УИХ-ын гишүүн М.Батчимэг Ламберто Занниертэй уулзав

Хуучирсан мэдээ: 2013.05.01-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн М.Батчимэг Ламберто Занниертэй уулзав

УИХ-ын гишүүн М.Батчимэг өчигдөр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын (ЕАБХАБ) Ерөнхий нарийн бичгийн дарга Ламберто Занниертэй уулзжээ. Тэд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон байна.

Монгол Улс ЕАБХАБ-д гишүүнээр элссэн явдал манай улсын аюулгүй байдлын салбарын гадаад харилцааг тэнцвэржүүлсэн чухал алхам болсныг УИХ-ын гишүүн М.Батчимэг уулзалтын эхэнд тэмдэглэж, тус байгууллагатай цагдаа, гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагын шинэчлэл болон аюулгүй байдлын салбар дахь парламентын хяналтыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах нь чухал болохыг онцолсон байна. Түүнчлэн “Хилийн боомтын тухай хууль”-ийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлдэж буйтай холбогдуулан хилийн боомтыг бэхжүүлэх чиглэлээр хамтарсан судалгаа хийх, боловсон хүчнийг бэлтгэх, техник, арга зүйн туслалцаа авах хүсэлтэй байгаагаа мөн дурджээ.

Ноён Занниер УИХ-ын гишүүн М.Батчимэгт хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлээд дээр дурдсан чиглэлүүдээр ЕАБХАБ-ын зүгээс хамтран ажиллах сонирхол өндөр байгаагаа илэрхийлсэн байна. Тус байгууллага нь гишүүн орнуудад хил хамгаалах, цагдаагийн байгууллагын хүний нөөцийг чадавхижуулах, арга зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр арвин туршлагатай учир Монгол Улсад ч мөн адил тухайлан зориулсан хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой хэмээн онцолжээ. Түүнчлэн, монголын мэргэжилтнүүд бусад гишүүн орнуудад хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдэд оролцож, мэргэжил нэгтнүүдтэйгээ өөрсдийн туршлагыг хуваалцах нь Монгол Улсын оруулах нэгэн том хувь нэмэр байж болох юм гэсэн байна.

Ийнхүү хоёр тал цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийг нарийвчлан тодорхойлж, хэрэгжүүлэх арга замыг үргэлжлүүлэн судлахаар тохирсноор уулзалт өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж