Aлбан тушаалтныг АТГ-т шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2013.05.01-нд нийтлэгдсэн

Aлбан тушаалтныг АТГ-т шилжүүлжээ

ХЗХ-ны хөрөнгийг үгүй хийсэн албан тушаалтныг АТГ-т шилжүүлжээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.

Нэг үе хадгаламж зээлийн хоршоод олноор байгуулагдсан ч 2006 оноос эхэлж дампуурсан байна. Дампуурлаас болж 20 гаруй хоршооны 8301 гишүүн 72.4 тэрбум төгрөгийн хохирол хүлээжээ. Хохирогчдын хохирлыг барагдуулахын тулд тухайн үед УИХ-аас баталсан хуулийн дагуу улсын төсвөөс 36.1 тэрбум төгрөг гаргаж хоршооны хохирогчдын хохирлыг барагдуулж байсан аж. Үлдсэн хохирлыг битүүмжилсэн хөрөнгийг зарж борлуулах зарчмаар, мөн улсын төсвөөс гаргасан хөрөнгийг битүүмжилсэн хөрөнгийг борлуулж барагдуулах замаар эргэн төлөх нөхцөлтэй байжээ. Гэвч битүүмжилсэн хөрөнгийн зарим хэсэг Цагдаагийн байгууллагаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн харьяанд шилжих шатанд үгүй болсон, мөн хөрөнгийг худалдан борлуулах явцад үнэгүйдүүлсэн, тэр байтугай ашигт малтмалын 11 лиценз алга болсон зэрэг ноцтой хэргүүд энэ явцад гарчээ. Ингэснээр үндсэндээ хохирогчдын үлдсэн хохирлыг нөхөн төлөх бололцоо хумигдсан байна. Тиймээс Засгийн газраас дээрх төслийг санаачилж, УИХ-д өргөн мэдүүлээд буй нь энэ аж. Одоогийн байдлаар үлдсэн хохирлыг нөхөн төлөхөд 20 гаруй тэрбум төгрөг шаардах гэнэ. Хууль зүйн сайдын тайлбарласнаар бол алга болсон үлдсэн үл хөдлөх хөрөнгийг олж, эргэн борлуулах замаар хохирогчдын хохирлыг барагдуулж гомдолгүй болгохыг чухалчилж байгаа аж. Учир нь одоогийн хуулиар үл хөдлөх хөрөнгө зарагдсан нөхцөлд түүнээс орж ирсэн орлогыг шууд улсын төсөвт авдаг, хэрвээ дээрх төсөл батлагдсан нөхцөлд энэ тохиолдолд орж ирсэн орлогыг хохирогчдын хохирлыг шууд барагдуулахад зарцуулах аж. 

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын дарга З.Энхболд “Өмнөх парламентын үед хадгаламж зээлийн хоршооны хохирогчдын хохирлыг барагдуулах ажил ямар шатанд явна вэ гэдгийг судлах ажлын хэсэг УИХ-аас байгуулагдан ажиллаад ноцтой зөрчлүүдийг илрүүлж, Улсын ерөнхий прокурор зэрэг газарт хандаж байсан. Үндсэндээ цагдаагаасаа эхлээд хөрөнгийн үнэлгээчин, шүүх, прокурор нийлээд хөрөнгүүдийг үгүй хийсэн байдаг. Хөрөнгө үгүй хийсэн этгээдүүдээс түүнийг буцаан авч хохирогчдыг хохиролгүй болгох ёстой гэдэг чиглэлийг ажлын хэсгээс тухайн үед гаргаж байсан. Энэ ажил ер нь ямар шатанд яваа вэ” гэдгийг тодруулсан юм.

Хууль зүйн сайдын тайлбараар бол өнгөрсөн жилийн намар хадгаламж зээлийн хоршооны хохирогчидтой Ерөнхий сайд биечлэн уулзаад Хууль зүйн яамнаас ажлын хэсэг гаргахыг үүрэг болгосон. Энэ дагуу хохирогчдыг оролцуулсан ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Тэд өнгөрсөн хугацаанд Хадгаламж зээлийн хоршоог үүсгэн байгуулагчтай уулзаж, эд хөрөнгийн жагсаалтыг дахин гаргасан. Ингэснээр шинэ баримтууд ч мөн гарч ирсэн. Гэхдээ зарим нотлох баримтыг устгасан зэрэг ноцтой асуудлууд бий. Энэ хэрэгтэй холбоотойгоор эрүү үүсгэн 27 хэргийг Авлигатай тэмцэх газарт шилжүүлжээ. Харин Авлигатай тэмцэх газрын зүгээс хэргийг нягтлаад зарим хэргийг хэрэгсэхгүй болгосноор одоо 7 хэрэг шалгагдаад явж буй аж. УИХ-ын даргын зүгээс “Хэн нэгнийг цагдан хорьж шоронд хийх нь чухал бус. Авсан хөрөнгө нь алга болчихгүй байж байгаа учраас түүнийг нь хураан авч хохирогчдын хохирлыг барагдуулах нь чухал. Ийм арга хэмжээ авдаггүйгээс хохирогчид хохирлоо барагдуулж авч чаддаггүй, гэтэл нөгөө талд нь бусдын үнэ цэнэтэй хөрөнгийг бага үнээр авсан, эс бөгөөс албан тушаалаа ашиглаж үнэгүй шахмаар хөрөнгийг авчихсан нь хариуцлага хүлээх нэрийн дор ял авсан болж завшаад өнгөрөх тохиолдол бий. Тийм учраас хохирлыг барагдуулахын тулд алга болсон хөрөнгийг олох нь чухал. Нийт 14 лиценз хураагдсанаас 11-г нь олдохгүй, гурвыг олсон. Энэ мэтчлэнгээр олох ёстой гэж байв.

УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар “Цагдаагаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газарт битүүмжилсэн хөрөнгө шилжих явцад 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө алга болсон байгаа. Тэр байтугай нийслэлийн дарга нь тушаал гаргаад, битүүмжлэлд байсан газрыг бусдад өгсөн, “Миний эх орон” нэртэй амралтын газрыг үнэлгээнээс нь 2-3 дахин өндөр үнээр худалдсан зэрэг гэмт хэргийн чанартай зүйлүүд гарсан байдаг. Мөн дампуураагүй хадгаламж зээлийн хоршооны хөрөнгийг хүчээр хурааж дампууруулсан зэрэг ноцтой үйлдлүүд гарсан тул энэ бүхнийг нарийвчилж сайн шалгаж, буруутай албан тушаалтанд хариуцлагыг ногдуулах ёстой” гэж байлаа.


Хууль зүйн сайд Х.Тэмүүжин

“Зувчуулсан хөрөнгийг буцаан олж авах чиглэлээр ажиллаж байгаа.

Шалгах явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дарга нь газар авсан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн обьект авсан зэрэг ноцтой баримтууд бий тул энэ бүхнийг эргүүлэн олж, хохирогчдын хохирлыг барагдуулах чиглэлээр ажиллах болно” гэлээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж