. Хэрвээ МҮОНТ нь HD технологид шилжихгүй бол үзэгчгүй болж өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлнө. Арилжааны бүх телевизүүд дээрх технологид шилжсэнээр дүрс, дуу авианы чанарын хувьд үндэсний телевиз гологдож эхлэх тул хөрөнгө зараад орчин үетэйгээ хөл нийлүүлэх ёстой гэсэн юм. Харин УИХ-ын гишүүн Я.Содбаатар сүүлийн үед ОНРТ-ийн мэдээллийн хөтөлбөр, нэвтрүүлэг агуулга, бүтэц, тэнцвэрт байдлын хувьд эрс өөрчлөгдөж дөрвөн сарын хугацаанд Ерөнхий сайд Н.Алтанхуягтай холбоотой 17 нэвтрүүлэг гарсан, бүр цаашилбал нам дээр нь бэлтгэсэн 50 минутын нэвтрүүлгийг цацсан гэж шүүмжлэв. Эцэст нь байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар ажил сайжруулах, хуулийн хэрэгжилтийг хангах зөвлөмжийг ОНРТ-ийн менежментийн багт бус Үндэсний зөвлөлд хүргүүлэхээр тогтож хуралдаанаа өндөрлүүлсэн юм.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж