“Лондон 2012” Зуны олимпийн 30 дугаар наадамд амжилттай оролцсон тамирчид өнөөдөр ОУОХ-ны дурсгалын энгэрийн тэмдгээ хүлээн авлаа. ОУОХ-ны дурсгалын тэмдэг гардуулах ёслол өнөөдөр МҮОХ-ны байранд болов. Ёслолын ажиллагаанд МҮОХ-ны дэд Ерөнхийлөгч Ц.Дамдин, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпийн наадмын алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр, Монгол Улсын Гавьяат тамирчин, олимпийн наадмын хүрэл медальт С.Батцэцэг нар оролцлоо. Лондонгийн 30 дугаар олимпод Монголын баг түүхэн амжилт гаргаж, таван медаль хүртсэн. Уг тэмдгийг олимпийн медальт бүх тамирчин зүүдэг бөгөөд тэмдэг тус бүр нь өөрийн сериал дугаартай, давтагдашгүй байдгаараа онцлогтой юм.
Олимпийн дурсгалын тэмдэг гардуулах ёслолын үеэр Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр сэтгүүлчидтэй сэтгэгдлээ хуваалцлаа. -Юуны өмнө ОУОХ-ны энгэрийн тэмдгээ хүлээн авсанд баяр хүргэе.
-Өнөөдөр МОҮХ-ны удирдлагууд 2012 оны Лондонгийн медальтнуудыг ёс төртэйгөөр хүлээн авч, энгэрийн тэмдгийг гардууллаа. Миний хувьд сэтгэгдэл өндөр байна. Жүдо бөхийнхөө баг хамт олондоо баярлалаа гэдгээ хэлмээр байна.
-Та шигшээ багт дасгалжуулагчаар ажиллаж байгаа юу?
-АНУ-д хийсэн хагалгаа амжилттай болж, бэртэл ерөнхийдөө эдгэж байна. Нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа. Одоогоор жүдо бөхийн дасгалжуулагчаар ажиллаж байна. Удахгүй гэмтэл бэртэл бүрэн эдгэсний дараа тамирчин -дасгалжуулагч болно доо. Барилдах хүсэл их байгаа.
-Дахин барилдана гэсэн үг үү?
-Гэмтэл бэртэл бүрэн эдгэсний дараа дахин барилдах байх аа.
Б.БИЛЭГ